Сайд асан З.Баянсэлэнгээс байцаалт, мэдүүлэг авчээ

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

Сайд асан З.Баянсэлэнгээс байцаалт, мэдүүлэг авчээ

Сайд асан З.Баянсэлэнгээс байцаалт, мэдүүлэг авчээ

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас зохион байгуулдаг сар бүрийн ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр болов. 

АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү, АТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар мэдээлэл хийж,  2017 оны нэгдүгээр сард авлигын эсрэг хууль тогтоомжийн эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү

АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс нэгдүгээр сард гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээллийг шалгаж ажиллажээ. Эдгээрээс 32-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн ба шийдвэрлэлт нь 83.7 хувьтай байна гэлээ. Мөн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зорчилтэй холбоотой 51 өргөдөл гомдлыг ирснийг хянан шийдвэрлэжээ. 

Хөрөнгө, орлогын мэдүүлгийн явцын мэдээг танилцуулбал www.meduuleg.iaac.mn цахим системд өнөөдрийн байдлаар нийт 10.200 орчим мэдүүлэг гаргагч мэдүүлгээ мэдүүлж, баталгаажуулсан ба энэ нь явц улсын хэмжээнд 29.2 хувьтай байгаа үзүүлэлт аж. 


Эхнэрийнхээ амралтын газарт засвар хийлгэж, 
109 сая төгрөгийн хохирол учруулжээ 

Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж Батсуурь, Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан А.Цолмон, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Э.Пүрэвжав, Батлан хамгаалах яамны Төрийн марийн бичгийн дарга асан, хурандаа Б.Батсайхан, Баянгол дүүргийн татварын байцаагч А.Энхтүвшин, Хан-Уул дүүргийн татварын байцаагч Н.Пүрэвдорж нарын төрийн алба хашиж байсан хүмүүст холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар харьяа прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар энэ үеэр мэдээллээ. 

Эдгээр хэргүүд нь байгалийн ховор ургамал экспортлох зөвшөөрөл олгохын тулд бусдаас 65 сая төгрөгийн хээл хахууль авсан, хууль бус захирамжаар газар олгосны улмаас улсад 49 сая төгрөгийн хохирол учруулсан, төрсөн эгчийнхээ аж ахуйн нэгжтэй өндөр үнэтэй түрээсийн гэрээ байгуулж, давуу байдал бий болгосон, эхнэрийнхээ эзэмшлийн амралтын газарт засвар хийлгэж, улсад 109 сая төгрөгийн хохирол учруулсан, шалгалтаар очсон мэргэжлийн хяналтын байцаагчид хахууль өгсөн зэрэг үйлдэл, холбогдолтой эрүүгийн хэргүүд байгаа аж. 


АТГ-ын мөрдөн шалгах ажлын
ачаалал 3.7-8.3 дахин нэмэгджээ 

АТГ-ын Хяналт шалгалтын албанаас хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн Эрчим хүчний яамны ахлах мэргэжилтэн, Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга, хэлтсийн дарга, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга, мэргэжилтэн нарын нийт зургаан албан тушаалтанд хуульд заасны дагуу сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах, ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаад байгаа аж. 

Хуульд заасан харьяаллын 254 холбогдогчтой, 219 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн хэргээс 14-ийг нь шүүхэд шилжүүлэх саналтай, 14-ийг нь хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 189 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөрдөн шалгасан хэргийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 138-аар буюу 2,6 дахин, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 8.3 хувиар, одоо шалгагдаж байгаа хэргийн тоо 3,7 дахин өсчээ.

Эндээс харахад АТГ-ын мөрдөн шалгах ажлын ачаалал 3.7-8.3 дахин нэмэгдсэн байна.


АТГ Д.Гантулга гишүүнээс байцаалт авчээ

АТГ-аас өгсөн мэдээллээр УИХ-ын хоёр гишүүнд холбогдох асуудлыг тус газар шалгаж байгаа аж. УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд АТГ түүнээс байцаалт авчээ. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Төрийн ордонд болсон МАХН-ын хуралтай холбогдуулан шалгаж, асуудлыг прокурорт шилжүүлсэн байна. 

АТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан комиссар Т.Мөнхтунгалагийн ярьснаар Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Д.Батбаярын асуудал дээр нэмж шалгах хэрэг гарч ирсэн тул мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Тэрбээр мөн "МХЕГ-ын газар болон хэлтсийн дарга, байцаагч нарт холбогдох хэргийг шалгах явц дуусч байгаа байгаа. Ойрын хугацаанд прокурорт шилжүүлнэ" гэлээ. 

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ сайдаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хамгаалал бүхий этгээд болох эгч дүү, нөхрийнхөө дүү нарыг түрээсийн орон сууцанд оруулсан асуудлыг АТГ шалгаж байгаа аж. Түүнийг бусдад давуу байдал олгосон эсэхийг тогтоох зорилгоор байцаалт, мэдүүлэг авсан байна.

"Сошиолоор түрээсийн орон сууцанд амьдарч буй иргэдийг дуудаж байцаасан гэх мэдээлэл тарсан. Энэ бол нэр бүхий хүмүүсийн зохион байгуулалттайгаар АТГ-ын үйл ажиллагааг саармагжуулах гэсэн оролдлого гэж АТГ үзэж байна. З.Баянсэлэнгэ гишүүнд хамаатай асуудалтай холбогдуулан хэлэхэд, түрээсийн орон сууцны бүх оршин суугчийг байцаах зүйл байхгүй" гэж АТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан комиссар Т.Мөнхтунгалаг мэдээллээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж