Уртын дуучид шилдгээ тодруулна

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Уртын дуучид шилдгээ тодруулна

“Ажнай” корпораци, БСШУЯ-ны Соёл урлагийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хороо, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Хөгжим бүжгийн коллеж, Монголын уртын дууны холбоо зэрэг байгууллагууд хамтран “Уртын дуучдын улсын анхдугаар уралдаан”-ыг зохион байгуулж байна. Уралдааны сүүлийн шалгаруулалт маргааш Хүй долоон худагт болох аж. Энэ талаар өнөөдөр уралдааны зохион байгуулагчид сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Уртын дууны улсын анхдугаар уралдаан”-д 11-81 насны 90 гаруй дуучид оролцжээ. Уралдааныг ардын авьяастан, мэргэжлийн гэсэн хоёр ангиллаар шүүж байгаа бөгөөд сүүлийн шатанд ардын авьяастан ес , мэргэжлийн дуучин есийг тус бүр шалгаруулж үлдээгээд байгаа юм. Маргааш Хүй долоон худагт болох хурдан морьдын уралдааны үеэр эдгээр уран бүтээлчдийн шилдгийг тодруулна. Уралдааны шүүгчээр Ардын жүжигчин, Монгол Улсын морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Ц.Батчулуун, Ардын жүжигчин Ж.Нэргүй, Гавьяат жүжигчин Д.Түвшинжаргал нар ажиллаж байна. Уралдаанд түрүүлсэн уртын дууч таван сая төгрөгийн шагналтай бөгөөд цаашид энэхүү уралдааныг жил бүр зохион байгуулж байхаар болсныг зохион байгуулагчид дуулгалаа. 

  М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж