АНУ-ын ахлах сургуулийн сурагч хоёр сурагчийг буудаж, хороожээ

Хуучирсан мэдээ: 2018.01.24-нд нийтлэгдсэн

АНУ-ын ахлах сургуулийн сурагч хоёр сурагчийг буудаж, хороожээ

АНУ-ын ахлах сургуулийн сурагч хоёр сурагчийг буудаж, хороожээ

АНУ-ын Кентаки мужийн Маршал дүүргийн ахлах сургуулийн сурагч сургуулийн байранд гал нээсний улмаас хоёр сурагч амь үрэгдэж, 17 хүн бэртжээ.

Тус мужийн Бентон суурин дахь ахлах сургуулийн сурагч 15 настай охин хэргийн газарт нас барж, өөр нэгэн 15 настай хүү эмнэлэгт хүргэгдээд удалгүй амьсгал хураасан байна. Сургууль дээрээ галт зэвсэг авчирч, хүний амь бүрэлгэсэн 15 настай сурагч хүүг хэрэгт холбогдуулан саатуулсан тухай албаны хүмүүс мэдээлжээ. Одоогоор гэмт этгээдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Гэмт этгээд орон нутгийн цагаар мягмар гаригийн өглөө 08.00 цагт хичээл эхлэхийн өмнө нийтийн талбайд гал нээсэн байна. Тэрбээр гар буугаар буудсан бөгөөд хэн нэгийг тусгайлан онилоогүй, хаа хамаагүй буудсан гэж орон нутгийн хэвлэл мэдээлжээ.

Хэргийг Холбооны мөрдөн товчоо шалгаж эхэлсэн байна.

Бууны суманд өртөж нас барсан хохирогчид нь Бейли Холт, Престон Коуп гэгч болохыг цагдаагийн байгууллага мэдээлжээ. Тэднээс гадна 12 сурагч суманд оногдож, шархадсан бол таван сурагч аюулаас зугтахыг оролдох үедээ унаж, бэртсэн байна.

1150 орчим сурагчтай тус сургуулийн сурагч Жейсон Холл гэгч хэргийн талаар “Хүүхдүүд шатаар шахцалдан, хар хурдаараа гүйн гарцгааж байхыг харсан. Хаа сайгүй цус асгарсан, үнэхээр аймшигтай байсан” гэж ярьжээ.

Ахлах сургуульд болсон энэ хэрэг 4500 гаруй оршин суугчтай, фермерүүд голдуу амьдардаг жижиг сууринг бүхэлд нь цочрожээ. Сургуулийн ойролцоох сүмүүд хохирогчдын дурсгалыг хүндэтгэн, шөнийн мөргөл үйлдсэн байна.

Болсон явдлын талаар сонссон эцэг, эхчүүд хүүхдүүдээ авахаар яарч, сургууль руу орох зам түгжирсэн байна.

Хэрэг гарсан сургуулийн үйл ажиллагааг лхагва гаригт түр зогсоожээ.

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж