"Бүртгэл 100 хувь онлайн болсон тохиолдолд хүн бүрийн гар утас ТҮЦ машин болно"

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

"Бүртгэл 100 хувь онлайн болсон тохиолдолд хүн бүрийн гар утас ТҮЦ машин болно"

"Бүртгэл 100 хувь онлайн болсон тохиолдолд хүн бүрийн гар утас ТҮЦ машин болно"

УИХ-ын чуулганаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тогтоолын төслийг дэмжлээ. 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү тогтоолд БНХАУ-ын талаас Консулын газар байгуулахад зориулж, газар олгох хүсэлт тавьсныг тусгажээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Хятадын Консулын газар барихад зориулж 2 га газар ашиглуулах асуудлыг тусгасан ба уг газрыг 70 жилийн хугацаатай ашиглахаар заажээ. 

УИХ-ын чуулганы хуралдаанаар одоо Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж эхлээд байна. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан, асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ:

-Энэ хууль гарснаар иргэн хоорондоо биш иргэдийн өмнөөс дата систем ажилладаг байхад хуулийн төсөл чиглэх ёстой. 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД Б.ЭНХБАЯР:

-Сүүлийн гурван жилийн дотор 177 мянган лавлагаа олгосон. Энэ мэдээллийг онлайнаар өгдөг болно. Өөрөөр хэлбэл, дээрх 177 мянган иргэн бүртгэлийн төв дээр ирэх шаардлагагүй болно. Мөн таван төрлийн бичиг баримтын хуулбарыг шаардахгүй болох юм. Үүнд, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг багтаж байгаа. 

УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:

-Хуучин хууль нь яагаад болохгүй байгаа юм бэ. Нэг нам гарч ирэхээрээ л хууль өөрчлөөд, ард түмнээр тоглоод байх юм. Одоо шинэ хууль гарахаар гэрчилгээнүүдийг дахиуд солих уу. Эсвэл Улсын бүртгэлийн харьяа газрууд солигдох уу. Хэний бизнес яваад байна вэ? 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД Б.ЭНХБАЯР:

-Багц хуулийг яагаад 2009 оноос хойш шинэчлэн найруулах болов гэдэг нь практик шалтгаантай холбоотой. Л.Мөнхбаатар дарга 2008 оноос эхлээд цаасан бүртгэлийг онлайн тогтолцоо руу шилжүүлэх суурь ажлыг хийсэн. Одоо бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байгаа. Бүртгэл 100 хувь онлайн болсон тохиолдолд хүн бүрийн гар утас ТҮЦ машин болно гэсэн үг. Ингэснээр иргэд лавлагаа авах асуудал нээлттэй болно. Үүнтэй холбоотойгоор зардал нэмэгдэх асуудал байхгүй. Эсрэгээрээ буурна. 

УИХ-ЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ:

-Сүртэй зардал нэмэгдээд байх юм байхгүй. Иргэний үнэмлэх 2002 онд шинэчлэгдсэн. Гадаад паспортын тухайд 2015 оноос загварыг нь өөрчлөх шийдвэр гарсан. Гадаадад ихээхэн хэмжээний бэлдэц хэвлүүлэх гээд мөнгийг нь төлчихсөн байгаа. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Т.НОМИН  
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж