НӨАТ: Мэдээллээ засварлаагүй иргэдэд олгосон боломж дууслаа

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

НӨАТ: Мэдээллээ засварлаагүй иргэдэд олгосон боломж дууслаа

НӨАТ: Мэдээллээ засварлаагүй иргэдэд олгосон боломж дууслаа

"News" агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ” буланг бэлтгэн хүргэдэг. Өнөөдөр Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл, технологийн төвийг онцолж, НӨАТ-ын буцаан олголт, сугалааны тохирлын өөрчлөлт зэргийн талаарх мэдээллийг тодруулан хүргэж байна. 


иргэд НӨАТ-ын буцаан олголтоо хэзээ авах вэ?

2018 оны эхний улиралд багтаан НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн дансанд шилжүүлэх ёстой. Энэ удаа нийт 77 тэрбум төгрөгийн буцаалт хийгдэх аж. НӨАТ-ийн ebarimt.mn цахим хаягт 653.800 иргэний мэдээлэл бүртгэлтэй байгаагаас 22.800 иргэний мэдээлэлд зөрчил илэрчээ. Зөрчил илэрсэн иргэдэд мессеж илгээж, алдаагаа засахыг сануулсан байна. Гэхдээ тэдгээр иргэдийн зөрчлөө арилгах хуульд заасан хугацаа дууссан тул мэдээллээ залруулаагүй хүмүүс НӨАТ-ын буцаалтаа авах боломжгүй болжээ.

Гааль татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төвийн олон нийттэй харилцах албаны менежер Б.Чинзориг

Энэ талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл, технологийн төвийн олон нийттэй харилцах албаны менежер Б.Чинзоригоос тодруулахад “Зөрчил илэрсэн иргэд рүү бид мессеж илгээж, утсаар ярьсан. Заасан хугацаанд зөрчлөө арилгасан бол НӨАТ-ын буцаалтаа авах боломжтой байсан. Бүртгэлийн мэдээллээ нэгдүгээр сарын 22-ныг хүртэлх хугацаанд засварлах боломжийг иргэдэд олгосон. Энэ хугацаа дууссан тул 2017 оны бүртгэл, тайланг Татварын ерөнхий газарт хүргүүлсэн байгаа. Тэгэхээр мэдээлээ засаагүй бол буцаалт авах боломжгүй болсон гэсэн үг. Энэ долоо хоногийн сүүлээр зөрчлөө залруулж чадсан иргэдийн тоо тодорхой болно. Мөн НӨАТ-ын буцаан олголт дансанд орох хугацаа ч тодорхой болно” гэсэн хариултыг өглөө.    

Сануулахад, Дата баазад бүртгүүлсэн иргэдийн мэдээллийг нэгдүгээр сарын 22-нд Татварын ерөнхий газарт хүргүүлсэн байна. Татварын ерөнхий газар хянаж нягтлаад цааш Сангийн яаманд танилцуулах аж. Ингээд Сангийн яам Төрийн сангаар дамжуулан татварын урамшууллыг иргэдийн данс руу шилжүүлж эхлэх ба энэ хугацаа ирэх сарын дундуур байх бололтой

урамшууллын сугалаа хязгааргүй үргэлжилнэ 

Иргэд зөвхөн НӨАТ-ын буцаан олголт авахаас гадна худалдан авалтын баримтын сугалаанд оролцож, азтан болох боломжтой байдаг. "НӨАТ-ын урамшууллын сугалаа явуулдаг хэлбэрийг өөрчилж, өөр систем хэрэгжүүлэх боломжтой эсэхийг тодруулж өгнө үү" хэмээн нэгэн уншигч манай агентлагт хандсан юм.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав

Энэ дагуу тус хуулийг санаачилсан МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавын байр суурийг сонслоо. Тэрбээр “НӨАТ-ын урамшууллын сугалаа явуулах хугацааг хязгаарлах хуулийн заалт байхгүй. Сугалаа явуулж, НӨАТ-ын буцаан олголт өгч байгаа нь хар зах зээлийг нээх зорилготой юм. Сугалааны азтанууд нэг жилд нийт 22 тэрбум төгрөг хождог. Хар зах зээлийг нээхийн тулд ийм хэмжээний өртөг гаргах нь байж болох л зүйл” гэлээ. 

аппликеЙшнээ шинэчлээрэй

Шинэ он гарснаас хойшхи хугацаанд НӨАТ-ын баримтаа бүртгүүлсэн ч гар утсан дээр харагдахгүй байх тохиолдол гарч байгаа аж. Энэ алдааны талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл, технологийн төвийн олон нийттэй харилцах албаны менежер Б.Чинзориг “Бүртгүүлсэн баримтаа компьютер дээрээс харах юм бол харагдана. Баримтын буцаан олголт нь ч бодогдоод явж байгаа. Харин зарим төрлийн гар утсан дээр бүртгүүлсэн эсэх нь харагдахгүй байгаа юм. Энэ нь тухайн хүний барьж буй гар утастай холбоотой. Тэгэхээр и-баримтын аппликейшнээ шинэчлэх /update/ ёстой. Аппликейшнээ шинэчлээд ч болохгүй бол IOS үйлдлийн системээ шинэчлэхийг зөвлөж байна. Зарим төрлийн гар утсан дээр л харагдахгүй байгаа болохоос бүртгэл, буцаан авалт бодогдоод  явж байгаа” гэв.  

Үүнээс гадна иргэд баримтаа бүртгүүлсэн ч "ААН илгээгээгүй" гэсэн хариу ирдэг. Ийм нөхцөлд та баримтаа дахин бүртгүүлвэл автоматаар баталгааждаг байна. Харин дахиж оруулахад дээрх тайлбар хэвээр байвал 1800-1288 дугаар руу залгаж, НӨАТ-ын сугалааны дугаараа хэлж, шалтгааныг тодруулах боломжтойг анхааруулъя. 

2017 онд 34 тэрбум төгрөгийн буцаан олголт хийжээ

Татварын системийн дөрвөн том хуулийг шинэчлэн найруулснаар 2016 оноос НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлсэн билээ. Иргэд 2017 оны эхний улиралд энэ хуулийн дагуу анх НӨАТ-ын буцаан олголт авсан ба 34 тэрбум төгрөгийг буцаан олголтод зарцуулсан байна. Гэвч ихэнх иргэд татварын буцаан олголт авна гэдэгт итгээгүй, мэдээлэл муу байснаас болж 120 сая баримт хаягдсан талаар хууль санаачлагч МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав ярьсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж