Давос Трампыг хэрхэн угтах вэ?

Хуучирсан мэдээ: 2018.01.24-нд нийтлэгдсэн

Давос Трампыг хэрхэн угтах вэ?

Давос Трампыг хэрхэн угтах вэ?

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Швейцарийн Давост өчигдөр /2018.01.23/ эхэллээ. 1970 оноос хойш зохион байгуулж буй олон улсын улс төр, эдийн засгийн элитүүдийн чуулга уулзалтад энэ жил дэлхийн 70 гаруй орны удирдагчид, эдийн засаг, бизнесийн байгууллагын 900 гаруй гүйцэтгэх захирлууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид, урлаг соёлын одод, хэвлэл мэдээллийнхэн зэрэг 3000 гаруй зочид оролцож байна.

Трамп ба Давосын зочид  

Энэ жилийн Давосын чуулга уулзалтын хамгийн их анхаарал татаж буй зочин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп. Трампыг Давосын чуулга уулзалтад оролцохыг зөвлөж, эдийн засгийн популизмын тухай ярьсан хүн нь Цагаан ордны ахлах стратегич Стив Беннон байв. Гэвч Стив Бэннон одоо түүнд зөвлөж чадахгүй болсон ч Трамп “АНУ нэгдүгээрт  бодлого”-оо сурталчлах энэ боломжийг алдахгүй байхаар шийджээ.  Хамгийн сонирхол татаж буй зүйл нь Трампын илтгэлийг Давосын элит зочид хэрхэн хүлээн авах гэдэг юм. Ерөнхийлөгчийн 2016 оны сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амласан амлалтуудаасаа болж Трамп дэмжигчдээс гадна үзэн ядагчдын армитай болсон билээ. Харин энэ удаа түүний илтгэлийг улс төр, бизнесийн элитүүд хэрхэн хүлээн авах бол гэдэг нь сонирхол татаж буй юм. ОУВС татварыг бууруулах санаачилгыг дэлхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх сайн мэдээ гэж хүлээн авсан бөгөөд татварын хэмжээг бууруулснаар АНУ-ын эдийн засаг өсч, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж шинжээчид харж байгаа юм.

Давосын бусад зочдоос нэрлэвэл  Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Германы Канцлер Ангела Меркел, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, Зимбабве улсын шинэ Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва, болон урлаг соёлын одод Английн дуучин Сэр Элтон Жон, Black Eyed Peas хамтлагийн дуучин Will.i.am, Холливуудын жүжигчин Кэйт Бланшет, Болливуудын од Шах Рух Хан оролцож байна. Өнгөрсөн жил Хятадын дарга Си Жиньпиний улам бүр даяарчлагдаж буй дэлхийн тухай илтгэл Давосын зочдын анхаарлыг их татсан.  Харин энэ удаа Си Жиньпин өөрөөр оролцоогүй ч олон хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн багийг илгээжээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар Давосын анхаарлын төвд байгаа юм.

Даяарчлал, криптовалют ба бусад асуудлууд

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Трамп сонгуульд ялалт байгуулсан, Их Британи Европын холбооноос гарах гэж буй, Европын олон оронд хэт барууны үзэлтнүүд дэлгэрсэн энэ жил даяарчлалд багтаж чадаагүй улс орнуудын асуудалд анхаарлаа хандуулахын тулд “Бутарсан дэлхийн ирээдүйг хамтдаа бүтээх нь” сэдвийн дор зохиогдож байна.

Өнгөрсөн жилийн чуулга уулзалтын цоо шинэ сэдэв байсан асар тогтворгүй криптовалют  ирээдүйн төлбөр тооцооны хэрэгсэл үү эсвэл нүд хуурсан луйвар уу гэдэг асуудал энэ удаагийн чуулганы халуухан сэдвийн нэг болох нь тодорхой байна. Мөн биткойн болон бусад цахим мөнгөний ашигладаг блокчэйн технологи анхаарлаас гадуур үлдэхгүй.

Жендерийн тэгш бус байдал ба #MeToo хөдөлгөөн

Холливууд дахь бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг  #MeToo хөдөлгөөн нийгмийн бусад салбарт дэгдэж, ид хүчээ авч байгаа билээ. #MeToo хөдөлгөөн дэгдсэнээс хойш бэлгийн дарамт учруулсан дуулианд холбогдсон улс төр, бизнесийн аль ч салбарын, нөлөө бүхий албан тушаалтнууд зохих хариуцлагаа хүлээж эхэлсэн юм.

Давосын эдийн засгийн чуулга уулзалтад уламжлал ёсоор голдуу эрчүүд оролцдог байснаас жендерийн тэгш бус байдлыг үлгэрлэсэн хэмээн шүүмжлэлд өртсөн билээ. Харин Дэлхийн эдийн засгийн форумыг зохион байгуулагчид үүнийг өөрчлөхөөр энэ жил 48 жилийн хугацаанд анх удаа эмэгтэйчүүдийн оролцоог 21 хувь болгож нэмэгдүүлсэн байна. Энэ жил эдийн засгийн чуулга уулзалтын хамтран зохион байгуулагч долоон гишүүн бүгд эмэгтэйчүүдээс бүрдэж байгаа ажээ.

Дүрвэгсдийн хямрал

Чуулга уулзалтын эхний өдөр НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын сайн санааны элч, Холливуудын жүжигчин Кэйт Бланшет дүрвэгсдэд хандаж буй улстөрчдийн популист хандлагыг шүүмжилж, хавчлага мөрдлөг, алан хядлага, ядуурлаас зугтан эх орноо орхин гарсан 22 дүрвэгчид тусалж, нигүүлсэнгүй хандахыг дэлхийн улстөрчдөөс уриалсан байна.

Иордан, Ливан дахь дүрвэгсдийн лагеруудад очиж ажиллаж байсан НҮБ-ын Сайн санааны элч Кэйт Бланшетэд энэ үйл хэргийнх нь төлөө Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Crystal Award шагнал гардуулсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж