Монгол алтайн нурууны Алтай таван богд уул нь Монгол Улсын хамгийн өндөр оргил. Алтай таван богд ууланд анх хүн авирсны 100 жилийн ойд зориулсан нэгэн авиралт гурван жилийн өмнө болсон юм.
Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос эхэлж, нийт 7 шөнө, 8 өдөр үргэлжилсэн энэ томоохон авиралтад Монголын нэртэй уулчдаас гадна снөүборд, цанын тамирчид оролцсон нь экстрем спорт, адал явдалд дурлагсдын хувьд гайхалтай аялал болж өнгөрсөн. Снөүбордчид 4374 метрийн өндөртэй Хүйтний оргилоос гулгасан тэрхүү авиралтын түүхээр “”УУЛУС”” хэмээх богино хэмжээний баримтат кино хийжээ.
Уулчдын туулах хүнд бэрх сорилт, осол гэмтэл… Уулчдын л мэдрэх өндрийн хүч чадал… Бусад уулчдын харамсалтайгаар амь эрсэдсэн ослыг сөрөн, яагаад ууланд аялж, ууланд улам бүр шунан дурладаг тухай өгүүлэх баримтат бүтээлийг Юнивишн, LookTV-ийн видео сангаас үзэх боломжтой юм байна. Сонирхуулахад, тус бүтээлийн хоёрдугаар анги болох “Сүмбэр” кино өдгөө олон улсын кино наадмуудад амжилттай өрсөлдөж байгаа аж.
Энэхүү богино хэмжээний киног бүтээх үеийн авиралтыг 2017 оны аравдугаар сард Отгонтэнгэр хайрханд осолдсон багийн ахлагч Сэнгү хэмээх нэрээрээ уулчдын дунд алдаршсан Н.Сүрэнжав болон Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, түүний дүү Г.Жангар нар удирджээ.
Б.БАЯСАХ