Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ц.Балхаажав судалгааны зарим бүтээл, тэмдэглэлүүдээ холбогдох ном хэвлэлийн хамт Стратеги академид хүлээлгэн өглөө.
Улс орон, дэлхий дахины хөгжил, хүн судлал чиглэлийг түлхүү тусгасан 20 гаруй ном 40 орчим товхимол тэргүүтэй судалгааны бүтээлүүд Стратеги Академийн номын санд хадгалагдан үлдэж буй юм. Доктор, профессор Ц.Балхаажав судалгааны бүтээл, ном товхимлуудаа зарж борлуулж байгаагүй бөгөөд зөвхөн хойч үеийнхээ эрдэм мэдлэгт хөрөнгө оруулах үүднээс хэвлүүлж байсан тухайгаа энэ үеэр дурьдлаа. Тэрбээр “намын түүхийн институт бол намайг эрдэм шинжилгээний ажилд дөр оруулж, шинжлэх ухаанд хөтөлсөн оюуны их өргөө. Миний намтарын 63 жил нь академийн түүхтэй шууд болон шууд бусаар холбогддог. Тиймээс би өөрийн судалгааны бүтээлүүдийг хойч үеийнхээ судалгааны ажилд залгамж чанараар холбогдон, судалгааны ажилд нь нэмэр болох болов уу гэж бодоод бүтээлийнхээ зарим хэсгийг хадгалуулж байгаа юм” хэмээлээ. Харин Стратеги академийн зүгээс түүний олон жилийн судалгааны бүтээл, туурвил ирээдүй хойч үе хүүхэд залууст өвлөгдөн үлдэж буй юугаар ч солишгүй үнэт зүйл гэдгийг онцолсон юм. Ц.Балхаажав нь 1928 онд Завхан аймгийн Цагаанчулуут сумын нутагт төрсөн. Улс төрийн дээд сургууль, Москвагийн улсын их сургууль, Нийгмийн ухааны академийг тус тус төгссөн. Философич мэргэжлийн багш, улс төр, нийгэм хүн судлаач бөгөөд МАН-ын Төв хороонд хэлтсийн эрхлэгч, нарийн бичгийн дарга, Хүн судлалын төвд тасгийн эрхлэгч хийж байжээ. Анх Намын түүхийн институт /Стратеги академи/ 1955 онд байгуулагдах үед гал голомтыг нь асаалцаж тулгын чулууг тавилцсан манай ахмад эрдэмтэдийн нэг юм.
Т.НОМИН