“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э
Гучин хоёрдугаар бүлэг
УУШИГ ЗҮРХЭЭ УУДЛАН БАО ЮЙ СЭТГЭЛ АЛДРАН МУНГИНАЖ, ИЧГҮҮР СОНЖУУРЫГ ХҮЛЭЭН ЖИНЬ ЧУАНЬ ЧИН ЗОРИГИЙГ БАРИВ
Өгүүлэх нь: Бао Юй хилэн гөрөөс үзээд маш их баярлаж, гар сунган аваад “Золоор чи олсон байна. Яаж олов оо” гэж асуухад нь Шян Юнь инээгээд: “Золтой эд байжээ харин. Хожим тамгаа гээвэл мөн ойшоохгүй явах уу” гэв. Бао Юй: “Тамга гээвэл харин гайгүй. Үүнийг гээвэл би үхэхээс өөр аргагүй болно” гэв. Ши Рэнь цай аягалж, Шян Юньд бариад инээж: – да авхай таны тухай баярын чимээг би өчигдөр олж сонссоон гэсэнд Шян Юний царай улайж, дув дуугүй, цайгаа ууна. Ши Рэнь,
-Одоо ичих нь шүү дээ. Хэдэн жилийн өмнө бид баруун талын дулаан өрөөнд байхад нэг орой надад хэлсэн үгээ чи арай мартаагүй биз. Тэр үед ичдэггүй байснаа одоо юунд ичих вэ. Шян Юний царай улам улайж, арай ядан инээж:
-Чи бас түүнийг яринаа! Тэр үед бид тийм сайхан байсан бөгөөд сүүлд миний эх үгүй болоод би гэртээ харьж баахан байгаад ирэхэд чамайг Бао Юйд өгсөн байж билээ. Тэгээд л чи угийнх шигээ дотно байхаа больсон гэв. Ши Рэний нүүр улсхийж:
-Тийм болог. Угтаа бол чи л ийм эгч, тийм эгч гэж намайг аргадан гэзэг үсээ самнуулж, энэ тэрийг хийлгэж байсан Одоо ч бүр авхай хүний янзтай болжээ. Чи тэгж ямбалж байхад би яаж аймшиггүй ойртох вэ гэсэнд Шян Юнь:
-Бурхан минь ээ, хилс нүгэл. Би хэрэв тийм бол дороо үхэх болтугай. Чи хар, энэ халуунд, энд ирмэгцээ л чамайг сураглаж, очиж уулзъя гэж ярьсан. Чи үгүй байх гэвэл Цүй Люйгээс асуу. Би гэртээ байхдаа дандаа чамайг дурсдаг уу, үгүй юу гэж асуу гэсэнд Бао Юй Ши Рэнь хоёр тэр дороо аргадаж: “Тоглоом наадам хэлсэн чинь, чи үнэн болгочихвоо. Өнөөх түргэн зантай нь хэвээр байна” гэсэнд Шян Юнь:
-Хэлсэн үгнийхээ хор хөнөөлийг бодохгүй, хүнийг түргэн зантай гэнэ шүү гэснээ алчуур задалж бөлзгөө гарган Ши Рэньд өгөв. Ши Рэнь баярлан талархаад,
-Чиний эгч нартаа өгснөөс чинь надад өгсөөн. Өнөөдөр өөрийн биеэр бэлэг хүргэж байгааг бодсон ч чи намайг огт мартаагүй юм байна. Бөлзөг хичнээн үнэтэй байлаа ч чиний сэтгэл түүнээс үнэтэй, үнэн гэдгийг би мэдэж байна гэлээ. Шян Юнь: “Хэн чамд өгөв” гэж асуусанд: “Бао Чай авхай өгсөөн” гэж хариулав. Шян Юнь шүүрс алдаж: “Би Линь эгчийг өгсөн байх гэж бодсон чинь харин Бао Чай эгч өгчээ. Эдгээр эгч нарын дотор Бао Чай эгчээс илүү гарах нь нэг ч үгүй гэж би гэртээ байхдаа үргэлж боддог байлаа. Харамсалтай нь, бид нэг эхээс төрсөнгүй. Надад ийм нэг төрсөн эгч байдаг бол эцэг эхээс хойш өнчрөх нь гайгүй байх байсан” гээд нулимс мэлтэгнүүлэв. Бао Юй: “За болно доо болно. Одоо эднийг яриад яахав” гэв. Шян Юнь:
-Үүнийг хэлэхэд яадаг юм бэ. Би чиний сэтгэлийн өвчнийг мэдлээ. Линь охин дүү чинь сонсвол, бас намайг Бао Чай эгчийг магтав хэмээн уцаарлахаас болгоомжилж байгаа юм уу гэв. Ши Рэнь инээд алдаад “Юнь авхай, та том болох тусмаа хэл ам чинь хурц болж байгаа юмаа” гэсэнд Бао Юй инээж:
-Би хэзээний танай энэ хэдэн хүнд үг хэлэхийн аргагүй гэж хэлж байсан минь онож билээ гэсэнд Шиян Юнь:
-За ах минь, миний эгдүү хүргэх үгийг битгий хэлээрэй. Миний өмнө ч яахав шулуухан л хэлж байна. Харин Линь охин дүүтэйгээ таарвал яах ухаанаа олохгүй болно доо гэв. Ши Рэнь:
-Тоглоом наадмын үг хэлэх хэрэггүй. Харин чамайг үнэхээр нэг явдалд гуймаар байна гэсэнд Шян Юнь:
-За ямар явдал вэ гэв. Ши Рэнь:
-Нэг хос шаахай! Зулгийг нь өнгө тааруулах гэсэн чинь, миний бие өвдөөд чадсангүй. Чи завтай бол хийж өгөөч гэсэнд Шян Юнь:
-Ямар сонин юм бэ. Танай энд, ийм олон уран хүн байхад… бас тэгээд тусгай эсгэх, оёх хүмүүстэй байхад яагаад надаар хийлгэх болов оо? Чамайг, өөр хүнээр хийлгэе гэхэд хэн хийхгүй гэх юм бэ гэж асуув. Ши Рэнь:
-Чи сайн мэдэхгүй байна. Манай энэ гэрийн үйл үртэсний ажлыг тэдгээр оёдолчдоор хийлгэдэггүйг чи мэдэхгүй гэж үү гэсэнд Шян Юнь сонсуут Бао Юйн шаахай болохыг ойлгоод:
-Тийм бол би хийж өгье. Бас чинийх бол хийж өгнөө. Өөр хүнийхийг бол хийхгүй гэсэнд Ши Рэнь инээгээд:
-Бас ааш гаргана. Би ямар хүн гэж айхгүйгээр танаар шаахайгаа оёулж суух вэ. Үнэнийг хэлье. Минийх биш. Тэгэхдээ хэний ч болов хамаагүй. Нүүр талыг нь би хүлээе гэв. Шян Юнь:
-Үнэнийг хэлэхэд, чиний үйл утасны ажлыг би багагүй хийсээн. Одоо харин миний хийхгүй байхын учрыг чи лав мэдэхгүй байхаа гэсэнд Ши Рэнь: “Мэдэхгүй, мэдэхгүй” гэв.
-Өчигдөр би сонссоон. Миний хийсэн дэвүүрийн уутыг бариад бусдын хийсэнтэй зэрэгцүүлж үзээд хайчилсан гэсэн. Би хэдийн сонссон. Чи нууж байгаа биз. Одоо бас надаар юм хийлгэнэ. Бид нарын боол юм уу гэсэнд Бао Юй:
-Тэр хавтгыг таныг хийсэн гэж ерөөсөө мэдээгүй гэсэнд Ши Рэнь инээгээд:
-Энэ мэдэхгүй нь үнэн. Уг нь би энүүнийг хуурсан юм. “Гадны нэг уран оёдолчин ирээд цэцэг навчийг гайхалтай сайхан хатгаж байна гэнэ. Нэг дэвүүрийн хавтага оёулж үзэхгүй юү” гэж би хэлсэн юм. Тэгсэн чинь энэ итгээд, авч гараад энэ тэрд үзүүлжээ. Яагаад бас аль нэгний нь эгдүүг хөдөлгөчихсөн юм бэ дээ. Хоёр хэсэг хайчлуулчихаж. Ирээд бас хурдан дахиж хийлгэнэ гэж хэлэхэд нь би таны хийснийг хэлсэнд гэмшээд яах учраа олохгүй болсон юмаа гэв. Шян Юнь:
-Энэ улам сонин болж байна. Линь авхай ч уурлахад хүрэхгүй бөгөөд тэр нэгэнт хайчилсан бол түүгээр хийлгэж болно шүү дээ гэсэнд Ши Рэнь:
-Тэр яаж хийх вэ. Юу ч хийхгүй байхад нь Лао тайтай бас түүнийг ядраахаас болгоомжилж байна. Эмч бас түүнийг сайн сувилбал сайн гэнэ. Ийм байхад хэн түүнийг зовоож юм хийлгэх гэх вэ. Ноднин бүхэл жилд нэг хүжний хавтага оёсон. Энэ хагас жилд түүнийг зүү утас барьж байхыг харсангүй гэв.
Ийн энэ тэрийг ярилцаж байтал хүн ирж: “Шин Лун гудамжны дае ирээд байна. Түүнтэй агийг гарч уулз гэж Лаое хэлэв” гэж мэдэгдэв. Бао Юй үүнийг сонсоод Жя Юйцүнь ирэв гэж мэдээд, уулзъя гэв. Ши Рэнь сандарч хувцас авчрав. Бао Юй гутлаа өмсөхдөө ундууцан “Лаое л түүнтэй уулзвал болно биз. Удаа дараа ирж заавал надтай уулзах гэдэг нь юү вэ” гэнэ. Шян Юнь дэвүүр барьж инээн:
-Чамайг зочин гийчин дайлж чаддаг гэж Лаое бодоод байгаа хэргээ гэв. Бао Юй:
-Юуны Лаое байхав. Тэр өөрөө л надтай уулзах гэж байгаа хэрэг гэв. Шян Юнь инээж:
-Зан сайт хүнд, хүн болгон цуглана гэдэг биз дээ. Яриангүй чи түүний бахархал болсон учраас чамтай уулзах дуртай байгаа хэрэг гэв. Бао Юй:
-За тийм л болог. Би бол болхиос болхи хүн. Ийм хүмүүстэй уулзах дургүй гэсэнд Шян Юнь:
-Бас л ийм зангаа тавиагүй юү. Чи хэдий ирэгсэд, явагсдад шалгуулах дургүй боловч одоо том болсон хүн, тэдгээр ноёд түшмэдтэй нөхөрлөж, нийгэм олныг засаж, өгсөж дэвших замыг эрж байвал хожмын хэрэг явдалд тус болохоор барахгүй бас сайн нөхөр ханьтай болох бишүү. Бидний эгнээнд байж бидэнтэй хутгалдаад юү бүтээж чадах вэ гэсэнд Бао Юй ихэд дургүйцэж:
-Авхай та өөр гэрт заларч суугтун. Таны мэтийн нийгэм олныг засагч хүнийг миний энэ гэр бузарлачихна гэсэнд Ши Рэнь санд мэнд зуучилж:
-Тийм үгийг битгий хэл. Дээр бас нэг удаа иймэрхүү үг хэлсэн юмаа. Хүнээс ичиж зовохгүй байж болохгүй шүү гэсэнд Бао Юй хайяа гэж дуу алдаад гарч одов. Түүнийг үгээ дуусгалгүй явсанд Ши Рэний санаа зовов. Хэлэх нэг хэцүү, хэлэхгүй байх бас хэцүү. Харин Бао Юйтэй ийн ярьсан нь зол. Хэрэв Линь авхай байсан бол яаж уурлаж яаж аашлахыг бүү мэд. Ийм мэтийн юм ярихад Бао Юй бол биширмээр. Би нилээд уурлах байх гэж санаа зовж байсан юм. Ухаантай, уужим цээжтэй хүн сайхан юм. Манай энэ хүн харин түүнээс холдлоо. Хэрэв Линь авхай тэр мэт ойшоохгүй аашилсан бол, энэ хүн одоо хэдий их буруу ойлгохыг бүү мэд. Хэрэв Бао Юйд хэлбэл “Линь авхай хэзээ энэ мэт дэмий чалчиж байсан юм бэ. Тэр ийн чалчсан бол би хэдийн түүнээс холдсон” гэнэ дээ. Би ч гэсэн дэмий чалчаа яриа л гэнэ гэхчилэн бодсоор байв.
Тэгтэл Шян Юний эднийд ирсэн, Бао Юй хилэн гөрөөсний тухай ярьсныг Дай Юй мэдээд дотроо ийн боджээ. Ойрын өдрүүдэд Бао Юй баахан завхай явдлын үлгэр, домог олж ирсэний олонх нь цэцэн хүү, ганган охидын тухай байсан. Бас уран хажин, гарди галбингаа, эсвэл хаш бугуйвч, алтан зүүлт, луут алчуур, гардит тууз мэтийн хөөрхөн авсаархан тоглоомын юман дээр дур бахаа хөдөлгөсөөр нэг насны хүслээ биелүүлсэн үлгэрүүд байсан. Одоо Бао Юй ч хилэн гөрөөстэй болсон. Иймээс түүгээр сэдэв болгон Шян Юньтэй мөн тэрхүү залуусын сайхан явдлыг хийгүүзэй хэмээн болгоомжлон сэмхэн явж ирээд далимд нь үзэж, энэ хоёр хүний санааг мэдье гэж бодоод гэтэж орон завдтал Шян Юнь: “Нийгэм олныг засах тухай” ярьж Бао Юй: “Линь охин дүү тэгж дэмий чалчихгүй. Хэрэв ийм үгийг хэлбэл би мөн түүнээс холдоно” хэмээн ярихыг сонсчээ.
Энэ үгийг сонсоод Дай Юй цочиж баярлах, уярах, гуниглах давхацжээ. Баярлах нь бол өөрийн нүдний хурцад болой. Урьд нь түүнийг сэтгэлийг мэдэгч хэмээн бодож байсан нь үнэхээр таньсан ажгуу. Цочих нь бол хүний өмнө тэр намайг огт нуулгүйгээр сайшаан магтана. Түүний халуун дотно, зузаан найр нь хүний атаархан сэжиглэхийг ч тоохгүй. Гуниглах нь бол, чи нэгэнт миний сэтгэлийг мэдсэн бол би ч яриангүй, чиний сэтгэлийг мэдэх ёстой. Чи бид сэтгэлээ нэгэнт мэдэлцсэн байтлаа юуны “Алтан хашийн” яриа байна вэ. Хэдий “Алтан хашийн” яриа байгаа гэдэг боловч мөн чи бидэнд байх ёстой. Гэтэл бас юуны Бао Чай гарч ирэв? Уярах нь бол, эцэг эх эрт нөгчиж. Хэдий сэтгэл зүрхний үг байвч миний өмнөөс хэлэх хүнгүй. Ялангуяа энэ үед цог сүлд сулран муудаж, өвчтэй болж хажуугаар нь эмч “Тамир муу, цус бага яваандаа нарийнтах өвчин болж магадгүй” гэж хэлсэн нь нэрмээс болж байгаа. Би хэдийгээр чиний сэтгэлийг мэдлээ гэвч удаан амьдарч чадахгүйгээсээ айна. Чи хэдий миний сэтгэлийг мэдлээ гэвч миний хувь заяа нимгэнийг яана… гэхчилэн бодоод тэсгэлгүй нулимс унагав. Орж тэдэнтэй уулзъя гэтэл урамгүй санагдаад нулимсаа арчсаар эргэн буцав.
Энэ үед Бао Юй хувцсаа солиод гарч ирвэл, өмнө нь Дай Юй нулимсаа арчих янзтай алгуурхан алхаж явахыг хараад яаран очиж,
-Охин дүү минь, хаана очих нь вэ. Бас яагаад уйлаатахав аа. Хэн чамайг минь уурлуулсан бэ гэж асуув. Дай Юй хүчлэн инээгээд: “Зүв зүгээр байхад яагаад уйлсан болдог юм бэ” гэв. Бао Юй: “Нулимс чинь хатаагүй байхад худал хэлсэн болох гэж үү” гээд нулимсыг нь гараараа арчив. Дай Юй хойшоо ухраад:
-Чи бас үхлээ эрнэ үү. Бас ийнхүү гар хүрэхдээ… гэтэл Бао Юй зовонгуйрч:
-Үгэндээ болоод, учир ёсыг мартаж санаандгүй гар хүрсэн тул үхэж сэхэхийг анзаарсангүй гэв. Дай Юй:
-За тэр, үхэхийн хэрэг ч гайгүй. Харин өнөөх “Алтаа” гээж бас шинэ “Хилэн гөрөөсөө” алдахад хүрвэл хэцүү болно доо гэв. Энэ үгийг сонсоод Бао Юй бачимдан: “Чи яагаад ийм үг хэлж байна. Эсвэл намайг харааж байгаа юм уу. Зүгээр уурлаж байгаа юм уу” гэж асуухад нь Дай Юй уржигдрын явдлыг санаад, буруу юм хэлсэндээ гэмшин:
-За чи битгий бачимд. Би буруу юм хэлсээн. Түүнийг март. Судсаа гүрийлгэж, хөлсөө гарган бачимдах хэрэггүй гээд дөхөн ирж нүүрний нь хөлсийг арчиж өгөв. Бао Юй удтал ширтээд:
-Чи тайван бай гэсэнд Дай Юй баахан мэлрээд:
-Надад сэтгэл зовох учир юу байна вэ. Би чиний энэ үгийг мэдэхгүй. Сэтгэл амар байх, амаргүй байхын учрыг чи харин хэлж өгөөрэй гэв. Бао Юй шүүрс алдан:
-Хөөе, чи энэ үгийг мэддэггүй гэж үү. Тийм бол миний чамд зориулсан сэтгэл цөм буруу болчихов уу. Чиний санаанд нийцээгүй бол, өдөр болгон надад уурлах чинь буруу бишээ гэв. Дай Юй:
-Нээрэн би, сэтгэл амар байх амаргүй байх гэгчийг үнэхээр мэдэхгүй байна гэсэнд цаадах нь шүүрс алдаад:
-За охин минь, чи намайг бүү мэхэл. Чи үнэхээр энэ үгийг мэдэхгүй бол би талаар сэтгэлээ зовоосноор барахгүй, чиний надад хандсан сэтгэлийг ч тэсрүүлсэнд хүрнэ. Чи бол сэтгэл зовлонтойн учраас өвчинд эзлүүлжээ. Хэрэв их жим талибуу байсан байвал өвчин чинь өдрөөс өдөрт хүндрэхэд хүрэхгүй дээ гэсэнд Дай Юй аянганд ниргүүлсэн мэт болж, үнэхээр уушиг зүрхээ уудалж хичнээн түмэн үг хэлж болох байвч ганцыг ч гаргах чадалгүй болоод дэмий л мэлрэн ширтэнэ. Энэ хэр Бао Юйн дотор ч мянга түмэн үг байвч алинаас нь эхэлж хэлэхээ мэдэхгүй цаадахыгаа тас ширтэн зогсоно. Ийм байдлаар удтал зогссоны дараа Дай Юй хайяа хэмээн дуу алдаж нулимсаа асгаруулснаа огцом эргээд алхчихав. Бао Юй гүйцэн очоод гараас нь барьж: “Эй охин дүү минь, түр хүлээ. Би нэг үг хэлье” гэсэнд Дай Юй цааш түлхэн нулимсаа арчаад: “Би чиний хэлэх үгийг цөмийг мэднээ” гээд цааш явав. Бао Юй хөгшин хүн шиг бэгцийн зогсоод түүний араас нь ширтэнэ. Тэгтэл Ши Рэнь яарахдаа орхиод гарсан Бао Юйн дэвүүрийг нь аваад ойртон ирэв. Түрүүнд өгөх гээд гартал Дай Юйтэй зогсож байхаар нь хүлээж байгаад, түүнийг явмагц ирж байгаа нь энэ ажээ. Ши Рэнийг дэргэдээ ирэхэд хөшсөн мэт хөдлөхгүй байв. Ши Рэнь тулж ирээд: “Чи дэвүүрээ орхижээ. Халуун байна. Би аваад ирлээ” гэсэнд Бао Юй мэлэрсэн чигтээ, хэн ирж юм хэлж байгааг ч анзаарсан шинжгүй: “Сайн охин дүү минь, би энэ зүрхнийхээ үгийг айгаад хэлдэггүй байснаа өнөөдөр аймшиггүйгээр хэлж гаргалаа. Одоо үхсэн ч гомдолгүй. Би бас чиний хувьд, нэг бие өвчтэй болсон боловч айж дуугаралгүй тэсвэрлэн явж ирлээ. Хэзээ чиний өвчин эдгэсэн цагт миний өвчин бас илааршина. Би унтах зүүдэндээ ч чамайгаа үл мартана” гэж үглэнэ.
Энэ үгийг сонсоод Ши Рэнь цочин мэгдэрч айх бачимдах хослов. Тэгээд нударч: “Энэ чинь юү гэсэн үг вэ. Чи яачихав. Хурдан яваач” гэсэнд Бао Юй сая ухаан мэдээ орж байх янзтай Ши Рэнийг хараад царай нь улсхийсэн ч сайн ухаан ороогүй янзтай юү ч хэлэлгүй, дэвүүрээ аваад цаашаа явав. Түүнийг явчихаар Ши Рэнь хэлсэн үгийг нь баахан бодоод, энэ Дай Юйгээс л үүсгэлтэй гэж тунгаан, хожим ямар нэгэн өөдгүй хэрэг үүсэхэд хүрвэл аюултай явдал болно. Яавал, саяын энэ шившигт зовлонг арилгаж чадах вэ гэж бодсоор мэлрэн зогсов. Тэгтэл Бао Чай тэндээс ирж явав. Тэрбээр “Энэ их халуунд юугаа бодоод гөлөрсөн юм бэ” гэж асуусанд Ши Рэнь инээж: “Би сая хоёр бялзуухай хэрэлдэж, ноцолдохыг харвал маш сонин хөөрхөн юм. Түүнийг харсаар л гөлөрчихгүй юү дээ” гэв. Бао Чай:
-Бао Юй дүү, хувцсаа засаад л гүйж явах чинь, хаа очих гэж яваа юм бэ. Би түүнээс юм асуух гэсэн чинь жигтэйхэн яараад намайг ч харсангүй. Тэгэхээр нь больчихлоо гэсэнд Ши Рэнь: “Лаое дуудсан юм” гэв. Бао Чай:
-Энэ халуунд түүнийг дуудаж яана даа. Ямар нэг юм санахаараа уурлаад аваачиж байгаа юм биш биз гэсэнд Ши Рэнь инээж:
-Тийм бишээ, зочин гийчин л ирсэн байх гэв. Бао Чай:
-Хэрэг ч үгүй гийчин байна даа. Энэ халуунд сэрүүн гэртээ суухгүй. Энүүгээр тэнүүгээр гүйж яанаа гэсэнд цаадах нь: “Харин тиймээ” гэв. Бао Чай:
-Шян Юнь хүүхэн танайд юү хийж байв гэхэд Ши Рэнь:
-Баахан юм ярьцгаалаа. Бас миний уржигдрын наасан зулгийг үзээд, маргааш оёж өгнө гэсээн гэв. Бао Чай, ийш тийш ажиглан хүн харгүйг мэдээд:
-Чи ийм ухаантай хүн байж юунд хүний зовлон мэддэггүй юм бэ. Ойрдоо би Шян Юнь авхайн байдлыг ажиглалаа. Бас дам сонссоноор бол тэднийх гэртээ үйл оёдлын ч хүмүүсийг хөлслөхгүй, баргийн юмыг цөм хүүхэд, бэрүүдгүй л өөрсдөө оёдог юм гэнэ. Тэрбээр энд ирээд надтай аминчилж ярихдаа: “Гэртээ их ядарч байна гэсэн. Түүнээс гэр зуурын юмыг нь лавлахад, нүдэнд нь нулимс хурж, амандаа дуртай дургүй хэдэн юм дүдэгнэсэн шүү. Байдлыг нь харвал багаасаа өнчирсөн юм болохоор зовлонтой нь мэдээж. Би түүнийг их өрөвдсөөн” гэв. Ши Рэнь түүний үгийг сонсоод:
-Тийм байхаа. Би дээр, эрвээхэй хэлбэртэй товч арвыг зангидуулах гэж гуйсан юм. Нилээд удаад сая хүнээр ирүүлэхдээ, муухан зангидлаа. Түр хэрэглээрэй. Нарийн нягт хэрэгтэй бол би очихдоо сайн зангидаж өгье гэсэн байсан. Одоо таны ярихыг сонсоод, зайлуул, түүнийг хийх гэж хичнээн шөнө дөлөөр суусан бол гэж өрөвдөж байна. Би гэж нэг мунгинуу юм, үүнийг эрт мэдсэн бол юү гэж гуйж зовоох вэ дээ гэсэнд Бао Чай:
-Гэртээ байвал шөнийн гурван жин болтол сууж ажилладаг. Хүнд бага сага юм хийж өгвөл тэдний тайтай, найнай нар нь дургүйцдэг гэж дээр надад ярьж байсан юм шүү гэв. Ши Рэнь:
-Манай тэр зөрүүд бага өвгийг яахыг бүү мэдээ. Ямарваа их бага үйл утасны явдлыг хэдэн оёдолчноор огт хийлгэхгүй. Тэд нар нь ч завдахгүй юм гэсэнд Бао Чай инээж:
-Чи түүнийг тоож яана. Хүнээр хийлгэж л байвал боллоо гэхэд Ши Рэнь:
-Түүнийг хуурч чадахгүй. Бүгдийг ялгаж танина. Би л аажуу, уужуу оёхоос арга байхгүй гэсэнд Бао Чай:
-Чи битгий яар. Би чамд бага сага оёж өгч байя гэв. Ши Рэнь баярлаад: “Нээрэн үү. Тэгвэл их завшаан. Би орой хийх юмаа аваад очих уу” гэж асуув. Тэднийг ярилцаж байтал нэг эмгэн санд мэнд орж ирээд:
-Энэ одоо юу болж байна. Жинь Чуань зүв зүгээр байгаад худагт унаж үхлээ… гэсэнд Ши Рэнь цочиж:
-Аль Жинь Чуань вэ гэвэл эмгэн:
-Юун бас хоёр Жинь Чуань байдаг юм уу. Тайтайгийн дэргэд байсан тэр л шүү дээ. Өчигдөр яасныг бүү мэд, хөөгдөж хариад гаслан уйлж байсныг тоосон хүн ч алга. Сүүлд нь эрээд олоогүй гэж дуулдсан юм. Тэгсэн чинь сая ус авсан хүн: “Тэр зүүн урд булангийн худагт нэг үхдэл байна” гэхээр нь шүүлгэн гаргаж үзвэл харин Жинь Чуань байв гэнэ. Тэгээд тэнхрүүлэх гэж оролдоод тус болсонгүй гэсэнд Бао Чай: “Ямар аймшигтай вэ. Хачин юмаа” гэв. Ши Рэнь шүүрс алдаад, нулимас унагав. Ингээд Бао Чай, Ван Фүрэнийд орсонд тэрбээр ганцаараа нулимс унаган сууна.
-Чи хаанаас ирэв?
-Хүрээн дотроос ирлээ.
-Бао Юй дүүгээ харав уу чи.
-Түрүүхэнд харсаан. Хувцсаа өмсөөд гарч явна лээ.
-Хаачсаныг нь мэдэв үү.
-Мэдсэнгүй…
-Чи нэг эвгүй явдал сонсов уу.
-Үгүй, юү юм бол
-Жинь Чуань худагт унаж үхжээ.
-Зүв зүгээр байж яагаад үхэж байгаа юм. Ямар жигтэй юм бэ.
-Уржигдар тэр манай нэг юмыг эвдчихээр нь миний уур хүрээд, хоёр алгадаад хөөчихсөн юм. Би түүнийг хэд хоног залхаагаад дахиж авна гэж бодсон юм. Гэтэл түүнийг ийм түргэн зантай гэж яаж мэдэх вэ. Тэгсэн чинь худаг руу үсэрчихдэг юм байна. Энэ миний нүгэл болжээ.
-Та энэрэлт хүн болоод ингэж бодож байна. Би бол түүнийг уурлаад худагт орсон биш, гэртээ харьчихаад худгийн дэргэд тоглож байгаад хөл алдаж унасан байлгүй гэж бодож байна. Тэрбээр энд байхдаа тоглож наадах завгүй байснаа, эндээс явмагц энүүгээр тэнүүгээр зугаалан явсан байлгүй. Юундаа тэр уурладаг юм бэ? Хэдий тэр уурандаа үхлээ ч гэсэн, тэр зөнөг амьтныг хөөрхийлэн харамсаж яах юм бэ.
-Хэдий тийм боловч миний дотор ер амаргүй байна аа.
-Та сэтгэл зовох хэрэггүй. Тун зовоод байвал ахиухан хэдэн лан мөнгө шагнаад оршуулбал эзэн, боолын сэтгэл гүйцнэ.
-Сая би түүний эхэд тавин лан мөнгө шагнаад бас танай эгч дүү нарын шинэ хувцаснаас хоёр зах өгч өмсүүл гэсээн. Тэгтэл энэ хэр хэнд нь ч шинэ хийсэн хувцасгүй гэнэ. Ганцхан Линь охин дүүг чинь явахад хийсэн хоёр зах хувцас байна. Гэтэл тэр Линь Дай гэгч хүүхэд ерөөсөө сэжиг таавар ихтэйн дээр бас гай зовлон тасрахгүй тул ойн баярт нь өгнө гээд, одоо гэнэт үхсэн хүнд өмсгөвөл сэжиг төрөхгүй юү. Тэгээд би сая оёдолчдоор нэг зах хувцас яаруу хийлгэлээ. Өөр шивэгчин бол хэдэн лан мөнгө өгөөд болох байсан. Тэгтэл Жинь Чуань хэдий шивэгчин охин боловч миний дэргэд байсан болохоор төрсөн охиноос доргүй дасчээ.
Ийн ярилцаж байснаа Ван Фүрэнь нулимс унагав. Бао Чай хэнэггүй царайлан сууна. Тэгснээ: “Та тэр хувцсыг яаруулж хийлгэж яана даа. Надад хоёр зах хувцас байгааг авчирч түүнд өмсүүлбэл бэлэн юм бишүү. Тэр амьд байхдаа, миний хувцсыг өмсдөг л байсан. Яг таардаг юм шүү дээ” гэсэнд Ван Фүрэнь:
-Чи сэжиглэхгүй юү гэж асуусанд Бао Чай инээгээд:
-Та минь, сэтгэл амар бай. Би ерөөсөө энэ мэтийг тоохгүй гэж хэлээд гарахад нь Ван Фүрэнь түүний араас хоёр хүн явуулав. Төдөлгүй Бао Чай мөнөөх хувцсаа аваад ирвэл, Бао Юй эднийд уйлж суув. Ван Фүрэнь түүнийг зэмлэж байсан боловч Бао Чайг ирэхээр амаа хамхив. Бао Чай энэ байдлыг хараад юу болсныг багцаалдана. Тэгээд авчирсан хувцсаа Ван Фүрэньд тушаасанд, Жинь Чуаний эхийг дуудан ирүүлж хувцсыг өгч явуулав. Энэ явдал ингээд өнгөрөх үү эсвэл өөр юм болох уу гэдгийг дараагийн бүлэгт үзтүгэй!
Холбоотой мэдээ