БНСУ-ын Засгийн газар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хууль бусаар тус улсад нэвтрэхийг завдсан гадаадын 4790 иргэнийг биотехнологийн тусламжтайгаар илрүүлсэн талаар Хууль зүйн яамнаас мэдэгдлээ. Хугацааны хувьд 2015 оны арванхоёрдугаар сараас 2017 оны төгсгөл хүртэлх хугацааг хамарч байгаа аж. Тэдний дийлэнх нь тус улсад хууль бусаар оршин сууж байгаад албадан гарсан, гэмт хэрэгт холбогдож эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүс байжээ.
Биометр хэмжүүрт таних систем буюу царай төрх болон хурууны хээгээр таних технологийн тусламжтайгаар БНСУ-ын хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн мэдээллээр өгөгдлийн сан бий болгосон байна. Улмаар овог нэр, иргэншлээ сольж Өмнөд Солонгосын хилээр дахин нэвтрэхийг завдсан хууль бус тохиолдлуудыг илрүүлжээ. Иргэншлээ сольсон хүмүүсийн дийлэнх нь Номхон далайд орших жижиг арал улс болох Маршаллын арлуудыг сонгодог байна. Учир нь тус улсын иргэн болох үйл явц нь хялбар, түвэг багатай байдаг аж.
Пёнчаны олимп дөхсөнтэй холбогдуулан БНСУ-ын Засгийн газар Үндэсний тагнуулын албатай хамтран хилийн аюулгүй байдлыг хамгаалах, харуул хамгаалалтыг чангатгах ажлыг хэрэгжүүлж эхэлсэн байна.
С.ЦЭЛМЭГ