“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э
Гучин нэгдүгээр бүлэг
ЧИН ВЭНЬ ДЭВҮҮРИЙГ УРЖ, “МЯНГАН ЛАН АЛТААР ИНЭЭЖ”, “ХИЛЭН ГӨРӨӨС” БУУРАЛ ЦАГААН ӨВГӨН ЭМГЭН БОЛОХЫГ ЗӨГНӨВ
Өгүүлэх нь: Ши Рэнь нулимж, цустай цэрээ үзээд хүйтэн хөлс нь гарав. Хүмүүс: “Залуу хүн, цусаар ханиавал богино насалдаг. Хэдий амьд байлаа ч эцэстээ хэрэггүй хүн болно” гэж ярихыг сонссон болохоор, хожим нэр сүрээ мандуулж явах юмсан гэж хүсэж байсан нь цөм үнс болон хийссэн шиг бодогдон өөрийн эрхгүй нулимс унагав. Бао Юй хараад элэг нь эмтэрч: “Дотор чинь, ямар байна даа” гэж асуусанд Ши Рэнь муухан инээж:
-Зүгээр байна гэж хариулав. Бао Юй хүн дуудаж, дарс халаалган янгирын цустай үрэл авчруулж уулгая гэсэнд цаадах нь гарыг нь бариад:
-Чи тэгж үймүүлэх хэрэггүй. Олон хүн үймүүлж босговол намайг хүмүүс ухаан муутай гэж зэмлэнэ. Хүн мэдээгүй байхад чи ийм санаа сэдвэл бүгд мэдчихнэ. Тэд мэдвэл хэн алинд маань муу болно. Харин маргааш зарц хүүхдийг явуулаад Ван эмчээс бага сага эм залж уувал, хүмүүс мэдээгүй байхад зүгээр болчихно биз гэв. Бао Юйд энэ үг зөв мэт санагдаад түүний үгийг дагав. Тэгээд цай уулгаж амыг нь зайлуулав. Бао Юй зовж байхыг мэдээд Ши Рэнь, үүгээр сувилуулахгүй гэвэл хүн дуудаж, олонд мэдүүлчихнэ гэж бодоод аяар нь байв.
Өглөө үүр цаймагц Бао Юй босож, угаалга арчилга ч хийсэнгүй, үс гэзгээ ч самнасангүй яаран хувцаслаж гараад Ван эмчийг залж ирээд Ши Рэний биеийг үзүүлэв. Ван эмч, учир шалтгааныг асууж, жаахан доргиж гэмтсэнийг мэдээд даруй нэг үрэл эмийн нэр хэлж, яаж уугаад яаж түрхэнэ гэснийг Бао Юй сайн тогтоож, эмчийн хэлсэн ёсоор Ши Рэнийг эмнэн зассаныг үл өгүүлэн өгүүлэх нь:
Өнөөдөр таван сарын тавны баярын өдөр учир айлууд үүдэн дээрээ шарилж өвс хатгаж, хүн бүр гартаа сахиус тэмдэг зүүжээ. Үдэд Ван Фүрэнь найрын ширээ засаж Шюэ овогтын эх, охидыг залав. Бао Чайн урам муутай байхыг хараад Бао Юй ч дуугарсангүй. Түүний байдал өчигдрийн явдлаас үүдэлтэйг Бао Юй мэдэж байв. Ван Фүрэнь, Бао Юйг бас урам муутай байхыг хараад энэ лав өчигдрийн Жин Чуаний явдлаас ичиж байна гэж бодоод төдий л хайхарсангүй. Дай Юй бас Бао Юйн байдлыг хараад, Бао Чайтай муудалцсанаас болсон биз гэж бодож, дотроо дургүй ч өнгөн дээрээ бол гэмгүй царайтай сууна. Өчигдөр үдэш Ван Фүрэнь, Фөн Жед, Бао Юй Жинь Чуань хоёрын ярьсныг хэлжээ. Түүнээс хойш Ван Фүрэнь таагүй байгаа гэж бодоод инээд наргиа бололгүй, түүний байдлыг ажиж байсаар бүр ч урам хөгжилгүй байв. Тэгээд олноороо идэж ууцгаан дүнсгэрхэн байдалтай сууж байгаад тарав.
Энэ зуур өгүүлэхэд, тэр Линь Дай Юй бол нийлж байхаас салж байх дуртай. Юун учир тэгж бодно вэ гэвэл, бас нэгэн ёс барина. “Хүн нийлж байвал салах нь бий. Нийлж барилдвал салахдаа улам уйтгарлана. Уйдвал учрал төрнө. Тиймээс нийлэхгүй нь дээр. Жишээлбэл, цэцэг дэлгэрвээс дур сонирхлыг татдаг. Харин хатаж зулгарвал уйтгар гомдол төрүүлдэг. Үүнтэй л адилхан. Тиймээс цэцэг дэлгэрэхгүй нь дээр бишүү” гэсэн үзэлтэй хүн. Түүнээсээ уламлаад, хүмүүсийн баярлан цэнгэлдэх үес тэр харин уяран гасална. Гэтэл тэр Бао Юйн зан бол хүмүүс салалгүй ямагт хамт байж, цэцэг үргэлж хаталгүй дэлгэрч байхыг хүснэ. Найр тарж, цэцэг зулгарахад хэдий уяран гаславч юунд тус болох вэ. Ийм учраас энэ өдрийн найр дүнсгэрхэн байгаад тарсанд Дай Юй юу ч бодсонгүй. Харин Бао Юй дотроо бухимдан уйтгарлаж үе үе санаа алдана. Энэ үед Чин Вэнь хувцсыг нь солихоор ирээд санаандгүй байж дэвүүрийг нь газар унаган бариулын нь ясыг хугалав. Бао Юй шүүрс алдан:
-Мунхаг амьтан чи, хожим яана даа. Айл гэр болж амьдрах цагтаа мөн л болгоомжгүй аашлах байхдаа гэсэнд цаадах нь хүйтнээр инээж:
-Эр Еэ ойрноос сүрхий ааштай, ууртай болоод байна даа. Юм л бол царай чинь хувираад… Уржигдар Ши Рэнийг хүртэл цохиод, одоо надаас өө эрж байна. Зодож занчих, өшиглөхөө өөрөө мэдээ. Дэвүүр хугалсан маань, тийм сүрхий явдал уу. Урьд шилэн аяга хичнээн хагалсныг бүү мэд. Гэтэл ингэж уурлаж байгаагүй. Одоо харин энэ нэг дэвүүрийн төлөө ийнхүү ааш гаргах ямар хэрэг байна вэ. Бидэнд дургүй байгаа бол даруй зайлуулаад дахин сайныг шилж зарвал болно. Сайн сайхан дээрээ салж тарвал дээр бишүү гэж хэлэв. Энэ үгийг сонсоод Бао Юйн хамаг бие чичирч:
-Чи бүү яарагтун. Хожим салах цаг эрхгүй ирнэ… гэснийг тэндээс Ши Рэнь сонсуут яаран ирж Бао Юйд:
-Зүв зүгээр байснаа, бас яачихав. Би чамд, дургүй бол даруй явбал болно гэж хэлдэг шүү дээ гэсэнд Чин Вэнь:
-Эгч та тийм сайн мөртөө эртхэн ирсэн бол би үүнийг уурлуулахгүй байсан биш үү. Эртнээс л ганц би л арчилж сувилж чадахаас биш, эд нар юу ч чадахгүй юм гэсэн яриа гарсан. Тэгтэл чи тийм сайн юм бол өчигдөр яагаад зүрх рүүгээ өшиглүүлсэн юм бэ. Ийн бодоод байвал мань мэтийн хүн сувилж чаддаггүй хүмүүс хожим ямар ч ялд унаж магадгүй санагдана гэв. Нэгэнт ичих, уурлах хосолсон Ши Рэнь түүний энэ үгийн хариунд хэдэн үг хэлье гэтэл Бао Юй хорчийтол уурласан тул биеэ барьж:
-Энэ явдал цөм бидний буруу. За сайн охин дүү минь, чи түр гарч цаагуураа жаахан зугаац гэсэнд Чинь Вэнь “Бид” гэсэн үгийг өлгөж аваад, Бао Юйг өөртэйгөө адилтган хэлж байна гэж бодуут жөтөөрхөх санаа төрж хүйтнээр инээгээд:
-Бид гэж чухам хэнийг хэлж байгааг чинь мэдэхгүй байна. Та нарын өмнөөс миний нүүр халуун оргиж байна. Тануусын гадуур гар нийлж, хөдөөгүүр хөл нийлж байдгийг би мэднэ шүү. Надаас үг сонсоё гэж байгаа бол төв гол замаар тэгш сайхан явах хэрэгтэй. Авхайн нэр олж чадаагүй байж… надтай адилхан байж юуны бас “Бид” гэнэ вэ гэсэнд Ши Рэний нүүр час улаан болж, буруу үг хэлснээ ойлгов. Тэгтэл Бао Юй:
-Та нар атаархвал, би маргааш түүнийг улам өргөнө гэсэнд Ши Рэнь, түүний гарыг барьж,
-Энэ мунхаг амьтантай маргалдах хэрэг байхгүй. Чи уудам ухаантай хүн байж… бас үүнээс илүү олон юмыг уучлан өнгөрөөсөн байж өнөөдөр юу болов… гэтэл Чин Вэнь зэвүүрхэн инээж:
-Би мунхаг амьтан болохоор яаж та нартай ярилцах хэмжээнд хүрэх вэ. Би боол хүн шүү дээ гэв. Ши Рэнь:
-Охион чухам надтай хэрэлдэж байна уу. Эсхүл Эр Еэтэй хэрэлдэж байна уу. Хэрэв надад хорсож байгаа бол ганцхан надад л хэлэхгүй юү. Эр Еэтэй хэрэлдэх юу билээ. Түүнд гомдсон бол энэ мэтээр тачигнатал хэрэлдэх хэрэггүй. Би бол та нарын маргааныг дуусгах гэж ирээд ятган хориглосон минь, бүгд эвтэй найртай байя л гэсэн санааных. Гэтэл чи надаас өө эрж байна. Чи надад уурлах ч хэрэггүй. Эр Еэд ч бүр хэрэггүй. Хавирч хадраад байгаа чинь ямар санаа вэ. Одоо би юм ярихгүй. Чи ярих дуртай бол ярь гээд гарч одов. Бао Юй, Чин Вэнийг ширтэн:
-Чи уурлах хэрэггүй байсан юм. Би чиний санааг мэдлээ. Чи том болжээ. Тэгэхээр би тайтайд хэлээд чамайг гадагш явуулъя. Болох уу гэж асуусанд, Чин Вэнь санаандгүй үг сонссондоо зүрх нь өвдөөд нулимс мэлтэгнүүлэн:
-Яагаад намайг явуулах гэж байгаа юм бэ. Санаанд чинь таарахгүй болохоор намайг хөөх гэж байгаа юм уу. Би яасан ч явахгүй гэхэд нь Бао Юй:
-Би ерөөсөө ингэж хэрэлдэж үзээгүй. Чи байтлаа явах санаатай хүн юм байна. Би тайтайд мэдүүлээд чамайг явуулна гээд босож гарахыг завдав. Ши Рэнь хүрч ирээд: “Хаачих нь вэ” гэж асуув. Бао Юй: “Тайтайд очиж хэлье” гэсэнд Ши Рэнь:
-Ямар хэрэгтэй юм бэ? Үнэн мэдүүлбэл, түүний нүүрийг улайлгахаас зовохгүй юү. Нээрэн хэлье гэж байгаа юм бол уураа намдаагаад, хэрэг болголгүй, ерийн яриа хөөрөөний үед мэдүүлэхэд оройтохгүй. Одоогоор нэг их хэрэг болгож очвол харин тайтайд сэжиг төрүүлнэ гэв. Бао Юй:
-Тайтай сэжиглэхгүй. Тэр явах гээд л наана нь үймүүлж байгаа юм гэж хэлэхгүй юү гэсэнд Чин Вэнь уйлж:
-Би хэзээ явах гээд үймүүлсэн юм бэ. Өөрөө уурлахдаа шалтаг эрж намайг гүтгэж байна. Очоод мэдүүл. Би энд хэрэм мөргөж үхэхээс нааш энэ үүдээр гарахгүй гэсэнд Бао Юй:
-Яасан хачин юм бэ. Явахгүй гэх, үймүүлээд зогсохгүй гэх, хэрэлдээд байх. Ингэж аашлахын оронд явбал санаа чинь амрах юм биш үү дээ. Ямар ч гэсэн би заавал очиж мэдүүлнэ гэхэд нь Ши Рэнь сөгдөв. Гадаа чимээгүй үг чагнан байсан шивэгчингүүд Ши Рэнийг сөгдөхөөр бүгд орж ирээд сөгдөв. Бао Юй, шалавхан Ши Рэнийг татан босгоод, орон дээр очиж суун санаа алдаад шивэгчингүүдийг гар гэж дохив. Ши Рэньд хандаж:
-Би одоо яах юм бэ. Зүрхээ зогстол зововч үүнийг минь мэдэх хүн алга гээд нулимс унагав. Ши Рэнь ч дагаад уйлав. Чин Вэнь бас уйлах зуураа нэг юм хэлэн завдтал Дай Юй ороод ирэхээр зөрж гарав. Дай Юй:
-Энэ баяр найрын өдөр зүв зүгээр байж юундаа уйлалдах нь энэ вэ. Арай хоолоо булаалдаж, хэрэлдээгүй биз дээ гэсэнд цаад хоёр нь зэрэг пүсхийтэл инээд алдав.
-Ах чи, асуултын хариу хэлэхгүй бол, би өөрийнхөө бодож байгаагаар хэллээ шүү гээд Ши Рэний мөрийг зөөлхөн алгадаад:
-Сайн “бэргэн” минь наддаа хэлээд аль. Лав эр эм хоёр үг зөрсөн байхаа. Дүүдээ хэлэгтүн. Би эвлэрүүлж өгье гэсэнд Ши Рэнь зөөлхөн түлхээд:
-Авхай тоглоом бүү хий. Ерийн л нэг шивэгчин хүнийг дэмий ярьж юу хийнэ дээ гэсэнд Дай Юй инээгээд:
-Чи өөрийгөө шивэгчин гэхэд, би чамайг бэргэнээр үзнэ гэв. Бао Юй:
-Чи юу нь сайн гэж энүүнд хараал эрж өгнө вэ. Тийм биш байтал, дэмий сул үг гарч байхад дээр нь чи бас ингэж хэлж яана даа гэсэнд Ши Рэнь инээж:
-Авхай, та миний сэтгэлийг мэдэхгүй байна. Хэзээ миний амьсгаа тасарч үхвэл тэр үед миний санаа сэтгэл амар болох байх даа гэж хэлэв. Дай Юй:
-Чамайг үхчихвэл өөр хүн яахыг мэдэхгүй. Би л зовдогоороо урьтаж үхэх байх гэсэнд Бао Юй:
-Чамайг үхвэл би хувраг болно гэсэнд Ши Рэнь:
-Чи дуугүй бай. Юунд бас муу ёрын үг хэлж байгаа юм бэ гэсэнд Дай Юй хоёр хуруугаа гозойлгон, уруулаа жимийгээд:
-Энэ хоёр удаа хуушаан боллоо. Үүнээс хойш би, үүний хуушаан болох тоог авч байя гэхэд нь Бао Юй түрүүн хэлсэн үгийг нь сануулж байгааг мэдээд инээмсэглээд өнгөрөөв. Төдөлгүй Дай Юй явав. Тэгтэл нэг хүн ирж: “Шюэ дае залж байна” гэсэнд Бао Юй очих л хэрэгтэй. Очихоор архи өгөх нь лавтай гэж бодоод цааргалсангүй. Найр болдгоороо болж, ууж иддэгээрээ ууж идээд орой болсон хойно тарав. Бао Юй нилээд хөлчүүрхэн дайван гуйван явсаар хүрээндээ оров. Хүрээний дунд сэрүүцэх ор дэр бэлтгэн, тэнд нэг хүн унтаж байв. Түүнийг Ши Рэнийг гэж бодоод орны ирмэгт сууж түүнийг цааш түлхэн:
-Бие чинь зүгээр байна уу. Өвдөөгүй биз гэж асуутал мөнөөх хүн өндийн босож:
-Яагаад надад халдаад байна вэ гэж асуув. Түүнийг ажин харвал Ши Рэнь биш Чин Вэнь байв. Бао Юй түүнийг дэргэдээ суулгаад:
-Чи улам эрх дураар болж байна. Өглөө чамайг дэвүүрийн бариул хугаллаа гэж би хоёрхон үг хэлэхэд чи ямар олон юм хэлэв ээ. Чи намайг хэлэх ч яахав. Ши Рэньд олон юм хэлдэг нь. Тэр чинь сайн санаагаар чамайг хамгаалах гэж ирсэн юм шүү дээ. Тэгэхэд чи түүнд ямар эвгүй зан гаргав. Энүүнийгээ бодож үзээрэй. Болж байна уу, үгүй юу гэсэнд Чин Вэнь:
-Энэ халуунд чангааж таталдаж яанав даа. Хүн харвал хичнээн муухай вэ. Угаасаа над мэтийн хүн энд суух хэмжээгүй болжээ гэсэнд Бао Юй инээж:
-Чи тийм хэмжээгүйгээ мэдэж байгаа юм бол юунд энд хэвтэж байгаа юм бэ гэсэнд Чин Вэнь хэлэх үггүй болоод дэмий л инээд алдаж:
-Чи ирэхгүй бол болно. Чи ирвэл даруй тийм хэмжээгүй болно. Чи босогтүн. Би явж биеэ угаая. Ши Рэнь, Шө Юэ нар цөм биеэ угаасан. Би тэднийг дуудсугай гэв. Бао Юй инээгээд:
-Би нилээн архи уулаа. Бас угаах хэрэгтэй. Чи угаагаагүй юм бол ус авчир. Хоёул угаая гэсэнд Чин Вэнь гараа сэгсэрч:
-Үгүй үгүй. Би аймшиггүйгээр танд халдаж чадахгүй. Эртийд таныг Би Хэнь усанд оруулсныг бид мартаагүй шүү. Бүтэн хоёр гурван цагт тэр их ус асгаж юу хийснийг мэдэхгүй. Сүүлд та нарын угааж дууссаны дараа ороход газраар л нэг ус тунаж, яаж угаахаараа тийм болдог юм бэ, мэдэхгүй. Хэдэн өдрийн л инээд болсон байх. Надад тэр их усыг арилгах завгүй, чи ч надтай угаах хэрэггүй. Энэ үдэш сэрүүн байна. Би л лав угаахгүй. Харин нэг түмпэн ус авчирч өгье. Чи наад нүүр гар, үс гэзгээ угааж самна. Сая Юань Ян нилээд жимс авчирч өгснийг тэр гантай усанд хийчихсэн байгаа. Тэд ирж чамд идүүлнэ биз гэсэнд Бао Юй:
-За тийм бол чи биеэ угаахгүй ч гэсэн гараа угаагаад надад жимс авчирч өгч идүүл гэв. Чин Вэнь:
-Ямар ч үг хэлсэн би бол мунхаг амьтан. Дэвүүр баривал хугалдаг хүн. Хаанаас танд жимс идүүлэх ажлыг хийж чадах вэ. Хэрэв пял хагалсан бол сүйд болох байсан даа гэсэнд цаадах нь инээж:
-Чи хагалах дуртай бол хагалж болно. Эдгээр эд юмсыг хүнд хэрэглүүлэх л гэж авсан юм. Чи ингэх дуртай гэвэл, би тэгэх дуртай. Хүн бүрийн зан адилгүй. Үлгэрлэвэл тэр дэвүүрийг зөвхөн дэвүүрдэхэд л хэрэглэнэ. Гэтэл чи урж тоглох дуртай бол мөн болно. Гагцхүү уураа түүнд битгий гарга! Пял аягатай зүйрлэж хэлбэл юм агуулахад хэрэглэнэ. Тэгтэл чи түүний дууг сонсох дуртай бол хагалж л байхгүй юү. Гагцхүү уурлахаараа түүнд битгий уураа гаргагтүн. Ингэвэл эд хэрэглэлийг ч, хүнийг ч хайрласан болно гэсэнд Чин Вэнь инээн:
-Тийм бол чи тэр дэвүүрээ над өгч уруулагтүн. Би урагдах дууг сонсох дуртай шүү дээ гэсэнд Бао Юй дэвүүрээ гаргаад өгөв. Цаадах нь аваад тархийтэл хага татав. Залгаагаар хэд хэдэн удаа тар тар гэсэн дуугарав.
-Сайхан урж байна. Дахиад урж дуугаргаач гэж Бао Юй хэлээд инээв.
Ийн ярилцаж байхад үед Шө Юэ ирж гөлийн хараад:
-Гүй ээ энэ чинь, ямар буянаа барсан амьтан бэ гээд нулимсанд Бао Юй дэвүүрийг нь булааж аваад Чин Вэньд өгсөнд цаадах нь мөнөөх дэвүүрийг хэдэн хэсэг болгож хаяад хоёул хөхрөлдөв. Шө Юэ:
-Энэ яаж байгаа юм бэ. Хүний юмаар ингэж тоглож болдог юм уу гэсэнд Бао Юй:
-Ямар сайн юм бэ. Чи тэр хайрцагтай дэвүүрээс шилээд аваарай гэсэнд цаадах нь:
-Тэр хайрцагтай дэвүүрийг чинь энүүнд өгч цөмийг нь уруулж, чадлыг нь үзвэл сайн юм бишүү гэсэнд Бао Юй, “Бүгдийг нь аваад ир” гэв. Шө Юэ:
-Би тийм нүгэл хийхгүй. Түүний гар хугараагүй бол өөрөө очиж авахгүй юү гэсэнд Чин Вэнь инээж: “Би одоо ядарчээ. Миний бярыг маргааш мэдтүгэй” гэв. Бао Юй:
-Эртний хүн мянган лан алтаар нэг инээдийг олохуйяа бэрх гэсэн юм гэнэлээ. Хэдэн муу дэвүүр юү болох вэ… гэтэл Ши Рэнийг дуудав. Тэрбээр хувцсаа солиод гарч ирэхэд бага шивэгчин Жя Хуй хэмхэрсэн дэвүүрүүдийг хураахад цаадуул нь сэрүүцэн суусныг үл өгүүлэн өгүүлэх нь:
Маргааш нь үдийн алдад Ван Фүрэнь, Бао Чай, Дай Юй нарын олон эгч дүүг Жя Мүгийнд байж байтал хүн ирж “Шы да авхай ирлээ” гэж мэдүүлсэний дараахан Шы Шянюнь олон шивэгчин, бэрээ дагуулан хүрээнд орж ирэв. Тэднийг Бао Чай, Дай Юй нар индрийн дор угтан авав. Эгч дүү нар ойрд уулзаж учраагүй болохоор халуун дотноор уулзан зовгов. Тэд дотогш ороод ч бас халуун дулаан уулзалтад учрав. Жя Мү: “та минь ээ, энэ халуунд дээлээ тайлцгаа” гэж уриалав. Ван Фүрэнь инээж: “Яасан ч их юм өмсөцгөөсөн юм бэ дээ” гэсэн Шиян Юнь инээж: – цөмийг хоёрдугаар авга эх өмсгөсөн юм. Түүнээс биш хэн ийм юм өмсөхийг дурлах вэ дээ гэв. Бао Чай хажуугаас нь:
-Нагац эх та мэдэхгүй байна. Энэ хүн хувцас өмсөхдөө бас хүнийхийг өмсөх дуртай шүү. Ноднин гурав дөрвөн сараар энд байхдаа, Бао Юй дүүгийн хувцас, гутлыг өмсөөд бас бүсийг нь бүсэлсэнд харахад яг л Бао Юй байсан шүү. Ганц хоёр ээмэг л илүү төдий байсан байх. Тэгээд сандлын ард зогссонд Лао тайтай андуураад, Бао Юй нааш ир. Дээр өлгөсөн дэнгийн цацгийн тоос бууж нүдэнд чинь оруузай гэж байсан юм. Гэтэл энэ харин инээгээд очоогүй. Бид тэсэж ядан хөхрөлдсөнд Лао тайтай сая мэдээд: “Хөвүүний янзаар хувцаславал улам сайхан харагдах нь” гэж билээ. Бас Дай Юй:
-Энэ ч яахав, тийм л юм болсон юм. Харин уржнангийн цагаан сараар үүнийг урьж авчраад хоёр хоносны дараа цас орсон юм. Лао тайтай, нагац эх тэднүүс өвгөдийн сүмд мөргөхөөр явсан юм. Тэгсэн чинь энэ Лао тайтайгийн шинэ улаан хар минжин нөмрөгийг аваад өмсчихжээ. Аргагүй шүү дээ. Тэр нь их элбэг, урт болохоор нь бүсний оронд нэг алчуур авч бүслээд, шивэгчин охидтой хамт цасаар хүн хийнгээ тоглож байхдаа бүдэрч унаад шавар шороо болгочихсон байлаа гэсэнд бүгдээр: “Нээрэн тийм шүү” гээд хөхрөлдөв. Бао Чай инээд алдан Жөү овогт хөхүүл эхээс:
-Жөү Мөөмөө, танай авхай мөн тийн алиа байсаар уу гэсэнд эмгэн зүгээр л инээв. Ин Чүнь:
-Алиа нь ч яахав. Олон үгтэй нь л дургүй хүрмээр. Шөнө унтахаар хэвтсэн мөртөө шивэр гүвэр яриад л салахгүй. Нэг хөхрөөд л тэгснээ яриад л, дахин хөхрөөд л, хаанаас нь тийм олон үг ундраад байдаг юм, бүү мэд гэсэнд Ван Фүрэнь: “Одоо бол зүгээр болсон байхаа. Уржигдар хүн ирж үзсэн. Удахгүй айлд очих болсон тул тийм байж яаж болох вэ” гэхэд нь Жя Мү:
-Та нар маань хонох уу, харих уу гэж асуув. Жөү Мөөмөө:
-Дээл хувцсаа цөмийг авчирсаныг Лао тайтай харж байгаа биз дээ. Нэг биш хэд хонох байлгүй гэсэнд Шян Юнь:
-Бао Юй байгаа юу гэж асуусанд Бао Чай:
-Хараач, бусад хүмүүсийг ер санадаггүй мөртөө ганцхан Бао Юй дүүг санадаг нь хэвээр байна. Энэ хоёр чинь тоглоом наадам, алиа шогт дуртай улс даа. Үүнээс үзвэл, алиа зангаа хаяагүй янз байна шүү гэсэнд Жя Мү:
-Эд нар маань том болцгоожээ. Багын нь нэрээр битгий дууд… гэтэл Бао Юй ороод ирэв. Тэрбээр инээж:
-Юнь охин дүү иржээ. Уржигдар хүн явуулж урихад яагаад ирсэнгүй вэ гэхэд Ван Фүрэнь,
-Лао тайтай дөнгөж сая хэлээд байхад энэ амьтан бас нэр овгоор нь дуудаж байна гэв. Дай Юй:
-Ах чинь чамд сайн юм өгөх гээд хүлээгээд байгаа гэсэнд Шян Юнь:
-Ямар сайн юм бэ гэв. Бао Юй:
-Чи түүний үгийг битгий итгэ… гэснээ охиныг харж, ойрд уулзаагүй энэ улам л өндөр болоод байх юмаа гэж гайхсан янзтай хэлэв. Шян Юнь:
-Ши Рэнь эгч сайн уу гэж асуув. Бао Юй,
-Сайн сайн. Түүнийг санагалзсанд баярлалаа гэв. Шян Юнь: “Би түүнд гоё юм авчирсан” гээд нэг зангилаат алчуур гаргав. Бао Юй, “Юун сайн юм бэ. Гэхдээ наадах чинь, уржигдрын илгээсэн тэр бадмаараг бөлзөгт яаж хүрэх вэ” гэсэнд Шян Юнь: “Та хар л даа” гээд алчуурынхаа зангилааг задлахад цөмөөр үзвэл эртээдийн ирүүлсэн бадмаараг бөлзөг нэг боолтод дөрөв байв. Дай Юй инээгээд: “Та нар энүүнийг хараач. Уржигдар хүнээр бидэнд бэлэг хүргүүлэхдээ, түүнийхийг хамт л ирүүлчих биз. Өнөөдөр тусгай бэлэг авчирсан гэхээр нь ямар гайхалтай юм байгаа юм бол гэсэн чинь энэ л байна шүү дээ. Энэ ер нь тэнэг амьтан юм” гэв. Шян Юнь: “Харин чи тэнэг амьтан байна. Би учрыг нь хэлье. Хэн нь тэнэг болохыг та нар тунгааж үз. Та нарт илгээсэн юмыг авч очсон хүн хэлэхгүй боловч аяндаа авхай нарт илгээсэн нь мэдэгдэнэ. Хэрэв өөр хүмүүст хүргэх бол энэ нь хэнд, тэр нь хэнд бэ гэдгийг би зарсан хүнд хэлэх хэрэгтэй. Зарсан хүн маань сэргэлэн бол бас яахав гэхсэн. Тэгтэл мулгуу хүн таарвал, олон хүний нэрийг хүртэл цээжилж чадахгүй. Та нарыг хүртэл самууруулна. Эмэгтэй хүн таавал уг нь зүгээр. Тэгтэл нэг хөвгүүн таарсан юм. Түүнд энэ хүүхнүүдийн нэрийг яаж хэлнэ вэ. Түүний оронд өөрөө ирэхдээ авчирч өгвөл нэгэн зүг юм” гэж бодсон юм гэхэд бөлзгөө тавиад “Ши Рэнь эгчид нэг, Юань Ян эгчид нэг. Жинь Чуань эгчид нэг Пин Эр эгчид нэг” гэх мэтийн энэ олон хүнийхийг зарц хүүгээр явуулсан бол тэр нэг бүрчлэн цээжилж чадах уу” гэв. Хүмүүс хөхрөлдөж: “Нээрэн л тийм дээ” гэцгээв. Бао Юй:
-Хэл ам нь бас л хурц байна. Хүнд огт найр тавихгүй шүү гээд инээв. Дай Юй инээмсэрч:
-Ямар хэл ам нь мохоо хүн “Алтан хилэн гөрөөс” зүүх вэ гээд босоод явав. Хүмүүс тэр бүр сонсоогүй бололтой ганцхан Бао Чай л жуумалзан инээнэ. Бао Юй буруу үг хэлсэндээ гэмшиж байснаа Бао Чайн инээхийг хараад инээвхийлэв. Бао Чай түүнийг харснаа, Дай Юйн араас гарав. Жя Мү Шян Юньд хандаж: “Цайгаа уугаад жаал амраад дараа нь бэрүүдтэйгээ очиж уулз. Хүрээн дотор сэрүүн. Эгч дүү нартайгаа зугаал” гэж хэлэв. Шян Юнь дуулгавартайяа хүлээн аваад бэлгийн юмсаа боож аваад явав. Баахан амарсаныхаа дараа Фөн Жетэй уулзахаар очиход шивэгчид, хөхүүл эхчүүд дагалдан очив. Тэд их л элэгсгээр уулзан золгоцгоов. Тэндээс гарч ирээд Ли Ваньтай уулзан, тэнд нилээн суугаад дараа нь И Хун Юаньд очиж Ши Рэньтэй уулзахаар явахдаа:
-Та нар намайг дагах хэрэггүй. Ойрын садангуудтайгаа уулзахаар явж болно. Ганцхан Цүй Люй л байхад болно гэсэнд цаадуул нь дуртайяа үлдэв. Зарц нь: “Энэ Лянхуа цэцэг яагаад дэлгэрэхгүй байгаа юм бол” гэсэнд Шян Юнь: “Цаг нь болоогүй байна” гэв. Тэр хоёр ийн ярилцсаар явав. Цүй Люйг: “Энэ манай гэрийн нуурынх шиг суваргалсан цэцэг байна” гэсэнд Шян Юнь: “Эднийх манайд хүрэхгүй” гэв. Цаадах нь лавшруулж:
– Эдний тэр талд нэг агарын мод байна. Салаа намаа нь дээр дээрээсээ ургаад суврага дээр суварга давхарласан юм шиг, ямар сүрхий ургадаг юм бэ гэж асуусанд Шян Юнь:
– Өвс мод боловч хүнтэй адилхан. Амьсгал, судас нь гүйцэж төгөлдөржвөл сайн ургана гэсэнд зарц нь толгой сэгсрэв.
-Би энэ үгийг чинь итгэхгүй. Хүнтэй адил юм бол толгой дээр нь толгой ургасан байдаггүй шүү дээ. Би л үзээгүй.
-Би чамайг битгий дуугар гэхэд чи нэг юм ярих гэж зүтгэнэ. Чиний үүнийг хүн юү гэж үзэх вэ. Тэнгэр газрын завсар цөм арга билгийн хоёр амьсгалаас бүрэлджээ. Зөв гажуу, хачин сонин, түмэн мянганаар улиран хувьсавч цөм арга билиг эевэргүү, тэрсээс болжээ. Хэдий сая ургахдаа маш хачин сонин боловч эцэстээ ёс учир нь, цөм нэг бөлгөө.
-Тийм юм бол эртнээс одоог хүртэл галав ертөнц тогтсон нь, цөм арга билиг хэрэг үү.
-Ээ тэнэг амьтан! Хэлэх тусам зөрүүдэлнэ. Юуны чинь “Цөм арга билиг” энэ тэр вэ. Энэ арга, билиг гэгч чухам нэгэн учиртай. Арга дуусвал даруй билиг болно. Билиг дуусвал даруй арга болно. Харин билиг дууссан хойно бас нэг арга үүсэх биш. Арга дууссан хойно бас нэг билиг үүсэх ч биш.
-Энэ их юм сонсоод би улам мангуурчихлаа. Юуны бас арга билиг гэж мөр сүүдэр ч үгүй юмыг би, Танаас асууя. Энэ арга билиг гэгч чухам ямар янзтай эд болчихов оо?
-Энэ арга билиг гэгч нэг зүйлийн амьсгал болой. Эд бодист оршвол, сая түр чанар бүрэлдэнэ. Үлгэрлэе, тэнгэр бол арга, газар бол билиг. Ус бол билиг, Гал бол арга. Нар бол арга. Сар бол билиг гэх мэт.
-За за, одоо би мэдлээ. Хүн нарыг “Аугаа арга” гэж заяа бодогчид сарыг “Аугаа билгийн одон” гэдэг нь ийм учиртай юм байж.
-Бурхан минь, сая л нэг юм мэдэхчээ болж байна уу?
-Эдгээр зүйлийг арга билгээр хуваах нь зүйтэй. Гэтэл ялаа батгана, бөөс, хорхой, цэцэг навч, ваар, тоосгыг хүртэл цөмийг арга билгээр хуваана уу.
-Яагаад хуваахгүй вэ. Жишээ нь, модны навчаар бодовч мөн арга билиг гэж хуваана. Нар өөд хандсан нь арга. Сүүдэр тал руу хандсан нь даруй билиг болно.
-Харин тийм юмаа. Би одоо мэдлээ. Гэтэл миний барьж яваа энэ дэвүүрийг яаж арга билгээр хуваана вэ?
-Энэ зөв тал нь арга, буруу тал нь билиг.
Тэр хоёр ийн асууж, хариулж явтал сүүлдээ Цүй Люйгийн толгойд асуух юм орж ирэхээ болихоор тонгойн бодлогоширч явтал Шян Юний алтан хилэн гөрөөс нүдэнд нь тусмагц түүнийг заагаад: “Авхай энүүнд бас арга билиг байх уу” гэж асуув.
-Араатан, жигүүртэний эрэгчин нь арга, эмэгчин нь билиг болно. Юунд үгүй гэх билээ гэж Шян Юнь хэлэв. Цүй Люй:
-Таны энэ эрүү, эмүү гэж асуусанд цаадах нь нулимж:
-Юуны “эр”, “эм” гээд чалчаад унаваа гэсэнд Цүй Люй:
-Ингэж асууж яагаад болдоггүй юм бэ. Та хэлж өгөхгүй намайг гацаах нуу. Би мэдчих нь шүү гэв. Шян Юнь писхийтэл хөхрөөд:
-Чи юү мэдчих нь вэ гэсэнд цаадах нь:
-Авхай бол арга. Би даруй билиг мөн гэсэнд Шян Юнь алчуураараа амаа дараад хөхрөв. Цаадах нь:
-Зөв хэлсэнд баярлаж байгаа юм уу гэвэл Шян Юнь:
-За тийм, тийм гэв. Тэгтэл Цүй Люй:
-Эзэн нь арга, боол нь билиг гэж хүн хэлдэг. Би энүүхэн учрыг хүртэл мэдэхгүй юү гэв. Шян Юнь:
-Чи сайн мэдэж байна гэв.
Тэд ийн ярилцан явж байгаад цанхай цэцгийн хүрээнд дор нэг юм гялсхийхийг хараад Шян Юнь зааж:
-Чи хар, тэр юү вэ гэж асуусанд Цүй Люй яаран очиж авч үзээд, “Одоо чи арга билгийг ялгаж болно” гээд Шян Юний хилэн гөрөөсийг ажив. Шян Юнь: “Юү олов. Үзүүл” гэсэнд цаадах нь ардаа бариад: “Эрдэнэ оллоо. Авхай үзэж болохгүй. Энэ хаанаас гараад ирвээ. Хачин юмаа. Би эндэхийн хүмүүст ийм юм байхыг огт үзээгүй” гэв. Шян Юнь:
-За алив, би үзье гэсэнд Цүй Люй, гараа дэлгэн инээж: “Авхай үз, үз” гэв. Шян Юнь түүнийг үзвэл, өөрийн нь зүүж яваагаас том бөгөөд өнгө будаг нь ялгарсан сайхан алтан хилэн гөрөөс байв. Гар сунган аваад алган дээрээ тавьтал санаандгүй зүрх нь догдолж, ямар нэг юм бодогдох мэт болов. Энэ үед Бао Юй тэндээс хүрч ирээд:
-Чи энэ халуунд энд юу хийж байгаа юм бэ. Ши Рэньтэй уулзана гэсэн чинь яалаа гэсэнд Шян Юнь амжиж хилэн гөрөөсөө нуугаад: “Одоо очиж явна. Цугтаа явцгаая” гээд И Хун юань хүрээлэн чиглэн явцгаав. Ши Рэнь яг индрийн доор хашлага түшин сэрүүцэн байснаа Шян Юнийг хараад угтан ирж гарыг нь бариад халуун дотноор ярьсаар дотогш орж найр тавин суулгав. Бао Юй:
-Чи эрт ирэхгүй яаваа. Би нэг сонин юм олоод чамайг хүлээж байсан юм гээд хормой хотоо тэмтрээд, аяа гэж дуу алдсанаа Ши Рэньд: “Тэр юмыг чи хурааж авсан уу” гэж асуув. Ши Рэнь: “Ямар юм бэ” гэсэнд Бао Юй: “Яагаад, өчигдрийн олсон хилэн гөрөөс” гэж асуув. Цаадах нь:
-Чи чинь байнга биедээ авч явж байж. Яагаад надаас асууж байгаа юм бэ гэж эргүүлж асуув. Бао Юй алгаа нэг сайн ташаад “Өнөөхөө гээчихжээ. Одоо хаагуур эрэх билээ” гээд эрж олохоор явахыг завдав. Шян Юнь өнөө олсон гөрөөсөө Бао Юйн юм байж гэж сая санаад “Чи хэзээ хилэн гөрөөстэй болсон юм бэ” гэж асуув. Бао Юй:
-Уржигдар олсон юм. Тэрнээ хэзээ, хаана гээснээ мэдэхээ байлаа. Би ч бүр дүйнгэ болжээ гэв. Шян Юнь:
-Тэр нэг тоглоомын төлөө ингэж сандарч яана вэ гээд гараа дэлгэн инээж:
-Чи сайн хар. Энэ биш биз гэсэнд Бао Юй үзээд учиргүй баярлав. Хожмын явдлыг нь мэдье гэвэл дараах бүлэгт үзтүгэй!
Холбоотой мэдээ