Халаасны хулгайчаас сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Халаасны хулгайчаас сэрэмжлүүлж байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан орон нутгаас ирж, хэрэглээний бараа цуглуулж байгаа иргэдэд нийслэлийн цагдаагийн газраас сэрэмжлүүлэг хүргэлээ.

Иргэдийн сонор сэрэмжгүй, болгоомжгүй байдлыг ашиглаж, эд материал болон бэлэн мөнгө, бичиг баримтыг  хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг гарч болзошгүй байдлыг анхаарч, худалдааны төв, зах болон томоохон дэлгүүр, үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ сэрэмжтэй байхыг сануулж байна. Тухайлбал, өнгөрсөн хоногт нийслэлд хулгайн гэмт хэрэг найм гарсаны дотор энэ төрлийн гэмт хэрэг зонхилжээ. Жишээ татахад, Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Шөлөндөө” хоолны газрын орчимд өчигдөр Дархан-Уул аймгийн иргэн Ц явж байгаад цүнхнээсээ түрийвчээ суйлуулж 144 мянган  төгрөг, мөн банкны карт бичиг баримтаа алдсан байна. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй С үйлдсэн болохыг цагдаагийнхан илрүүлжээ.  Мөн “Нарантуул” худалдааны төвд өчигдөр 15.30 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн Э явж байгаад халааснаасаа 73 мянган төгрөгөө хэтэвчтэйгээ алджээ. Хэтэвчтэй мөнгийг нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй 30 настай Г хулгайлсан байсан аж. Эл өдөр тус худалдааны төвд 14.00 цагийн үед Архангай аймгийн Их тамир сумын иргэн Г цүнхнээсээ  гар утсаа алдсан байна. Энэ хэргийг мөн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны иргэн эрхэлсэн тодорхой ажилгүй 30 настай Г хулгайлсныг Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид үйлдэл дээр нь барьж илрүүлжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж