Д.Сумъяабазар “Роснефть” компанийн удирдлагуудтай уулзахаар тохирчээ

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар “Роснефть” компанийн удирдлагуудтай уулзахаар тохирчээ

Д.Сумъяабазар “Роснефть” компанийн удирдлагуудтай уулзахаар тохирчээ

Засгийн газраас шатахууны хомсдол үүсч, үнэ нэмсэнтэй холбогдуулан зарим төрлийн шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Өргөн хэрэглээний буюу иргэдийн олонх нь хэрэглэдэг А-80, АИ-92 шатахууны онцгой албан татварыг тэглэж, бусад төрлийн шатахууны онцгой албан татвар болон үнэ нэмснийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан юм. Зөвхөн А-80, АИ-92 шатахууны онцгой албан татварыг тэглэснээр 2018 оны улсын төсөвт орох 68 тэрбум төгрөг дутна гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн. 

Гэхдээ Засгийн газрын гаргасан дээрх шийдвэрийг зөвхөн гал намжаасан арга гэж эдийн засагчид дүгнэж байна.  

Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнээ 100 хувь импортолдог. Тиймээс өнөөгийн хэрэгцээгээ хангахын тулд импортлогч орнуудтай хэлэлцээ хийх, дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүний нэмэгдэлд өртөхгүй байх боломжийг эрэлхийлэх ёстой. 

Эх сурвалжаас авсан мэдээллээр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нэгдүгээр сарын 29-ний өдөр ОХУ-ын “Роснефть” компанийн удирдлагуудтай Улаанбаатарт хэлэлцээрийн ширээнд суухаар болсон байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ өдрүүдэд Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа. Тэрбээр Давост ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворковичтой уулзаж, түлш  шатахууны хангамж, геологийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Ингэхдээ түлш, шатахууны хангамжийн найдвартай, тогтвортой байдлыг хангах, үнэ бууруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа шадар сайд Аркадий Дворковичод илэрхийлжээ. ОХУ-ын талаас ч энэ чиглэлээр цаашид дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байна гэж хэлсэн байна. Уулзалтын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Роснефть” компанийн удирдлагуудтай энэ сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо уулзаж, хэлэлцээ хийхээр тохиролцсон аж. Хоёр талын уулзалтаар “Роснефть” компанитай нийлүүлэлтээ бууруулахгүй, үнэ тогтвортой байлгах зэрэг асуудлыг тохиролцох бололтой. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж