Шүд, эрүү нүүрний төв шинэ барилга худалдан авна

Хуучирсан мэдээ: 2018.01.24-нд нийтлэгдсэн

Шүд, эрүү нүүрний төв шинэ барилга худалдан авна

Шүд, эрүү нүүрний төв шинэ барилга худалдан авна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар өнөөдөр /2018.01.24/ Шүд, эрүү нүүрний төвийн барилгыг худалдан авах, эрх олгох тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд зургаан тэргүүлэгч оролцож, шинээр барилга худалдан авах асуудлыг дэмжлээ.

Хурлын эхэнд НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмаа Шүд, эрүү нүүрний төвийн хуучин барилгыг яагаад актлах болсныг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасангаас тодруулав.

Үүний дагуу, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан “Шүд, эрүү нүүрний төв нь даатгалаар үйлчилдэг улсын хэмжээний ганц байгууллага юм. Хуучин барилгыг “Кодем” ХХК авсан. Тус төв нь 2012 оноос өнөөдрийг хүртэл таван жил түрээсийн гэрээгээр хувийн компанийн барилгад үйл ажиллагаа явуулж байгаа. Одоогийн үйл ажиллагаа явуулж буй дөрвөн давхар барилгад жилд түрээсийн төлбөрт нийтдээ 272 сая төгрөг төлдөг. Үүнд түрээсийн төлбөрт 264 сая төгрөг, ашиглалтын зардал 8 сая төгрөг жилд төлдөг. Сүхбаатар дүүргийн долоодугаар хороонд байрлалтай тус эмнэлгийн хуучин газрыг 2015 онд 4.2 тэрбум төгрөгөөр дуудлага худалдаанд оруулж зарсан байдаг. Гэвч одоогоор газрын асуудал бүрэн шийдэгдээгүй тул зайлшгүй шаардлагын үүднээс барилга худалдан авъя гэдэг асуудал оруулж ирсэн. Төсөвт худалдан авах хөрөнгө тусгагдсан байгаа.  2014 оноос эхлэн барилга худалдан авах асуудал зогсонги байдалд орсон. Барилыг худалдаж авахдаа нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. Ингэхдээ эмнэлгийн стандартад нийцсэн, шаардлагыг тавьж буй юм” гэж хариулав. 

Хурлын явцад Шүд, эрүү нүүрний төвийн барилын асуудлыг гурав дах удаагаа хэлэлцэж байгаа гэдгийг онцолсон юм. Түүнчлэн НИТХ-ын чуулганд тус төвийн барилгын асуудлыг төсвийн тодотголоор дэмжигдсэн болохыг санууллаа. 

НИТХ-ын дарга С.Амарсайхан “Шүд, эрүү нүүрний эмнэлэгт өдөрт 300-350 иргэн үйлчлүүлдэг. Жилд 100 мянган хүн үйлчлүүлнэ. Тиймээс барилгын стандартыг чухалчилж авто машины зогсоол, иргэдийн тав тухыг хангасан эмнэлгийн стандартад нийцсэн барилга худалдаж авах ёстой. Дөрвөн тэрбум 800 сая төгрөг гэдэг бол өнөөдрийн ханшаар мянган метр квадрат барилгыг худалдаж авахад хангалтай их төсөв юм. Хэрвээ авто машины зогсоолгүй, чанарын шаардлага хангахгүй, эмчлүүлэгч оршин суугчдад эмчилгээ үзүүлж чадахгүй асуудал гарвал хариуцлагыг Өмчийн харилцааны газар, сонгон шалгаруулалт явуулсан хүмүүс өөрсдөө хариуцна шүү. Тус эмнэлгийн асуудлыг оновчтой шийдвэрлэхээс өөр гарц байхгүй” гэв. Ингээд барилга худалдан авах тогтоолын төслийг танилцууллаа.


Уг тогтоолын төсөлд:

Барилга худалдан авах, эрх олгох тухай

Монгол улсын засаг дарга нутаг дэвсгэрийн удирдлагын тухай хуулийн 25-р зүйлийн 25.1 төрийн болон орон нутгийн тухай хуулийн өмчийн 77-р зүйлийн 4,3-т заасны дагуу үндэслэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс тогтоох нь: 

  1. Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн тогтмол ажлын байртай болгох зорилгоор холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулах нь шаардлага хангасан барилга худалдан авч гэрээ байгуулан төлбөрийг үе шаттайгаар төлж барагдуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод зөвшөөрсүгэй.
  2. Энэ тогтоолын нэгдүгээр зүйлд заасан барилгыг нийслэлийн өмчийн өмчид бүртгэн авч ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасанд даалгасугай.

Хуралдааны төгсгөлд дээрх тогтоолыг батлах тухай заалтыг тэргүүлэгчид дэмжсэнээр Шүд, эрүү нүүрний төвийн барилгыг худалдан авахтай асуудлын эрхийг  Нийслэлийн өмчийн харилцааны газарт шилжүүллээ. 

 

Э.Ариун

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж