“Ганган Төгс”-ийн хөгжим тансаг байх ёстой

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

“Ганган Төгс”-ийн хөгжим тансаг байх ёстой

“Кино код”-ын хөгжмийн зохиолчийн эрэл үргэлжилсээр…Гитарчин Өөжгий /Д.Өлзий-Орших/ энэ удаа бидний эрэлд таарлаа. Рок, попын тайзнаа амилуулсан олон шилдэг бүтээлийн эзэн, авьяаслаг хөгжмийн зохиолч, гитарчин Өөжгий “Хайр харуусал”, “Татар ажиллагаа” гээд хэд хэдэн дэлгэцийн бүтээлийн хөгжмийн зохиолчоор ажиллажээ. Ингээд “Кино код”-д зочилсон түүний сэтгэгдлийг хүргэе.

-Юуны өмнө таниас “Кино код” нэвтрүүлгийг үзэж байгаа эсэхийг сонирхмоор байна?

-Үзэлгүй яахав. Хэд хэдэн дугаар үзсэн. Миний бодлоор “Ганган” Төгсийн дүрд драмын жүжигчин П.Баттөр /”Тусгай салаа” киноны Түвшингийн дүрээр үзэгчид түүнийг сайн мэднэ/ илүү тохирох юм шиг санагдсан. Шилийн сайн эр гэхээрээ заавал хоёр, гурван метр өндөртэй байх албагүй. Жишээ нь, Торой банди бол намхан хүн байсан гэдэг. Ер нь “Ганган” Төгсийг Монголоос л олох хэрэгтэй. Тэрнээс Буриад юм уу, Өвөр-Монголоос бол олдохгүй шүү дээ. 

-Та хувьдаа монгол киноны хөгжмийг юу гэж дүгнэдэг вэ. Орчин үеийн кино урлагийн хөгжмийн талаар шүү дээ?

-Кино бол өөрөө амьд хүмүүс тоглож, амьд орчин бүрдүүлдэг урлаг. Тиймээс ч амьд оркестор тоглох нь зөв гэж боддог. Монголын хувьд бол тийм нөхцөл хараахан бүрдээгүй ч манайд сайн хөгжимчид байна. Жишээ нь, Бээжингийн “Бүх хятадын кино студи”-д ороход оркесторууд нь зааландаа cууж байдаг. Кино эхэллээ, удирдаач тэр үед киноны өрнөлд нь тааруулж синхроноо өгч байх жишээтэй. “Хайр харуусал”, “Татар ажиллагаа” кинонууд дээр би амьд хөгжмөөр тоглохыг чадах чинээгээрээ хичээсэн. Үнэнийг хэлэхэд, би хувьдаа 1980 оноос хойшхи киноны хөгжмийг тийм ч сайн хөгжим болоогүй гэж боддог. Миний бодлоор киноны хөгжмийн хамгийн шилдэг зохиолч бол Л.Мөрдорж гуай юм. “Энэ хүүхнүүд үү” киноны аялгуу ямар гайхалтай гээч. Жазз, сонгодог гэхчилэн бүх жанрууд энэ киноны хөгжимд байдаг. “Ардын элч” киноны Дарьбазарыг зугтах хэсэгт явдаг хөгжим бол үнэхээр сонгодог. Тэр ая одоогийн амьд хөгжим сонирхогчдын хамгийн дуртай хөгжмийн ритм нь болчихсон байна гээд бод доо. Гэтэл сүүлийн үеийн хөгжим бүгд минор болчихсон. Маш уйтгартай гэх үү дээ.

-Тэгвэл ямар байгаасай гэж?

-Соёлоос хоцрохгүй, гэхдээ Монгол гэдгээ харуулах ёстой. Дуугаралтаараа өөр байхаас гадна үндэсний хөгжим, морин хуур ч юм уу эгшиглээд л, цаана нь симфони тоглож байдаг бол шал өөр сонсогдоно.  

-“Харанга”-ын Х.Лхагвасүрэнгийн дуулсан “Хайр харуусал” киноны дууг та хөгжмийг зохиож, бас шүлгийг нь өөрөө бичсэн. Зарим хүмүүс дуу нь киноноосоо сайн болсон гэж ч ярьдаг юм билээ?

-Чамдаа би хайртай гэж хэллүү
Чамаасаа өөр хэнд ч ингэж хэлээгүй
Чамайг байхад зүрх баяраар дүүрч
Чиний эзгүйд сэтгэл гунигладаг
Чамайгаа би хайраа гэж дуудлуу
Чамаасаа өөр хэнийг ч ингэж дуудаагүй
Чамайг уйлахад зүрхэнд бороо ордог юм
Чиний инээдэнд сэтгэлд нар гийдэг юм
Чамдаа би баяртай гэж хэллүү
Чамаас эсвэл чимээгүйхэн явсан уу
Чамгүй өдрүүд цаашаа хөвөрлөө ч
Чиний зүрхэнд хайраа үлдээе дээ.

Энэ дуунд гардаг “хайртай гэж хэллүү, хайраа гэж дуудлуу, баяртай гэж хэллүү” гэсэн үгнүүдийн шалтгаан нь хүнд хайртай гэж хэлэхээсээ өмнө хариуцлагаа сайн ухаарч, ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг сайтар бодох хэрэгтэй гэсэн санааг илэрхийлээсэй гэж хүссэн. Үг, ая нь нийцтэй, дажгүй уран бүтээл болсон гэж боддог. Дуучин нь ч сайн дуулсан шүү дээ.

-Та дахин киноны хөгжим дээр ажиллах талаар бодож байгаа юу? Хэрвээ “Ганган” Төгсийн тухай киноны хөгжмийн зохиолчоор ажиллах боломж таньд гарч ирвэл хэрхэн хүлээж авах бол?

-Байж болох л зүйл шүү дээ. Хэрвээ “Ганган” Төгсийн тухай киноны хөгжим бичих болвол надад нэг санаа байна. Жишээ нь, Хятад киноны үндсэн хөгжим симфони байдаг хэрнээ сайн сонсвол ард нь дан уртын дуу, морин хуур яваад байдаг байхгүй юу. Тэрийг сонсоод миний дургүй хүрсэн. Тийм болохоор “Ганган” Төгсийн тухай кинонд Монгол үндэсний бүх хөгжмийг орчин үеийн поп дуугаралттай оркесторт аялгууг нь гаргаж дуугаргавал илүү тансаг гоё болох юм шиг санагдаж байна. “Ганган” Төгс чинь Говь-Алтай аймгийн хүн байсан… Тийм болохоор говь нутгийн аялгуу болох “Шалзат баахан шарга” хөгжимд суурилаад орчин үеийн хэмнэлд оруулан бичвэл тохирох юм шиг санагдсан. Манайхан “Өмнөд Солонгосын соёлын өдрүүд”-д оролцохдоо Л.Мөрдорж гуайн “Сүмбээ холын замд” хөгжмийг морин хуурын чуулгаар тоглуулаад ард нь цахилгаан хөгжимөөр тоглож байлаа. Тэгэхэд дуугаралт нь үнэхээр гайхалтай сонсогдож байсан. Сонгодогоос илүү поп хөгжим урлагийн магнайд гараад ирлээ шүү дээ. Гэтэл манайхан өнгөрсөн үеэрээ л сэтгээд, дэлхийн хөгжмийн ертөнцтэй хөл нийлүүлж чадахгүй байна. Ер нь цаг үеэ дагаад хамелион шиг байх хэрэгтэй. Кино өөрөө үе үедээ п байдаг. Жишээ нь, “Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг”, “Хурга майлахаа болино” гэсэн агуу киноны хөгжим л үлдэж хоцордог болохоос хурдацтай гарч ирээд алга болдог киноны хөгжмийг бол үзэгчдийн сонирхолд тааруулан туурвих хэрэгтэй.

-Таны ярианаас өөрийг чинь киноны хөгжмийг нэлээд сайн анхаарч сонсдог, маш сайн мэдэрдэг юм байна гэж ойлголоо?

-Хөгжим бол хөгжим шүү дээ. Тэгээд ч “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино“ гэж В.И.Ленин хэлсэн байдаг биз дээ. Кино бол тухайн улс үндэстэнг дэлхийд таниулах асар том сурталчилгааны хэрэгсэл. Би анх кино үзээд уйлж байлаа. “Намрын домог” киноны гол дүрийн залуу нутгаа орхиод долоон жилийн дараа эргэж ирдэг тэр хэсгийн морьдын төвөргөөний шум, тэр гайхамшигт аялгууг сонсоод өөрийн эрхгүй нулимс цийлэгнэсэн. Зураг авалт, хөгжим гээд бүх зүйл нь үнэхээр гайхалтай зохицсон бүтээл байсан. Бас “Хатан зоригтон” байна. Энэ кинонд эгшиглэдэг шотланд бишгүүр ямар гоё гээч. Энэ кинонуудын хөгжим бол одоогийн киноны хөгжмийн классик загвар юм. Үүнтэй адил Л.Мөрдорж гуайн бичсэн киноны хөгжмүүд бүтээлтэйгээ зохицсон, жинхэнэ сор хөгжмүүд болж чаддаг. Ялангуяа “Сүмбээ холын замд” хөгжим бол Монголын бахархал юм шүү.

-Бидний урилгыг хүлээн авч, ярилцсан танд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж