Асашёорюү аваргын дүү Хоширюү

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

Асашёорюү аваргын дүү Хоширюү

Асашёорюү аваргын дүү Хоширюү

Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё ирэх ням гаригт өндөрлөнө. Токио хотноо болж буй Хацү башёг ёкозүна Какүрюү М.Ананд, магэшира Точиношин нар 10 даваа, нэг унаатай тэргүүлж байна.

Сүмогийн дэвжээнд манай үндэсний бөхийн хүчтэнүүдийн хүүхдүүд болон төрөл садан олноор барилдаж байгаа. Тэдний тухай мэдээллийг хүргэе. 

Дээд зиндаанд барилдаж буй бөхчүүдээс Монгол Улсын начин, Гавьяат тамирчин Л.Эрхбаярын хүү Аравашин Э.Дөлгөөн зургаан даваа, таван унаатайгаар башёг үргэлжлүүлж байна. Араваши маэгаширагийн 4-өөс барилдаж байгаа бөгөөд 50 хувийн амжилтаа хийхэд хоёр даваа үлджээ. Тэрбээр энэ жил 32 настай.

Маэгаширагийн долоогоос барилдаж буй Чиёошома Г.Мөнхсайхан зургаан даваа, таван унаатай болжээ. Улсын арслан Б.Ганбаатарын хүү тэрбээр 2016 оны есдүгээр сарын барилдаанаас эхлэн дээд зиндаанд барилдаж эхэлсэн юм. 

Жюүрёо зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдээс Сэйро А.Өнөболд зургаан даваа, таван унаатайгаар тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдэж байна. Тэрбээр Д.Амгаа зааны хүү бөгөөд 2013 оны долдугаар сарын барилдаанаас эхлэн жюүрёод барилдсан. Сэйро энэ жил 30 настай бөгөөд Хацү башёд 50 хувийн амжилтаа үзүүлэхэд түүнд хоёр даваа дутуу байна. 

АСАШЁОРЮҮГИЙН ДҮҮ ХОШИРЮҮ

Ирэх гуравдугаар сарын башёд Асашёорюү Д.Дагвадорж их аваргын ах Д.Сугаррагчаагийн хүү С.Бямбасүрэн сүмогийн дэвжээнд анхны барилдаанаа хийж, жонокүчи буюу мэргэжлийн сүмо бөхийн хамгийн доод зиндаанд барилдана. Ингэснээр Д.Долгорсүрэн зааны ач аварга ахыгаа залгамжлан, мэргэжлийн сүмод хөл тавих нь тодорхой болж байна. 

Хоширюү хэмээх С.Бямбасүрэн өнгөрөгч долоо хоногт болсон шинэ бөхийн чансаа тогтоох барилдаанд оролцсон нь сүмо сонирхогчдын анхаарал татсан үйл явдал байлаа. Энэ барилдааны талаар тухайн үед Асашёорюү Д.Дагвадорж өөрийн сошиал хуудсандаа онцлон бичиж байсан юм. Хоширюү С.Бямбасүрэн Кокүгикан ордны дохён дээр Японы их аварга Тайхо Коокигийн зээ, сэкивакэ Такаторикигийн хүү Ная Коосүкэтэй барилдаж, ялагдсан ч ирэх башёд жонокүчид өрсөлдөхдөө давахаа амлажээ. 

Улсын начин, гавьяат тамирчин Л.Эрхбаярын хүү Аравашин Э.Дөлгөөн

Улсын арслан Б.Ганбаатарын хүү Чиёошома Г.Мөнхсайхан

Д.Амгаа зааны хүү Сэйро А.Өнөболд

Асашёорюүг залгамжлах Хоширюү С.Бямбасүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж