“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадам нээлт хоёр долоон хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 9-д болно. Өвлийн олимпийн XXII наадам 16 өдрийн турш үргэлжилж, хоёрдугаар сарын 25-д өндөрлөнө. Мөн пара өвлийн наадам гуравдугаар сарын 9-18-ны өдрүүдэд болно.
“Пёнчан 2018” өвлийн олимпод 94 орны 3000 гаруй тамирчин уулын цана, биатлон, уран гулгалт, гүйлтийн цана, тэшүүр, хоккей зэрэг спортын 15 төрлөөр өрсөлдөнө.
Өвлийн олимпийн наадамд өрсөлдөх тамирчид цагаан хуудсаар оролцдоггүй. Тиймээс заавал эрхийн нормативыг биелүүлж байж оролцох учиртай.
Монголын тамирчдаас гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар эрхийн нормативыг биелүүлж, оролцох болсныг өчигдөр(2018.01.23) Олон улсын цанын холбооноос албан ёсоор баталгаажуулсан юм. Эдгээр тамирчдаас гадна пара цаначин Б.Ганболд хоёр дахь өвлийн наадамд уралдах эрхээ аваад байна.
Тамирчид Хандгайтын цанын баазад бэлтгэлээ хийж байна.
“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд оролцох тамирчдын сэтгэгдлийг хүргэе.
Ч.Отгонцэцэг: Олимпийн цикл дөрвөн жил тутамд явагддаг. Энэ жил Финлянд улсад болсон найман тэмцээний 17 гараанд оролцож, олимпийн эрхийн оноог (156.86) цуглуулж чадсан. “Сочи 2014” олимпод Б.Бямбадоржийн хамт оролцсон. Бэлтгэл сургуулилтаа сайн хийж, өмнө гаргасан алдаагаа давтахгүйн төлөө оролцох болно. Өөрийгөө улам их дайчилж байна.
Б.Ачбадрах: Миний бие найман тэмцээний 17 гараанд уралдаж, FIS-ийн 125 дундалж, эрхээ авлаа. Энэ удаа “В” зэрэглэлээс олимпийн эрхийг авсан. Дараагийн олимпийн наадамд “А” зэрэглэлд эрх авах боломжтой гэж харж байна. 100-с дотогш оноо цуглуулах бүрэн боломж байгаа.
Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км-т Б.Ачбадрах хоёрдугаар сарын 16-д, эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд Ч.Отгонцэцэг хоёрдугаар сарын 15-д уралдана.
ОУХМ Б.Ачбадрах 2017 онд “В” зэрэглэлийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бөгөөд тэрбээр анх удаа өвлийн олимпийн наадамд өрсөлдөх гэж байна.
ОУХМ Ч.Отгонцэцэг “Сочи 2014” өвлийн наадамд 10 км-т оролцож, 76 цаначнаас 70-р байрт орж байсан юм. Түүний хувьд хоёр дахь олимпийн наадамд хурд сорих гэж байна.
Монголын цаначид “Инсбрук 1964” IX наадамд оролцож байсан түүнээс хойш 14 дэх удаагаа оролцох гэж байна. Тодруулбал, 1964, 1968, 1972, 1980, 1984, 1988, 1992, 1994, 1998, 2002, 2006, 2010, 2014 оны цагаан олимпод оролцож байжээ.