
УИХ-аас энэ онд зэс, нүүрснээс 583.8 тэрбум төгрөгийн орлого олно гэж тооцоолсон. Улсын төсвийн зарлагыг өмнөх 2010 оныхоос 847 тэрбум төгрөгөөр илүү гаргаж, нэмсэн. Ингэснээр төсвийн алдагдал 779.5 тэрбум төгрөгөөр буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 9.9 хувиар хэмжигдэж буй. Ийм нөхцөлд улсын төсвийг аврах нэг гол үзүүлэлт нь зэсийн үнийн өсөлт байсан. Харамсалтай нь, тэрхүү өсөлт өнөөдөр уналтаар солигдож улсын төсвийн алдагдал хэр, хэмжээнд хүрч очих нь өнөөдөртөө тодорхой бус байна.
Хэдийгээр улсын төсөвт нэг тонн зэсийг 8425 ам.доллар тооцсон ч гэсэн төсөвт цоорхой гарна гэдгийг эдийн засагчид хэлж буй. Нэгэнт зэсийн ханш цаашид буурах хандлагатай байгаа болохоор үүнийг бодолцож үзэхгүйгээр ирэх жилийн төсвийн үндсэн чиглэлийг батална гэвэл бас л худлаа. Мөн “Хүний хөгжлийн сан”-гийн хүлээгдэж буй гүйцэтгэлийг нөхөх шаардлага энэ Засгийн газарт бий. Тоон үзүүлэлтээр нь авч үзвэл дээрх сангаар дамжуулж амлалтаа хэрэгжүүлэхэд нь УИХ-ын гишүүдэд 400 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Ингэж бодохоор зэсийн үнийн өсөлтөд тулгуурлаж, ажлаа төлөвлөдөг манай улсын хувьд асуудал дундрахгүй нь.
Дараа, дараагийн ээлжинд оюутан тус бүрийн сургалтын төлбөрийн 500 мянган төгрөг, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөрийн 3.3 тэрбум, Тогтворжуулалтын сангийн 183.1 тэрбум төгрөг гээд хүлээгдэж буй санхүүгийн хэрээс хангалттай олон. Иймд Хятадын эрх баригчид эдийн засгаа хөргөхийн төлөө гаргасан мөнгөний бодлого нь суларч, АНУ-н зах зээлээ дэмжих бодлого нь богино хугацаанд үр дүнд хүрвэл манай улсын төсвийн гачигдал бага ч атугай сулрах юм. Харин үүнийг улстөрчид төсөв хэмнэх шаардлага гэж харахгүй төсвийн зардлыг тэлэхээсээ татгалзахгүй хэвээр үлдвэл асуудал энэ оны сүүлчээр хүндэрч эхлэх бололтой. Учир нь, зэсийн үнийн уналт ойрын хугацаанд үргэлжлэнэ гэдгийг дэлхийн нэр хүндтэй шинжээчид дохиолсоор буй юм.
"Улс төрийн тойм" сонин
