Мансуурах донтой өвчтөн нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.01.24-нд нийтлэгдсэн

Мансуурах донтой өвчтөн нэмэгджээ

Мансуурах донтой өвчтөн нэмэгджээ

Cогтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2018.01.24/ Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хуульчдын танхимд зохион байгуулж байна. 


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Албадан эмчлэх газарт өнгөрсөн зургаан жилийн хугацаанд нийт 3384 өвчтөн үйлчлүүлжээ. Эдгээр өвчтөний 8.4 хувь нь эмэгтэйчүүд  эзэлж байна

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлогын асуудал”

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг

“Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу тодорхой хуулийн төслийг боловсруулах шатандаа олон нийтийн хэлэлцүүлгийг өрнүүлдэг. Энэ хүрээнд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын сүүлийн 15 жилийн судалгаагаар жилдээ 290-1000 орчим өвчтөнг албадан эмчилдэг. Эдгээр өвчтөний ихэнх хувийг архидан согтуурах донтой хүмүүс эзэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд мансуурах донтой өвчтөн нэмэгдэх болсон. Тиймээс согтуурах, мансуурах донтой хүмүүс гэмт хэрэгт холбогдох, хохирогч болох, эргэн тойрондоо аюул занал учруулах байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс уг хуульд шинэчилсэн найруулга хийх шаардлагатай болсон. Архидан согтуурах мансуурах хүмүүсийг эмчлэх асуудал нэг талдаа төрийн үүрэг. Энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх том бодлогын асуудал. Өмнөх хууль маань 2000 онд батлагдсан бөгөөд энэ асуудлыг хэт ерөнхий байдлаар зохицуулсан байсан. Харин шинэчилсэн найруулгын төсөлд ямар байдлаар албадан эмчлэх вэ, хэн эмчлэх хүсэлтийг гаргах вэ, аргазүй талаасаа эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд оролцох уу, төсөв мөнгөний асуудал зэрэг олон зүйл одоог хүртэл тодорхойгүй явж ирсэн” гэдгийг  Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг яриандаа дурдлаа.

Хэлэлцүүлгийн үеэр хамгийн гол нь согтуурах, мансуурах донтой хүмүүсийг албадан эмчлээд гаргадаг  ч тэдэнд нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлж, эргээд хяналт тавих, ажил хөдөлмөр эрхлэхэд нь туслах нь зүйтэй. Учир нь албадан эмчлүүлсэн өвчтөний 30 хувь нь давтан эмчлүүлэхээр ханддаг. Мөн албадан эмчилгээ хийх санхүүжилтийг төрөөс дэмжиж, эмч мэргэжилтний орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа тухай холбогдох албаныхан хэлж байв.

“Мансуурлын эмчилгээний үр дүн тавхан хувьТАЙ байдаг”

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл

Харин Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл хэлэхдээ “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь Монгол Улсад сэтгэцийн эрүүл мэндийн гурав дахь шатлалын эмнэлэг. Манай төвд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс үйлчлүүлэгчид хандаж, жилдээ 40 гаруй мянган өвчтөнд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Үүний 7000 орчин өвчтөн нь архинд донтох эмгэгээр эмчлүүлэхээр ханддаг. Эдгээрийн 6000 орчим өвчтөнд хэвтүүлэн эмчлэх туслалцаа үзүүлдэг бөгөөд 1000 гаруй өвчтөнд архинд донтох эмгэгийн улмаас хэвтүүлэн эмчилдэг” гэв. 

Мөн тэрбээр “Ер нь албадан эмчилгээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяаны Албадан эмчлэх газар хариуцдаг. Манай төв нь мэргэжил арга зүйн хувьд удирдах чиг үүрэгтэй байдаг. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд албадан эмчилгээнд анх хэвтэж байгаа хүмүүс 3-6 сар, давтан эмчлүүлж буй өвчтөн  зургаан сараас нэг жил хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлнэ гэж заасан. Сүүлийн жилүүдэд мансуурах эм бодист донтож эмчлүүлж буй хүмүүс 2017 онд амбулаториар 40, хэвтэн эмчлүүлэхээр 40 хүн үйлчлүүлсэн. Өмнөх 2016 онд л гэхэд манай төвд 80 орчим хүн хандаж байсан бол 2017 онд энэ тоо 160 болж, хоёр дахин өссөн үзүүлэлт гарсан. Мансуурлын эмчилгээний үр дүн тавхан хувь байдаг. Тиймээс хүмүүс мансууруулах бодист донтохгүй, хэрэглэхээс аль болох татгалзах л хэрэгтэй” тухай ярилаа.

Согтуурах, мансуурах донтой хүмүүс ар гэртээ хүндрэл учруулж, орчин тойрондоо агсам  тавьдаг, гэмт хэрэг зөрчилд удаа дараа холбогдсон тохиолдолд тухайн оршин суугаа хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, цагдаагийн хэсэг, ар гэрийнхэн хүсэлт гаргаж, иргэний шүүхэд хандах гэнэ. Ингэснээр албадан эмчилгээнд анх хэвтэж байгаа хүмүүс 3-6 сар, давтан эмчлүүлж буй өвчтөн  зургаан сараас нэг жил хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлнэ юм байна. Мөн тухай донтой иргэн ажил эрхэлж байсан бол эмчилгээ дуустал ажлын байрыг нь хадгалах зохицуулалтыг уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгажээ. 

А.Сүрэн

Гэрэл зургийг Э.Энхбат
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж