АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2016 оны арваннэгдүгээр сард болж, тэрбумтан Дональд Трамп Нэгдсэн улсын 45 дахь төрийн тэргүүнээр сонгогдсон нь таамаглаагүй үр дүн байв. Ардчилсан намаас нэр дэвшсэн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон олон мужид ялалт байгуулсан боловч нийт саналын тоогоор ялагдал хүлээсэн юм. Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн хэдэн мянган хүн Дональд Трампыг “Миний ерөнхийлөгч биш” гэсэн лоозон барин, жагсаал хүртэл хийж, олон улсын анхаарлыг татаад байв.
Удалгүй Дональд Трамп сонгуульд ялалт байгуулахын тулд ОХУ-аас дэмжлэг авсан гэх хардлага гарч, Холбооны мөрдөх товчоо хэргийг шалгаж эхэлсэн билээ. Шалгалтын явцад ОХУ-аас хэвлэл мэдээлэл, цахим орчныг ашиглан АНУ-ын сонгогчдод хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдож, Дональд Трампад өрсөлдөгчийнх нь талаарх мэдээллийг өгсөн гэж мэдэгдсэн юм. Улмаар өнгөрсөн онд АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Оросын хэвлэл мэдээллийн компанийг “Гадаадын агент” буюу тагнуулын байгууллага гэх жагсаалтад оруулсан билээ. Москва АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн гэх хардлагыг одоо ч эрс үгүйсгэсээр байгаа.
Өдгөө АНУ-ын сонгууль дахь Оросын хөндлөнгийн нөлөөг мөрдөн шалгасан хууль хяналтынхны ажлыг нягтлахаар “Тусгай зөвлөл” байгуулагдан, ажиллаж буй. Тусгай зөвлөлөөс энэ долоо хоногийн эхээр мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан Ерөнхий прокурор Жефф Сешнсээс мэдүүлэг авчээ. Тэрбээр Дональд Трампын засаг захиргааны өндөр албан тушаалтан гэдгээрээ олны анхаарлыг татаж байгаа.
Жефф Сешнс нь ерөнхийлөгчийн эртний, үнэнч холбоотнуудын нэг юм. Тухайн үед сенатын гишүүн байсан тэрбээр 2016 оны дөрөвдүгээр сард Дональд Трампыг Вашингтон хотын Мэйфлоуэр зочид буудалд гадаад харилцааны асуудлаар илтгэл тавих үед хамт байлцжээ. Энэ үеэр ОХУ-ын Элчин сайдтай тусгайлан уулзсан байв. Хяналт шалгалт цаашид улам гүнзгийрч, ерөнхийлөгч Дональд Трампаас Оросоос дэмжлэг авсан гэх асуудлаар сонсгол хийхээр төлөвлөсөн гэж ажиглагчид үзжээ.
Дональд Трамп Холбооны мөрдөх товчооны дарга Жеймс Комейг ажлаас нь халсан нь сонгууль дахь Оросын хөндлөнгийн нөлөөг шалгах хэрэгтэй холбоотой гэж тусгай зөвлөл хардав.
Ерөнхийлөгчийн эргэн тойрны хүмүүс буюу зөвлөхүүд нь байцаагдсаны дагуу Дональд Трамп ижил асуултад бэлтгэж эхэлжээ. Үүний зэрэгцээ дөрвөн хүн Холбооны мөрдөх товчоонд худал мэдүүлэг өгсөн гэх хэргээр яллагдсаны дунд Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын дарга Пол Манафорт багтав. Ингэснээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-аас хөндлөнгөөс нөлөөлсөн гэх хардлага, шалгалт нь эцэстээ ерөнхийлөгч Дональд Трампыг огцруулахад хүргэж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
Үүний зэрэгцээ ирэх гуравдугаар сард ОХУ-д болох ерөнхийлөгчийн сонгуульд АНУ шууд хөндлөнгөөс оролцож эхэлснийг Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины улс төрийн өрсөлдөгчдийг сонгуульд нэр дэвшихийг хориглосныг АНУ буруушаан, шүүмжилсэн юм. Сөрөг хүчний идэвхтэн Алексей Навалный өмч шамшигдуулсан хэрэгт холбогдсоноос үүдэн сонгуульд нэр дэвших боломжгүй болсон. Владимир Путин зургаа дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд байна. Түүнийг ирэх гуравдугаар сард болох сонгуульд ялалт байгуулах өндөр магадлалтай гэж улс төрийн шинжээчид таамаглажээ. Владимир Путин нийтдээ 14 жил ОХУ-ын төрийн эрхийг барьсан билээ.