Эрчүүдийн fashion: 2018 оны тренд загварууд

Хуучирсан мэдээ: 2018.01.24-нд нийтлэгдсэн

Эрчүүдийн fashion: 2018 оны тренд загварууд

Эрчүүдийн fashion: 2018 оны тренд загварууд

Дэгжирхэж гангалах дуртай, загварын чиг хандлага, шинэ содон бүхнээс хоцрохгүйг зорьдог эрчүүдэд тун хэмнэлттэй жил айсуй. Учир нь эрчүүдийн хувцас загварын ертөнцөд өнгөрсөн жилийн тренд загварууд давамгайлах хандлагатай байна. 2017 оны адилаар куб маягийн далбагар зах, босоо судал энэ жил ч моодноос гарахгүй гэнэ.

Парис, Лондоны загварын долоо хоногт толилуулсан алдартай загварын орднуудын эрэгтэй загварт нийтлэг зүйлс юу байсныг харцгаая.


ӨРГӨН ШУУМАГТАЙ ӨМД

Өнгөрсөн хэдэн жилийн турш сул, навсгар, биед эвтэйхэн загварууд тренд байсаар ирсэн. Хүрэм, цамц, гутал, өмд гээд аавынхаа томдсон хувцсыг өмссөн мэт нэлмэгэр загварууд эрэгтэй, эмэгтэй аль ч загварт тусгалаа олж байв.

Энэ жил ч ялгаагүй, энэ байдал үргэлжилнэ. Ялангуяа эрчүүдийн хувцас загварт өргөн шуумагтай, сул загварын өмд тренд болох нь. Мэдээж 1990-ээд оны репперүүд шиг өргөн өмд сонгох албагүй ч охидын ретуз шиг нарийн, бие барьсан жийнснээс лав татгалзах хэрэгтэй болж байна.

Харин албархуу харагдахыг хүсвэл ажил хэрэгч маягийн индүүдлэгтэй өргөн өмдний дээгүүр ноос, ноолууран цамц өмсөж болно.


КУБ МАЯГИЙН ЗАХ

Дээхэн үед бараг бүх л эрчүүдийн өмсдөг байсан куб маягийн том, далбагар захтай цамц  2018 оны гол трендүүдийн нэг юм. Хавайн далдуу модны хээ арай хурцдаж мэдэх ч элдэв цэцэг, жимсний хээтэй цамцнаас бол татгалзах хэрэггүй.

Доогуур нь харин үл ялиг нарийн загвартай өмд өмсөж, гадуур нь савхин хүрмээ углаад гарахад л болно. Цамцны материалын хувьд цэвэр даавуу, эсвэл нийлэг торгон байх нь тохиромжтой. Хавчиг мөртэй залууст дуулгахад, куб маягийн захтай цамц өргөн мөртэй харагдуулдаг гэнэ шүү.


ХУУЧНЫ СПОРТ ЗАГВАРУУД

1990-ээд оны алдартай биеийн тамирын хослол, хоолой хүрсэн цахилгаантай нийлэг эдээр хийсэн хүрэм, хажуугаараа канттай өмд эргэн ирлээ. Ийм өмдний дээгүүр арьсан бомбер хүрэм үнэхээр төгс сонголт байх болно.


1970-ААД ОНЫ ЗАГВАРУУД

Мэдээж тэр үеийн диско үс засалт, трапец загварын өмдний тухай яриагүй юм шүү. Харин хээлж нэхсэн нэхмэл цамц, хоолойтой цулгуй цамц, торгомсог материалтай цамц, арьсан хүрэмний эрин айсуй. Харин өмдний тухайд үл ялиг өндөр суудалтай загвар давамгайлах болно.


БОСОО СУДАЛ

Лондоны загварын долоо хоногийн тайзнаа эрчүүдийн хувцас загварт дизайнерууд футболк, цамц, пиджак, хүрэм гээд бүхий л төрлийн хувцсанд босоо судлыг өргөн ашигласан байв. Ямар ч хэв маяг бүхий ямар ч хувцсанд зохицдог болохоор моод эргэдэг жишгээр байсгээд л тренд болдог алдартай эд.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж