Тэнэгрэлийн өвчин хүн төрөлхтний тулгамдсан асуудал болжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.24-нд нийтлэгдсэн

Тэнэгрэлийн өвчин хүн төрөлхтний тулгамдсан асуудал болжээ

Тэнэгрэлийн өвчин хүн төрөлхтний тулгамдсан асуудал болжээ

 

“Альцгеймер” буюу тэнэгрэлийн өвчин өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн салбарынхны тулгамдсан асуудал болж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар, дэлхий дээр энэ төрлийн өвчний оноштой 35 сая өвчтөн байдаг бөгөөд 2050 он гэхэд энэ үзүүлэлт 92 сая болтлоо өснө гэв.

Энэ төрлийн өвчинд эмэгтэйчүүд илүүтэй өртөх магадлал өндөр гэнэ. Жишээлбэл, PHE (Public Health England) байгууллагын судалгаагаар, Их Британид 2015 онд эмэгтэйчүүд зүрх судасны өвчин болон цус харвалтаар нас барж байсан нь тэнэгрэлийн өвчин болон оюун ухааны хомсдолтой шууд холбоотой гэж судлаачид дүгнэжээ. Мөн тэнэгрэлийн өвчин нь Их Британи улсад нас баралтаараа нэгдүгээрт бичигдэх болов.

Үүнээс гадна, АНУ-д тэнэгрэлийн өвчний оноштой таван сая өвчтөн байснаас 3.2 сая нь эмэгтэйчүүд байсан гэж 2015 онд Alzheimer’s Association-ийн судлаачид тэмдэглэжээ. Тус холбооны мэргэжилтнүүдийн тооцоолсноор, эмэгтэйчүүд 65 насандаа энэ төрлийн өвчинд нэрвэгдэх эрсдэл гэв. Мөн эмэгтэйчүүдийн зургаан хүн тутмын нэг нь, эрчүүдийн 11 хүн тутмын нэг нь тэнэгрэлийн өвчинд нэрвэгдэх магадлалтай гэжээ.

Гэхдээ одоогоор орчин үеийн шинжлэх ухааны үүний шалтгааныг тайлж чадахгүй байна. Магадгүй эрэгтэй болон эмэгтэй хүний дундаж наслалтын ялгаа, өвчлөмтгий байдал нөлөөлдөг байж ч болох юм гэжээ.

-МЭДРЭЛИЙН ӨВЧИН БА САНХҮҮЖИЛТ-

Олон улсын байгууллага, томоохон эмийн компаниуд тэнэгрэлийн өвчнийг анагаах чиглэлд хүчин чармайлт гаргаж байгаа ч өнөөдөр зөвхөн энэ өвчний хам шинжийг нь л дарах боломжтой ажээ. Учир нь, энэ салбарт хийгдэж буй судалгааны ажил нь маш өндөр санхүүжилт шаардагддаг бөгөөд ихэнхдээ амжилтгүй болдог түүх дэлхийн эрүүл мэндийн салбарт олон байдаг гэнэ. Иймээс дэлхийн эмийн компаниуд мэдрэлийн өвчний чиглэлд боловсруулж буй стратегиа эргэн харахад хүрч байна. Үүний эхлэлийг Pfizer компани тавьжээ. Тус компани нь тэнэгрэлийн өвчин болон мэдрэлийн гаралтай бүхий л өвчний эсрэг эм, бэлдмэл үйлдвэрлэх хөтөлбөрөө хааж буйгаа саяхан мэдэгдсэн юм.

Тус компанийн тайланд дурдсанаар, 2017 оны аравдугаар сарын 31-ний байдлаар, мэдрэлийн гаралтай өвчний эсрэг есөн төрлийн эмийг шинээр гаргахаар төлөвлөж байсан бөгөөд нэг нь клиникийн судалгааны гуравдугаар шатандаа явж байсан гэв. Харамсалтай нь, энэ төрлийн судалгаа нь шат ахих тусам их хэмжээний санхүүжилт шаардагддаг бөгөөд олон сая тэрбум ам.долларын алдагдал хүлээх эрсдэл бий болохыг үгүйсгэхгүй гэв.

Судалгааны төслөө зогсоох, түүнээс татгалзана гэдэг бол эмийн компаниудад эрсдлээ буруулах өргөн дэлгэрсэн арга барил аж. 2017 оны хоёрдугаар сард "Merck" компани тэнэгрэлийн өвчнийг анагаах Verubecesta өвчний хоёр болон гуравдугаар шатны судалгаагаа зогсоов. Учир нь тус компани үйлдвэрлэсэн эмдээ аюулгүй баталгаа өгч чадахгүй тул ийнхүү судалгаагаа зогсоосон гэдгээ мэдэгдсэн ажээ. Үүнээс гадна, тус компани 2017 оны есдүгээр сард гепатит С вирусийн эмчилгээний эм бүтээх судалгаагаа зогсоож байсан удаатай. Учир нь энэ төрөлд өвчнүүд багасч өрсөлдөгчид олон байна гэж үзсэн юм.

2016 оны арваннэгдүгээр сард "Eli Lilly" компани клиникийн судалгааны төгсгөлийн шатандаа явж буй Solanezumab бэлдмэлийн судалгааг зогсоосон тухайгаа мэдэгдсэн. Энэ мэдэгдлээс нь болоод тус компанийн хувьцаа 15 хувиар унав.

Энэ мэтчилэн дэлхийн томоохон эмийн компаниуд өндөр зардалтай, урт хугацаа шаардсан, эцэстээ үр дүнгүй байх магадлал өндөртэй судалгаанаас татгалзаж буйгаа мэдэгдэж эхэлсэн юм. Үүнээс гадна, энэ салбарт өрсөлдөөний чиг хандлага өөрчлөгдөж байгаа гэдгийг эмийн компаниуд онцлох болжээ.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Pfizer компани аз туршсан хөрөнгө оруулалтын сан байгуулах төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Учир нь, санхүүжилтийн хүчин зүйл нь эмийн компаниудын хувьд чухал асуудал гэнэ. Шинжээчдийн дүгнэлтээр, өвчтөнүүдийн сэтгэл хангалуун бус байдаг эмчилгээ гэхэд л жилдээ нэг тэрбум ам.долларын ашиг оруулдаг гэнэ. Харин GlobalData зөвлөх үйлчилгээний байгууллагын таамаглалаар, 2023 онд тэнэгрэлийн өвчинтэй тэмцэх эмийн зах зээл 13.3 тэрбум ам.долларын ашиг оруулах боломжтой гэв.

-Зөв санхүүжилт-

Pfizer компанийн энэ төрлийн шинэ стратеги нь биотехнологийн старт-ап бизнест сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх санхүүжилтийг олох боломжийг нээж байгаа бөгөөд зүрх судасны өвчин, дархлал, хавдар зэрэг өвчний салбарт оруулсан хөрөнгө оруулалтаа алдахгүй байх боломжтой ажээ. Энэ бол эм үйлдвэрлэлийн түүхэнд гарч буй хөгжлийн стратегийн өөрчлөлтийн хамгийн тод жишээ юм. Гэхдээ энэ нь нийгэмд талцал үүсгээд байгаа юм байна.

Аз туршсан хөрөнгө оруулалтаар дамжуулан эхний шатны өвчтөн болон хувьцаа эзэмшигчдийн сонирхлын тэнцвэрийг хадгалах боломжийг олгож буйн хэрэг гэж Pfizer компани үзэв.

Энэ төрлийн стратеги нь томоохон компаниудад богино хугацаанд, богино зардлаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ үр дүн, боломжийг дүгнэх боломж олгож байгаа гэжээ. Өнөөдрийн байдлаар, энэ стратегийг Elly Lilly (Lilly Ventures), Novartis (Novartis Venture Fund), Merck (Merck Ventures), Novo Nordisk (Novo Ventures) зэрэг компаниуд хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ тухайгаа Сан-Франциско хотод болсон JPMorgan бага хурлын үеэр зарлажээ.

А.АНИР

Эх сурвалж: FORBES

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж