Вьетнамаас газрын тосны салбарт хөрөнгө татна

Хуучирсан мэдээ: 2018.01.24-нд нийтлэгдсэн

Вьетнамаас газрын тосны салбарт хөрөнгө татна

Вьетнамаас газрын тосны салбарт хөрөнгө татна

УИХ-ын дарга М.Энхболдын Вьетнам улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөж, өнөөдөр эх орныхоо зүг мордож байна.

Бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойших өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УИХ-ын дарга Орос, Хятад, Япон улсаас гадна Кувейт зэрэг булангийн орнуудад айлчилжээ. Харин шинэ оны анхны айлчлалаа Вьетнам улсад хийснээр Монгол Улс газрын тосны салбарт шинэ түнш татах замаа заслаа. Энэ бол шинэ хөрөнгө оруулагч татна гэсэн үг.

Хэдэн жилийн өмнө Вьетнам улс Монголын газрын тосны салбарт хамтран ажиллах хүсэлт тавьсан байдаг. Засгийн газар судалж үзсэний үндсэн дээр хүсэлтийг нь хүлээн авах шийдвэрт хүрчээ. Иймээс айлчлалын үеэр Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Л.Раднаасүрэн “Петро Вьетнам” компанийн удирдлагуудтай ажлын уулзалт хийж, нэлээд ажил урагшлуулсан байна. Тус компани Монголд газрын тосны хайгуул хийх хүсэлт тавьж буй аж.

Газрын тосны хайгуул хийнэ гэдэг бол асар өндөр зардал шаарддаг ажил. Бас эрсдэл өндөртэй.

Монголд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар эрсдэлийг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцдаг. Тийм ч учраас энэ салбарт үндэсний аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулах сонирхол бага байдаг.

Өнөөдрийн байдлаар энэ салбарт Хятадын хөрөнгө оруулагчид голлож ажилладаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, Вьетнам улсын хөрөнгө оруулалтыг тус салбарт татаж чадсанаар нэг улсын хамаарлыг сааруулах бололцоо нээгдэнэ.

Нөгөө талаас Монгол Улс газрын тосны арвин их нөөцтэй ч бүрэн дүүрэн тогтоож чадаагүй байгаа. Нефтийн хэрэгцээгээ импортын шатахуунаар хангаж байгаа нь бас үүнтэй холбоотой.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргын энэ удаагийн айлчлал зөвхөн Ази, Номхон далайн улс орнуудын парламентын 26 дугаар чуулга уулзалтад оролцсоноор хязгаарлагдсангүй. Ирээдүйд Монгол Улс газрын тосны салбарт Вьетнам улстай хамтрах шинэ түнштэй болгосон чухал айлчлал байлаа гэж хэлж болох юм.

Мөн өнгөрсөн онд Вьетнам улсын дэд ерөнхийлөгч Монголд айлчлах үеэр хоёр улсын Засгийн газар хооронд тодорхой салбаруудад хамтран ажиллахаар холбогдох гэрээг байгуулсан. Эдгээр гэрээг урагшлуулах итгэлийг ч өглөө.

Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 60 гаруй жил өнгөрч байгаа. Энэ хугацаанд хоёр тал боловсролын салбарт хамтарч ажилласны зэрэгцээ хөдөө аж ахуйн салбарт түлхүү ажиллажээ.

Өнгөрсөн жилээс эхлэн Вьетнам улс Монголоос гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн импортлох сонирхолтой байгаагаа удаа дараа илэрхийлж ирсэн бол Вьетнамаас Монгол руу загас агнуурын бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ экспортлох хүсэлт тавьсаар ирсэн байна. Хорио цээр, хил гаалийн байгууллагад тулгамдаж байгаа асуудлыг хоёр талдаа шийдсэнээр худалдааны эргэлтээ өсгөх боломжтой гэж үздэг.

Өнгөрсөн жилийн хувьд хоёр орны худалдааны эргэлт 67.7 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оныхоос  өсчээ.

УИХ-ын даргын Вьетнам улсад саатахдаа амжуулсан томоохон ажлын эхлэл нь Лаос Ард Улсын Үндэсний ассамблейн дэд дарга Сэнгнүан Саяалаттай уулзах үеэр болов.

Энэ нь БНХАУ-ын “Нэг бүс-нэг зам” санаачилгатай холбоотой юм. Хятадын Куньмин-Вьентьяны төмөр зам ашиглалтад орсон цагт Лаос-Монголын хооронд дамжин өнгөрөх тээврийг нь ашиглах бололцоо бүрдэх тул үүнд одооноос бэлтгэл хангах нь чухал байгааг онцлон захижээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж