У.Хүрэлсүх: Улсаа сэхээнээс гаргах 880 хоног байна

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Улсаа сэхээнээс гаргах 880 хоног байна

У.Хүрэлсүх: Улсаа сэхээнээс гаргах 880 хоног байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2018.01.25/ бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад 300 орчим төлөөлөгчид оролцож, сонирхсон асуултдаа хариулт авч, ярилцав. Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Бизнес уулзалт”-ыг цувралаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн зочноор Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсон юм. Ерөнхий  сайд У.Хүрэлсүхтэй хамт Сангийн сайд, Эрчим хүчний сайд болон бусад холбогдох албаныхан өнөөдрийн уулзалтад оролцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд үг хэлсэн юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-Өнгөрсөн 2017 оныг Монголын хүн  ам 3,2 саяд хүрсэн, малын тоо толгой өссөн, эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа гээд олон нэмэх үзүүлэлттэй үдлээ. Монголчуудын амьдрал ямар байх нь биднээс шалтгаална.  2016 онд эдийн засаг маш хүнд байсан. Монголын эдийн засагт сэхээнд байсныг 2017 нь энгийн тасагт шилжүүлсэн. Үүний үр дүн 2018 оны нэгдүгээр сард  “Чингис” бондын өрөө төлж чадлаа. Дэлхийн зах зээл дээр хоёр ч бондыг амжилттай гаргалаа.  Дэлхийн банк болон Сангийн яамнаас гаргасан судалгаа 2018 онд Монголын эдийн засгийн өсөлттэй гарна гэсэн тооцоо харуулж байгаа. 

Эдийн засгаа сайжруулах, улсаа сэхээнээс гаргаж, ажилд нь оруулах 880 хоног надад байна. Энэ хугацаанд улс орныхоо хөгжил дэвшлийн суурийг тавьж чадна гэж бодож байна. Санхүүгийн сахилга батгүй, хөрөнгө оруулагчдад ээлгүй, итгэлийг нь алдсан, бизнес эрхлэгчдээ дэмждэггүй, том бодлогоо харж чадахгүй байгаа нь бидний том зовлон байсан. Энэ замаас гарахын тулд арга замыг нь хайн олж, шалтгааныг нь засах ёстой. Бид тэр шалтгааныг олсон, хийх аргаа олсон. Одоо бид иргэндээ чиглэсэн л бодлого явуулах ёстой. Хий хоосон зам тавьж, барилга барихгүй. Монгол хүний төлөө л Монголын төр ажиллах ёстой. Монгол Улсын Засгийн газар эрүүл хүнс, эрчим хүч, дэд бүтэц, нефтийн бүтээгдэхүүнээ дотооддоо хангах зэрэг тодорхой ажлуудыг зорилго болгон ажиллаж байна.

————————————————————————————————————-

Бизнес эрхлэгчдийн зүгээс Ерөнхий сайдад хандан 100 гаруй санал бичгээр ирүүлсэн байна. Бизнес эрхлэгчдийн зүгээс жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихдээ зөв, ирээдүйд хэрэг болохуйц салбарыг дэмжих шаардлагатайг онцлоод, оёдол, мужаан зэрэг салбарыг хөгжүүлснээр хэдэн ажлын байр бий болж, эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг асууж байлаа.Мөн эдийн засагт богино, урт, дунд хугацаанд өгөөжөө өгөх төслүүддээ хөрөнгө оруулалтаа өгөх нь чухал гэсэн санал хэлж байв. Бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих, татварын бодлогыг зөөллөх зарим заалтуудыг  хэрэгжүүлэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа хүн ч байв. Ерөнхий сайдыг үг хэлсний дараа бизнес эрхлэгчдийн төлөөлөл саналаа илэрхийлж, уулзалт асуулт, хариулт хэлбэрээр үргэлжилсэн юм.

Сэлэнгэ аймгийн чөлөөт бүст үйл ажиллагаа эрхлэгч

-Би Сэлэнгэ аймгийн чөлөөт бүсэд Казахстанаас чихэр оруулж ирдэг. Чөлөөт бүсийн тухай хуулиар гурван сая хүртлэх төгрөгийн бараа импортлоход татвар төлдөггүй. Энэ хууль амьдрал дээр хэрэгждэггүй. Тиймээс татварын бодлогоо зөөлрүүлэх, зарим төрлийн татварын тухай хуулиудаа амьдралд хэрэгжүүлдэг болоход онцгой анхаарч өгөөч ээ гэсэн санал хэлмээр байна. 

Фермер н.Баттөгс:

-Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэл барьж байна. Саяхан нийслэлээс фермерүүдийг хотоос гаргах шийдвэр гаргасан. Энэ салбараа хөгжүүлнэ гэж ярьдаг хэдий ч фермерүүдээ хотоос холдуулчихвал цаашид хаана ажиллах вэ? Засгийн газар том бизнес эрхлэгчид рүү чиглэж ажиллах гэж байна уу, эсвэл жижиг, дунд бизнес эрхлэгчид болон дунд орлоготой аж ахуй нэгжүүдээ дэмжих гэж байна уу? Газар тариалангийн бүсийг дагаж фермерийн аж ахуй хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Бизнес эрхлэгчдийн төлөөлөл бид олон зүйл ярьдаггүй. Төр бизнесийн орчныг сайжруулж өгөх хүсэлт тавих хэмжээнд нь хандаж ирсэн.

Ерөнхий сайдтай уулзахаар ирсэн бизнес эрхлэгчид энэ мэтчилэн хөдөө аж ахуй, инноваци, технологийн чиглэлийн салбарыг хөгжүүлэх тодорхой дэмжлэг хэрэгтэйг онцолж байв. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улстөржиж, бизнес хийхээс илүү шинжлэх ухаанч байдлаар хандахыг зөвлөж байлаа. Мөн дагуул хот бий болгох асуудлыг дэмжиж байгаа талаараа нилээн яриа өрнүүлсэн юм.

Ш.ЧИМЭГ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж