АИ-92, А-80 шатахууны онцгой албан татварыг цуцална

Хуучирсан мэдээ: 2018.01.24-нд нийтлэгдсэн

АИ-92, А-80 шатахууны онцгой албан татварыг цуцална

АИ-92, А-80 шатахууны онцгой албан татварыг цуцална

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар АИ-92, А-80 шатахууны онцгой албан татварыг цуцлахыг дэмжлээ. Ингэснээр өндөр октантай бензиний үнэ нэмэгдээд, АИ-92, А-80 бензиний үнэ  нэмэгдэхгүй гэж үзжээ. Харин бусад онцгой албан татварыг хэвээр үлдээсэн байна.

Тэгвэл маргааш /2018.01.25/ ОУВС-гийн төлөөлөгчид Монгол Улсад ирэх тул тэдгээр төлөөлөгчидтэй шатахууны онцгой албан татварын асуудлаар зөвшилцөх аж. Ингээд ОУВС-гийнхан дэмжвэл УИХ-аар хэлэлцүүлэх юм. 

Засгийн газрын хуралдаанаар шийдсэн бас нэг чухал асуудал бол Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр юм.

Нефть боловсруулах үйлдвэр барихад зориулж, Алтан Ширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар болжээ. Тус талбай нь Сайншандаас 20 км-ийн зайтай.

Бүтээн байгуулалтын ажлуудыг энэ оны 2-р улиралд хийж эхлэх юм байна. Сайншандаас Нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ, Хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ, Эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДС ТӨК тус тус хийж гүйцэтгэх аж.

Ингээд Засгийн газрын дээрх шийдвэртэй холбоотойгоор Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2017 долдугаар сараас эхлээд олон улсын зах зээл дээр нэг баррель газрын тосны үнэ 45 ам.доллар байснаас одоо 65 ам.доллар болж өссөн. Судалгаа хийгээд үзэх юм бол цаашид газрын тосны үнэ 60,70 орчим ам.доллар дээр хэлбэлзэх төлөвтэй байгаа. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж эхлэх үед буюу дөрөвдүгээр сард нэг баррель газрын тосны үнэ 40 ам.доллар байсан юм. Тиймээс өнөөдөр /2018.01.24/ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаад АИ-92, А-80 шатахууны онцгой албан татварыг цуцлах шийдвэр гаргаж байна. Харин өндөр октантай шатахуун болон дизель түлшний онцгой албан татварыг хэвээр үлдээх шийдвэр гаргаж байна. Гадуур үүсээд байгаа шатахууны хомсдол бүрэн шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. ОУВС-тай албан ёсны хэлэлцээрийг маргааш хийнэ” гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж