Олимп өнжих Оросын шилдгүүд

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Олимп өнжих Оросын шилдгүүд

Олимп өнжих Оросын шилдгүүд

Пёнчаны цас, мөсөн замд олимпийн ширүүн өрсөлдөөн эхлэхэд ердөө хоёр долоо хоногийн хугацаа үлджээ. Дэлхийн халуун цэг болсон Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжааж, Хойд Солонгосын дэглэм өргөн бүрэлдэхүүнтэй багаа олимпод илгээх болов. Олимпийн эрхээ авч чадаагүй тамирчид нь ОУОХ-ны урилгаар шууд оролцох гэж байгаа. Тасалбарын борлуулалт тааруу, дэлхий нийтээрээ олимпийн үеэрх аюулгүй байдалд санаа зовинож байгаа гээд олимп тойрсон дуулиан ганц нэгээр зогсохгүй.

Тэднээс ч дутахгүй спорт сонирхогчдын анхаарлыг татаж, басхүү сэтгэл гонсойлгосон мэдээ бол хэзээнээс алдартай ОХУ-ын хүчирхэг баг Пёнчаны олимпод “оролцохгүй” болсон явдал. Сочийн олимпоос эхтэй допингийн дуулиан томорсоор эцэстээ Оросын зарим тамирчин бүх насаараа олимпод оролцох эрхээ хасуулж, ОУОХ-ноос тус улсын тамирчдыг эх орноо төлөөлж бус, харин “Оросын олимпийн тамирчид” нэрийн дор, ОУОХ-ны тугийн дор жагсахыг зөвшөөрсөн юм. Ингэхдээ ОУОХ-ноос Пёнчаны олимпод оролцох Оросын тамирчдыг допингоос ангид, “цэвэр” гэдгээ батлах шаардлага тавьсан.

ОХУ-ын олимпийн хорооноос өвлийн олимпод өрсөлдөх 500 тамирчны нэрийг ОУОХ-нд илгээсэн ч 111 тамирчны нэр хасагдаж, 389 тамирчныг зөвшөөрсөн хариу илгээжээ. Энэ тухай Оросын олимпийн хорооны дэд ерөнхийлөгч албан ёсоор мэдэгдсэн юм. Хасагдсан тамирчдын дунд Виктор Ан, Антон Шипулин, Сергей Устюгов, Ксения Столбова гээд олимп, дэлхийн аваргууд багтжээ.


СЕРГЕЙ УСТЮГОВ /цанын уралдаан/

Оросоос төрсөн олимпийн аварга Александр Легков, Никита Крюков тэргүүтэй цанын хэд хэдэн тамирчин допинг хэрэглэсэн үндэслэлээр бүх насаараа олимпод өрсөлдөх эрхээ хасуулсны дараа олимпийн найдвар Сергей Устюговт ирсэн юм. Финляндын Лахти хотноо болсон олимпийн өмнөх дэлхийн аваргаас таван медаль зүүж, хамаг шилдгүүдээ алдсан Оросын буухиа багийг ахлан 4х10 км уралдаанд мөнгөн медаль хүртсэн. Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард Тур де ски цанын уралдаанд түрүүлснээр олимпийн түрүү булаалдах хэмжээний хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулсан юм.

Гэвч Устюгов хэзээ ч допингийн асуудалд нэр холбогдоогүй боловч ОУОХ-ноос түүнийг Пёнчаны өвлийн наадамд оролцохыг зөвшөөрсөнгүй.


АНТОН ШИПУЛИН /биатлон/

Гурав дахь олимпдоо бэлтгэж байсан Оросын алдартай тамирчин Антон Шипулинг ОУОХ олимпод оролцохыг нь “таашаасангүй”. 2014 оны Сочийн олимпийн аварга Шипулин өнгөрсөн жил олон улс, дэлхийн тэмцээнээс хэд хэдэн медаль түүж, чамгүй амжилттай өнгөрүүлснээр олимпийн медалийн тавцанд гарах боломжтой тамирчдын тоонд зүй ёсоор багтаж байв.

Шипулин допинг, сэргээшийн асуудалд холбогдож байсангүй, бас алдарт МакЛарены тайланд түүний нэр дурдагдаа ч үгүй. Гэвч түүний нэр ОУОХ-ноос олимпод оролцохыг зөвшөөрсөн тамирчдын нэрсийн жагсаалтад багтсангүй. Олон улс орнууд тэрхүү жагсаалт учир дутагдалтай гэж шүүмжилсээр байна.


ВИКТОР АН /шорт-трек/

Өвлийн спорт, тэр тусмаа шорт-трекийн төрөлд хамгийн олон медальтай, хамгийн ганган тамирчин Виктор Ан өнөө жилийн олимпод оролцохгүй. БНСУ-ын иргэн хэдий ч улсынхаа Тэшүүрийн холбоотой таагүй харилцаатай байсны улмаас 2011 онд иргэншлээ сольж, ОХУ-ыг сонгосон юм. Улмаар Сочийн олимпод ОХУ-ын багийн төлөөлж, гурван алтан медаль хүртсэн билээ.

Гэвч Пёнчаны наадамд өрсөлдөх Оросын тамирчдын жагсаалтад түүний нэр багтсангүй.


АЛЕКСАНДР ТРЕТЬЯКОВ /чарга/

Оросын алдартай, авьяастай тамирчин Александр Третьяков мөн л Пёнчаны наадамд оролцохгүй. 2014 онд нутагтаа болсон олимпод эрэгтэйчүүдийн чарганы төрөлд түрүүлсэн түүнийг сэргээш хэрэглэсэн үндэслэлээр ОУОХ-ноос өнгөрсөн сард эрхийг нь хассан юм.

Түүний хамт Оросын 43 тамирчин цаашид олимпийн мөсөн замд өрсөлдөх эрхгүй болсон юм. Третьяков дотоодын болон олон улсын чанартай тэмцээнд сэргээшийн шинжилгээнд бүдэрч байсан удаагүй. Гэвч Сочийн олимпийн сэргээшийн шинжилгээний дүнг нягтлах үед Третьяковын дээж хийсэн шил зурагдсан байхыг илрүүлж, улмаар шинжилгээний дээжийг будилуулсан гэж буруутгагдсан юм.

Тэрбээр ОУОХ-ны шийдвэрийг давж заалдахаар Спортын арбитрын шүүхэд хандаад байна.


ДЕНИС ЮСКОВ /тэшүүр/

Дэлхийн гурван удаагийн аварга, Европын хошой аварга Денис Юсков бас олимпийн бүрэлдэхүүнээс хасагджээ. Өөрийгөө “цэвэр” гэдгийг хангалттай хэмжээнд баталж чадаагүй учир ОУОХ-ноос түүнийг олимпод оролцохыг хориглов.

2008 онд Юсковын шинжилгээнээс марихуан илэрснээр эрхээ хасуулж байсан удаа бий. Юсков өөрөө үүнийг няцааж, үгүйсгэсэн бөгөөд хожим дээрх шийдвэрийг цуцалсан юм. Гэвч Юсковын өнгөрсөн түүх Пёнчаны олимпийг зориход нь саад болжээ.

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж