ТАНИЛЦ: Монголын анхны “Трамполин” парк

Хуучирсан мэдээ: 2018.01.24-нд нийтлэгдсэн

ТАНИЛЦ: Монголын анхны “Трамполин” парк

ТАНИЛЦ: Монголын анхны “Трамполин” парк

Залуучууд ихэвчлэн найзуудаараа уулзаад пабд сууж, "буу халах", бааранд орж бүжиглэх, караокед орж дуулах зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлэх болжээ. Энэ байдал нь зугаа цэнгэл, ууж, идэх, эрүүл мэндээ хохироох тал руугаа л яваад байх шиг. Уг нь залуучууд бидний чөлөөт цагаа өнгөрүүлэх газар нь мэдлэг мэдээлэл олгосон, стрессээ тайлж, элдэв сөрөг зүйл байхгүй тав тухтай орчныг  бүрдүүлсэн газар байх ёстой юм болов уу? Ялангуяа  биеийн тамираар хичээллэх газар өнөөдөр бараг л байхгүй байсан гэж хэлэхэд нэг их буруудахгүй.

Тэгвэл та бүхний найзуудаасаа асуудаг “За хаачих вэ” гэх асуултад доорх мэдээллээр хариулт өгье.

Энэ газар бол чөлөөт хэв загварыг эрхэмлэгч спортын хорхойтон залууст зориулсан Монголын анхны "Трамполин" парк юм. “Зайсан Хилл” цогцолборын гуравдугаар давхарт байрлах тус парк дээр  13.00 цагийн үед очиход  зургаан настай хүүхдээс эхлээд 45 хүртэлх насны хэд хэдэн хүмүүс тоглож байв. Нээлтээ хийгээд удаагүй  ч хүний хөлд аль хэдийн дарагдсан байсан юм.

"Трамполин" парк нь дөрвөн үндсэн хэсэгтэй.

“Slamdunk”  

Сагсан бөмбөгийн хорхойтнуудад “Slamdunk” хэсэг таалагдана гэдэг итгэлтэй байна. Учир нь зориулалтын хэсэг дээр таван метр хүртэл өндөр үсрэн цагариган дээр тохолт хийх боломжтой бөгөөд хоёр талдаа хуваагдан тэмцээн зохиож болох юм. Сагсан бөмбөгийн хорхойтнуудын мөрөөдөл энд биеллээ олдог гэж тус газрын менежер Э.Билгүүн хэлж байв.

“Climbingwall”

Дараагийн хэсэг “Climbingwall”. Энэ хэсэг адал явдалд дурлагч, шинийг эрэлхийлэгч залуусын сонирхлыг ихэд татна. Ханан дээр авирч байгаад хойшоо чөлөөт уналт хийх нь тун сонирхолтой байдаг гэнэ. Харин та өндрөөс айдаг бол нааш зүглээд ч хэрэггүй шүү.

“Dodgeball”

Гуравдугаар хэсэг бол “Dodgeball”. Жаахан байхад тоглодог байсан гүйдэг “маантиг” тоглоомтой тун төстэй. Харин ялгаа нь  гэвэл газраар  биш  өндөрт үсрэнгээ эсрэг талын хүнээ бөмбөгөөр ононо.

"Freejump"

Сүүлийн хэсэг бол “Freejump”. Та хүссэнээрээ үсэр. Энэ хэсгийн давуу тал нь  бэхэлгээтэй олсноос  барьж байгаад үсрэнгээ сойлт, дасгал хийж биеийн чилээгээ гаргаж болно. Газрын татах хүчийг тооцохгүйгээр агаарт хөөрч, дүүлэн нисэж хүссэнээ хийх үнэхээр янзтай.

‘“Трамполин” парк нь насны хязгаар заагаагүй учир  ямар ч  насны хүмүүс үйлчлүүлж  болно. 100 кг жинтэй, нэг метр 90 см өндөртэй хүн хүртэл тоглож болох бөгөөд аюулгүй байдал зэрэг нь стандартын дагуу бүрэн хангагдсан. 16-25 насны залуусын хувьд “slamdunk” хэсэг дээр их тоглодог бол жаахан хүүхдүүд  чөлөөт үсрэлтийн  хэсэг дээр тоглодог. Харин 3-8 насны хүүхдүүд эцэг эхийнхээ хамт харгалзах хүнтэй орно. Нэг цаг тоглоход  10000 төгрөг байдаг” гэж тус төвийн менежер Э.Билгүүн хэлж байв.

“Зайсан Хилл” цогцолборын өөр нэг сонирхол татахуйц газар бол Prime Cineplex кино театр юм. Энэхүү кино театр нь 4DX, 3D, Dolby Atmos системээр тоноглогдсон, 600 суудал бүхий зургаан танхимтай. Танхим бүр суудлын тоо, тоноглол, үзүүлж буй үйлчилгээгээр ялгагдах онцлогтой юм байна.

Найман чигт үйлдэл хийдэг сандал, бага зэргийн чичиргээ, доргих, донслох, гижигдэх, огцом хөдөлгөөн хийх бол ус цацах, үнэр гаргах, салхи, манан гэсэн эффектүүд урд талын суудлын арын хэсэгт байрлана. Танхимын таазны хоёр талд аянга цахилгаан цахих, аадар бороо, шуурга, манан татах зэрэг эффектүүдийг үзүүлэх төхөөрөмжүүд байрлана. Энэ бүхэн нэгэн цогц болон нийлж бодит мэдрэмжийг үзэгчдэд өгдөг байна.

  -“Зайсан Хилл” цогцолбор зургадугаар сард 100 хувь ашиглалтад орно-

“Зайсан Хилл” цогцолбор нь ирэх зургадугаар сард 100 хувь ашиглалтад орно. Одоогийн байдлаар тус цогцолборын 4D кино театр “Трамполин” парк, хэд хэдэн зоогийн газар нээгджээ. Улаанбаатар хотод өмнө нь байгаагүй шинэ үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн нь залуучуудын анхаарлыг татаж байна. 

Тус цогцолборыг барихад гаднын улсаас ямар нэгэн хөрөнгө оруулалт аваагүй, үндэсний хөрөнгө оруулалтаар бүтсэн гэдгээрээ ихээхэн онцлог. Цаашид 1000 хүний концертын тэнхим, night club, гэрлэх ёслолын тэнхим, хүүхдийн цогц тоглоомын төв зэрэг олон сонирхолтой хэсгүүд нээгдэх аж. 

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж