Сүүлийн үед шатахууны хомсдол үүсч, олон нийтийн дунд бухимдал үүсгээд байгаа. Засгийн газар өчигдөр /2018.01.23/ хуралдаж, зарим төрлийн шатахууны Онцгой албан татварыг тэглэхээр болсон. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Зарим төрлийн Онцгой албан татварыг тэглэснээр ямар үр дүн гарна гэж тооцоолж байгаа вэ?
-Засгийн газрын хуралдаанаар автобензин, дизель түлшний Онцгой албан татварын хэмжээг өөрчлөх тухай хэлэлцэж, шийдвэр гаргалаа. 2017 оны долдугаар сараас эхлээд олон улсын зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ нэг баррель нь 45 ам.доллараас 65 ам.доллар хүрч, өссөн. Судалгаанаас үзэхэд, цаашид нэг баррель нефтийн үнэ 70 ам.долларт хэлбэлзэх төлөвтэй байгаа. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах үед нэг баррель нефтийн үнэ 40 орчим ам.доллартай тэнцэж байсан. Тийм учраас өнөөдрийн олон улсын зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан, Засгийн газрын хуралдаанаар А-80, АИ-92 шатахууны Онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргалаа. Ингэснээр нийгэмд бий болоод байгаа шатахууны хомсдолтой байдал бүрэн шийдэгдэнэ гэж бодож байна.
-Бусад автобензин, дизель түлшний Онцгой албан татварыг хэвээр үлдээж байгаа гэсэн үг үү?
-Үнэ өсөх эрсдэл үүсэхгүй юу?
-Дэлхийн зах зээл дээр нүүрс, зэс, алтны үнэ өндөр байна. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үнэ өндөр байхад дизель түлшинд татаас өгөх замаар хөнгөлж болохгүй. Зах зээлийн зарчмаа баримталж явах ёстой. Үүнээс гадна А-95, А-98 шатахууныг боломжтой хүмүүс авч хэрэглэдэг. Тиймээс үүнд зах зээлийн зарчмаар татвараа оногдуулаад явах ёстой. Харин А-80, АИ-92 шатахууны Онцгой албан татварыг нэмбэл суурь үнэ нэмэгдэх эрсдэлтэй байгаа учир гадаад зах зээл дээрх савлагааг өргөн хэрэглээний бараанд нөлөөлөхөөс сэргийлж, ийм шийдвэр гаргасан.
-Татварыг тэглэснээр А-80, АИ-92 шатахууны үнэ өсөхгүй байх баталгаа бий юу?
-Бид татвараа тэглэчихлээ. Тэгэхээр олон улсын зах зээл дээрх үнэ хэрхэн хөдлөхөөс бүх зүйл шалтгаална.
-Онцгой албан татвар ногдуулах замаар төсөвт бүрдүүлэх орлого өөрчлөгдөх байх. 2018 оны төсөвт тодотгол хийнэ гэсэн үг үү?
–А-80, АИ-92 автобензинд ногдох Онцгой албан татварын хувь хэмжээг өөрчилснөөр улсын төсвөөс 68 тэрбум төгрөгийн орлого дутаж байгаа. Энэ орлогыг 2018 оны төсөвт тодотгол хийхгүйгээр бусад орлогоор нөхөх боломжтой гэж үзсэн.
-Шатахуун импортлогчдын зүгээс зарим шатахууны үнийг нэмж, зохиомол хомсдол үүсгэсэн гэж иргэд бухимдаж байгаа. Импортлогчдод ямар нэгэн арга хэмжээ авах уу?
-Үнийн зөвлөл өмнө нь хуралдаад, үнэ нэмэхгүй гэсэн шийдвэр гаргачихсан байсан. Гэсэн ч олон улсын зах зээл дээрх үнэ өсчихсөн, Онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбогдуулан үнэ нэмэгдэх хүлээлт үүсчихсэн байсан учир татан авалт дээрээ хязгаарлалт хийж, багасгасан байсан болов уу гэж дүгнэж байна. Үүнээс үүдэн хомсдол, урт дараалал үүссэн байх.
Засгийн газар шуурхай ажиллаж, шийдвэр гаргахгүй бол улам хомсдол үүсэх эрсдэл байсан учраас өргөн хэрэглээний шатахууны онцгой албан татварыг тэглэж байгаа юм.
-ОУВС-тай Онцгой албан татвар тэглэх асуудлыг зөвлөлдсөн үү? ОУВС Засгийн газрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ?
-Энэ асуудлыг ОУВС-тай ярилцаж, санал солилцсон. Албан ёсны хэлэлцээ өнөөдрөөс эхэлнэ.
-Европын холбоо Монгол Улсыг татварын зорилгоор хамтарч ажилладаггүй орнуудын “хар жагсаалт”-аас гаргаж, “Мүүдиз” агентлаг Монголын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүллээ. Энэ нь манай улсын эдийн засагт ямар үзүүлэлт авчрах бол?
-Европын холбооноос албан ёсоор “Татварын зорилгоор хамтарч ажилладаггүй орны жагсаалт”-аас Монгол Улсыг хассанаа мэдэгдсэн. Гэхдээ ингэлээ гээд бүх асуудал шийдэгдсэн гэсэн үг биш. Бидний хувьд татварын орчноо олон улсын стандартад нийцүүлэх, ил тод, нээлттэй болох чиглэлийн эрх зүйн орчноо шинэчлэх, мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлж хэвшүүлэн, ажилтан сургах зэрэг олон зүйлийг шийдвэрлэх шаардлагатай байгаа. Зээлжих зэрэглэлийн тухайд, 2017 оны арваннэгдүгээр сард “Мүүдиз” агентлагийн төлөөлөгчид манай улсад ирэхдээ зээлжих зэрэглэлийг нэмэхгүй гэж мэдэгдэж байсан. Харин хоёр сарын дараа эргэж судлаад, зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлж байгаад үнэхээр баяртай байна. Учир нь 2012 оноос хойш Монгол Улсын зээлжих зэрэглэл “Мүүдиз” агентлагт таван шатлал унаж, хамгийн доод ангилал буюу С зэрэглэлд очсон байсан. Харин одоо В зэрэглэлд орсон нь Монголын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сайжирч, эдийн засгийн өсөлт, валютын нөөц, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, төсвийн алдагдал буурч, сахилга бат сайжирч байгаагийн илрэл. Эдийн засгийн салбарт авч хэрэгжүүлж байгаа бодлогууд ойлгомжтой, тодорхой болж байгаатай холбоотой юм.
Ш.ЧИМЭГ