"Аварга могой" Гойко Митич

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

"Аварга могой" Гойко Митич

"Аварга могой" Гойко Митич

"Аварга могой" хочит, дайчин индиан эр Чингачкук. Танил сонсогдож байна уу? Гойко Митич бол зүүн Герман төдийгүй Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан зүүн Европын орнуудын үзэгчдийн хамгийн хайртай жүжигчин билээ.

Гойко Митич 1940 онд хуучин Югослав (одоогийн Серби)-ийн Лесковач тосгонд төржээ. Дэлхийн II дайны үед түүний аав партизан байсан гэдэг. Дайн түүний төрөлх тосгоноос холуур өнгөрсөн учраас тэр дайны талаар юу ч санадаггүй хэмээн ярьсан нь бий. Гойко Митичийн хувьд аав нь бүхэл амьдралынх нь турш үлгэр дуурайл болж иржээ. Аав нь  түүнд юу ч тохиолдсон өөрөө өөртөө л итгэж, найдахыг сургадаг байв. Харин ээж нь 1996 онд НАТО Бельградыг бөмбөгдөх үед нас баржээ. Гойко Митич бага насаа Лесковач тосгонд өнгөрүүлсэн ч хожим спортын дээд сургуульд сурахаар Бельградыг зорьжээ. Спортын дээд сургуульд Гойко Митич хөлбөмбөг, сагсан бөмбөг, байт харваа, жүдо бөх, боксоор хичээллэж, мөн морь унахыг сурсан гэдэг.

Жад сайн шидэж чаддаг, ан агнах хорхойтой байснаас биш Гойко Митич өөрийгөө мэргэжлийн жүжигчин болно гэж төсөөлж ч байгаагүй гэнэ. Гэхдээ кинонд маш дуртай Гойко Митич Францын нэрт жүжигчин Жан Габен, Италийн кино од Раф Валлоне, Марчелло Мастроянни, мэдээж бас Жон Уэйнийг ч шүтдэг байжээ.

Тэр үед залуучууд ковбойтой кино үзэхээр хошуурдаг байсан бөгөөд Гойко Митич Карл Мэйн зэрлэг өрнөдийн адал явдлын зохиолыг шимтэн уншиж, өөрийгөө гол баатраар төсөөлөх дуртай байв. 1960-аад онд Бельградад гадаадын олон киноны зураг авалтууд хийгджээ. Гойко тэр үед дээд сургуульдаа сурахын хажуугаар кинонд орлон тоглогчоор ажиллаж, мөнгө олдог болжээ. Түүний тоглосон анхны кино “Хатан хаан, Лэнслот хоёр” нэртэй. Уг кинонд морь унасан, хуяг дуулга агссан, хүчирхэг баатрын тухай өгүүлдэг аж. Дараа нь түүнийг “Том авгын овоохой” зохиолоос сэдэвлэсэн барууны кинонд тоглохыг урьжээ. Туслах дүр хэдий ч киноны уран бүтээлчид даржин оюутан Гойкод овоо хөлс төлсөн гэдэг.

Удалгүй зүүн  Германы Defa студи зохиолч Лизелотта Вельскопф-Генрихийн зохиолоос сэдэвлэсэн адал явдалт зургаан ангит кино бүтээхээр болжээ. Нэгэн өдөр Гойко цанаар гулгахаар явах гэж байтал утас дуугарчээ. Түүнээс Бельград дахь кино студид ирж, шинэ киноны дүрийн шалгаруултад орохыг хүссэн байна. Харин Гойко студид очиход морь унадаг эсэх, германаар хэр ярьдаг зэргийг асуужээ. Гойко сургуульдаа морь унаж сурсан учраас чадна хэмээн хариулж. Ингэж Гойко Митич өөрийг нь алдрын оргилд хүргэх эхлэлийг тавьсан “Долоон бурхан одны хөвгүүд” нэртэй кинонд тоглосон байна. Кино маш их амжилт олсон ч Гойко тэгтлээ үзэгчдийн танил болоогүй байв. Харин түүнийг хуучин ЗХУ-д очиход шүтэн бишрэгчдээс илгээсэн захидал шуудай дүүрсэн гэдэг. Түүнийг дараагийн кино зураг авалтууд Кавказ, Крымь, Самаркандад хүлээж байв. Гэвч тэр өөрийгөө од болсон гэж хэзээ ч бодож байсангүй.

“Газарчин”

Гойко Митич “Долоон бурхан одны хөвгүүд”,“Аварга могой Чингачкук”, “Хэлмэгдсэн омгийнхон”, “Цагаан чоно” зэрэг индиан омгийн дайчдын амьдрал, тэмцлийг харуулсан олон кинонд тоглосон ч Монголын үзэгчид түүний “Газарчин” кинонд илүү дуртай. Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан энэхүү киноны гол дүрүүдэд Гойко Митич, Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Батцэцэг, Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Нямсүрэн, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Гүрсэд, Монгол Улсын Гавьяат жүжигчинГ.Равдан, Ц.Раднаа нарын жүжигчид хамтран тоглосон билээ. Гойко Митич ‘Газарчин’ киноны зураг авалтын үеэр мориноос үсрэх, унах, адуу зайдан унах, морин дээрээс буудах, сум харвах, морьтойгоо ус гатлах гээд хамгийн хүнд, хэцүү зүйлсийг орлон тоглогчгүйгээр гүйцэтгэсэн гэдэг. Хожим тэрбээр Монголд авсан киноны зураг авалтыг тун сайн болсон хэмээн дурссан байдаг.

Гойко Митич 100 гаруй амь өрссөн зураг авалтад оролцож байсан ч ганц ч удаа хүнд бэртэл авч байгаагүй гэдгээ нэгэн удаа бахархан ярьсан байдаг.

Гойко Митич “Улзана” кинонд хамтран тоглосон Рената Блюметэй хайр сэтгэлийн холбоотой байсан ч тэдний харилцаа бүтээгүй юм. Рената Блюме Гойко Митичээс салснаас хоёр жилийн дараа Митичтэй “Тангарагт ахан дүүс” кинонд хамтран тоглосон Америкийн дуучин, жүжигчин Дин Ридтэй гэрлэсэн юм. Гэвч Рид Зөвлөлт систем задран унахын өмнө учир битүүлгээр нас барсан бөгөөд түүнийг тагнуулынхантай хамтран ажилладаг байсан гэж сэжиглэдэг.

Индиан нэр

Түүнийг Америкт урьсан нэгэн найз нь бөө дээр дагуулан очсон тухай Гойко дурссан нь бий. Бөө түүнээс “Чи хэн бэ?” гэж асуухад Митич жүжигчин хүн тул тоглохоор шийдэж, индиан нэр хэлжээ.

Бөө түүнд өмнө нь ямар амьтан байгааг төсөөл гэжээ. Түүнийг нүдээ анихад эгц өөдөөс нь тулгарсан чоныг олж харжээ. Харин бөө түүнд ямар нэгэн үл ойлгогдох хэлээр Мангена хэмээн шивнэсэн гэдэг. Энэ нь чоно гэсэн утгатай ажээ. Тэр үед төсөөлөлдөө харсан зүйлээ чухам юу гэдгийг Митич одоо хэр нь тайлбарлаж чаддаггүй гэсэн.

Гойко Митич одоо ч Серби болон хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнууд төдийгүй АНУ-д алдартай хэвээр. Тэрбээр телевизийн маш олон цувралд тоглохын зэрэгцээ театр, тайзны бүтээлд ч хүч сорьсоор байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж