Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 138 нэрийн эм худалдаж байжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 138 нэрийн эм худалдаж байжээ

Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 138 нэрийн эм худалдаж байжээ

"Эм хангамжийн байгууллагад тавигдах шаардлага" сэдэвт сургалт өнөөдөр /2018.01.25/ Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хурлын танхимд болж байна. Сургалтын үеэр 2017 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас эм, эм хангамжийн байгууллагуудад хийсэн хяналт шалгалт, эмийн сангийн үйл ажиллагааны хяналт, эмийг жороор олгох асуудалд алдаа байгаа талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.


“эмийн бүртгэлд байхгүй 138 нэрийн эм зарж байжээ”

“Эмийн сангууд эмчийн жоргүйгээр эм бэлдмэлийг дураараа иргэдэд олгож байна. Хяналт шалгалтаар 400 гаруй эмийн сангийн үйл ажиллагааг шалгасан. Нэгдүгээрт, эмийн сангууд жороор олгох заалттай эмийг жоргүй болон хүчингүй жороор олгосоор байгаа зөрчил буурахгүй байна. Энэ зөрчил нь нийт эмийн сангийн 77 хувьд илэрсэн. Түүнчлэн эмийн санд хүлээн авсан жорын 95 хувь нь шаардлага хангаагүй жор байсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар 2050 он гэхэд дэлхий нийтээрээ антибиотикийн хэрэглээгүй болно гэж үзэж байгаа. Тэгэхээр бид ч бас заавал эмчийн заавраар эм хэрэглэх шаардлагатай” гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Ч.Отгонцэцэг ярилаа. 

Хяналт, шалгалтаар дараах зөрчил илэрчээ.

  • Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 138 нэрийн 13310 ширхэг эм худалдаж байсан.
  • Хаяг, шошгын зөрчилтэй 32 нэрийн 6809 ширхэг эмийг хураасан.
  • Хэрэглэх хүчинтэй хугацаа нь дууссан 350 нэрийн 11606 ширхэг эм худалдаж байсан.
  • Хадгалалтын дэглэм алдагдсан 49 нэрийн 1205 ширхэг эм худалдсан.
  • Нийт 569 нэрийн 32929 ширхэг эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнтэй холбоотой зөрчил илэрсэн. 

“даатгалтай эмийн санхүүжилтэд 2-3 сая төгрөг өгдөг”

“Эрүүл мэндийн яамны зүгээс эмийн сангийн зөвшөөрлийг замбараагүй олгож байна. Гэтэл эм зүйн талаар туршлагатай, олон жил ажилласан, мэргэжилтнүүд нь эмийн сангийн үйл ажиллагаа явуулахад санхүүгийн бэрхшээлтэй тулгадаг. Хөрөнгө, мөнгөтэй хүн бүр эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллага ажиллуулдаг болжээ. Мөн шинээр бэлтгэгдэн гарч байгаа эмч нар жороо буруу бичих тохиолдол их байна. Нөгөө талаас иргэд эмийг хэтэрхий дур мэдэн хэрэглэж, худалдан авдаг байдал хэвээрээ байгаа. Манай эмийн сан эрүүл мэндийн даатгалаар эм олгодог. Улсаас даатгалтай эмийн санхүүжилт гэж 2-3 сая төгрөг л өгдөг. Гэтэл иргэд өглөөнөөс хойш тасралтгүй дугаарлаад ирэхээр оройдоо 16:00 цаг гэхэд л эмийн санхүүжилт нь дуусчихдаг. Нэг өдөрт шүү’ гэж “Арвин тан” эмийн сангийн захирал А.Оюунцэцэг бидэнд ярилаа. 

2017 оны хувьд жороор эм олгох байдал өмнөх оны үзүүлэлтээс 12 хувиар буурсан дүнтэй гарчээ. Мөн эмийн санд худалдаалж буй 17 нэрийн эмээс дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулахад зургаан нэр төрлийн буюу 35 хувь нь чанарын шаардлага хангахгүй дүнтэй гарсан байна. 

А.Сүрэн

Гэрэл зургийг Ц.Ариунболд
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж