Азийн гоо үзэсгэлэн Ванкуверийг байлдан дагуулав

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

Азийн гоо үзэсгэлэн Ванкуверийг байлдан дагуулав

Азийн гоо үзэсгэлэн Ванкуверийг байлдан дагуулав

Өвлийн олимпийн тоглолт дуусч байна. Олон сайхан үйл явдал түүх болон үлдэв. Тэдний нэг Азийн үзэсгэлэнт тамирчдыг дурдахгүй өнгөрч болохгүй биз. Ванкуверийн уран гулгалтын сүүлчийн алтан медалийг Өмнөд Солонгосын Ким Ён А авсан. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан тоглолтод түүнтэй эн зэрэгцэх хүн байгаагүйг батлан шүүгчид 19 настай уран гулгагчийг 228,56 оноогоор үнэлэв. Олимпийн шинэ аварга мөнгөн медальт япон бүсгүй Мао Асадагаас 23,01 оноогоор илүү байв. Гуравдугаар байрны хүрэл медалийг канад бүсгүй Жанни Рошед хүртэв.

Багийн ялалт:

Шодолтоор лидерүүд бие биеийнхээ эсрэг гарч тоглоцгоолоо. Эхлээд өөрийн хөтөлбөрийг Ким Ёи А үзүүлэв. Анхны өдрийнх шигээ л өөрийн давуу гэдэгт тэр эргэлзээ гаргасангүй. Гурвал лутц+гурвал тулуп, хос аксель+ гурвал тулуп  гээд цуврал үсрэлт, эргэлтээ тэрээр итгэлтэй, алдаагүй, гоё хийлээ. Брайан Орсерийн шавь нь бүх элементүүддээ мэдэгдэхүйц давуу нэмэгдэл үнэлгээ авлаа. Эргүүлэг, эргэлтүүд нь дөрөв дэх төвшний гүйцэтгэлийн дээд оноогоор үнэлэгдлээ. Нэг үгээр Ким Ён Агийн гулгалтыг техник, жүжиглэлт, , дэглэлт, аялгаараа үлгэр жишээ гээд хэлэхэд  хилсдүүлэхгүй. Энэ бүсгүй уран гулгагчийн авьяасаар байгалаас заяагдсан ажээ. Гэсэн ч түүний амжилтын төлөө  өндөр ангиллын мэргэжилтнүүдийн бүхэл бүтэн баг ажиллаж байна. Ким Ён А эрэгтэйчүүдийн уран гулгалтын олимпийн мөнгөн медальтан байсан Брайан Орсерын удирдлага дор Канадад бэлтгэлээ хийдэг. Түүнтэй эргэлт, алхааны замууд болон бүжиг дэглэлтийн мэргэжилтнүүд тусгайлан хичээллэдэг. Мэргэжилтнүүдийн багийн ажилтай уран гулгагчийн авьяас болон уран гулгалтад зохицсон биеийн хэлбэр галбир нь нийлэхээрээ дээд зэргийн үзүүлэлтэд хүргэдэг нь нууц биш.

Дорно тийшлэх хазайлт:

Үзэгчид солонгос бүсгүйг зогсоогоороо  дэмжин үдлээ. Шүтэн бишрэгчдийнх нь дуу шуугиан, алга ташилтын дор гарч ирсэн өрсөлдөгч Мао Асадад ямар хүнд, дарамттай байсныг ярих ч хэрэггүй биз. Хөтөлбөрийнхөө эхэнд Японы уран гулгагч гурав хагас эргэлттэй акселийг дараалан түүнийгээ хослол тулуптай хамтруулан хийв. Тийм бэрх үсрэлтийн элементүүдийг дараалахад биеийн хүчнээс гадна төвлөрөл их чухал. Үүний дараа бага зэргийн бууралт ажиглагдаж үл ялих хэдэн алдаа гаргалаа. Гэхдээ тэр нь ялагдал биш байв. Солонгос бүсгүйд Асада 23 оноогоор ялагдсан юм. Асадагийн хөтөлбөрийн бүтцийг шүүгчид Кимийнхээс доогуур үнэлсэн юм. Харин эмэгтэй уран гулгагчдад гурвал аксель гэх элементийн үнэлгээ эрэгтэйчүүдийн дөрвөл үсрэлт шиг л үнэ цэнэтэй болох биз.

Хүрэл медалийн онцын асуудалгүйгээр канад бүсгүй Жанни Рошет авлаа. Тэрээр дөрөвт орсон япон гаралтай америк бүсгүйгээс 12 гаруй оноогоор давуутай байв. Мирай Нагасу гэх Америкийн япон үндсэн хөтөлбөрөө алдаагүй хийж зургаагаас дөрөвдүгээрт б орсон юм. Тавд нь Мики Андо оржээ. Эцсийн дүнд нь эмэгтэйчүүдийн уран гулгалтын эхний тавд дөрвөн ази бүсгүйчүүд багтав. Спортын энэ төрлөөр Азийн эмэгтэйчүүд хоёр дахь олимпод дараалан тэргүүллээ.

Ш.Самбуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж