Мөс цөмөрснөөс амиа алдсан хэд, хэдэн осол гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.01.23-нд нийтлэгдсэн

Мөс цөмөрснөөс амиа алдсан хэд, хэдэн осол гарчээ

Мөс цөмөрснөөс амиа алдсан хэд, хэдэн осол гарчээ

Цаг агаар хүндхэн байгаагаас зам даваа давж чадахгүйд хүрч боогдох, гол нуурууд бүрэн хөлдөөгүйгээс иргэд авто машинтайгаа зорчиж яваад осолдох харамсалтай хэргүүд гарсаар байна. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Ч.Туяагаас тодрууллаа.


-Цаг агаар эрс хүйтэрч байна. Энэ үед Онцгой байдлын ерөнхий газарт ирэх дуудлагын тоо нэмэгдэж байна уу?

 

-Баруун аймаг болох Увс, Завхан, Орхон, Төв аймгийн нутаг дэвсгэрт цас ихтэй байгаа учраас замын хүндрэлүүд гарч дуудлага их ирж  байна. Ялангуяа Завхан аймгийн чиглэлд олон удаагийн дуудлага ирэх болсон. Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч байгаа энэ үед дизель хөдөлгүүртэй авто машинаар хөдөө орон нутагт зорчихгүй байхыг иргэдэд анхааруулж байна. Дизель хөдөлгүүртэй авто машин нь хүйтэнд царцаад, дулаанаа хадгалж чадахгүйн улмаас иргэд гар хөл нь хайрагдсан даарч бээрсэн дуудлагууд их  ирж байна. Орон нутагт зорчиж байгаа иргэд авто машины бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, тэнхлэг өндөр машинаар явах, дулаан хувцаслаж бэлтгэл сайн хангах хэрэгтэй.  Мөн гэр бүл ойр дотны хүмүүстээ хөдөө орон нутгийн ямар сум руу явж байгаа талаараа заавал мэдэгдэх нь зөв.Тэгэхгүй бол цаг агаар хүндэрсэн үед үзэгдэх орчин  хязгаарлагдахад баримжаагаа алдаж төөрдөг. Байгаа газраа мэдэхгүй болохоор олж очиход хүндрэлтэй байдаг. Ар гэрийнхнээс нь хаана явж байсан талаар тодруулъя гэхэд тодорхой мэдээлэл байдаггүй гээд бэрхшээл гардаг. 

-Он гарснаас хойш хүн осгосон тохиолдол бүртгэгдэв үү?

-Одоогоор  осгосон тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэхдээ мөс цөмөрч хүн нас  барсан хэд хэдэн тохиолдол гарсан. Мөн малчид малаа дагаад шуурганд уруудчихаад байна. Холбогдох байгууллагаас сэрэмжлүүлэг анхааруулга явуулж байгаа ч иргэд хариуцлагагүй байна.

-Тэгэхээр орон нутгийн зарим гол мөрний мөсний зузаан хангалттай хэмжээнд хөлдөөгүй байна гэсэн үг үү?

-Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарч байгаа ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Голын усны урсацаас шалтгаалаад, зарим нэг газарт харзтай гол хүртэл хөлдөөгүй байна.Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа учир иргэд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр авто тээврээр зорчихгүй  байх хэрэгтэй.

-Мөс цөмөрч, хүн нас барсан тохиолдол гарсан уу?

-2018 он гарснаар Ховд, Хөвсгөл, Увс, Сэлэнгэ аймгуудад мөс цөмөрч, хүн нас барсан харамсалтай тохиолдлууд бүртгэгдсэн. Ховд аймгийн Мөст сум, Булган суманд хоёр удаагийн тохиолдлоор мөс цөмөрч гурван хүн амь насаа алдсан тохиолдол гарсан. Мөн нэгдүгээр сарын 21-нд Хөвсгөл нууранд 11 хүнтэй фургон машин осолдсон хэрэг гарлаа. Хэрэг гардаг өдөр цасан шуурга ихтэй  байсан. Мөн үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй болсон үед хөдөлгөөнд оролцож байгаад мөсөн хил үүссэн газар осолдсон байгаа юм. Золоор мөс цөмрөлгүй 11 хүн бүгд эсэн мэнд гарч чадсан. Машин барьж явсан жолоочийн гар хөл нь хайрагдсаныг эс тоовцол гайгүй өнгөрлөө гэх мэдээлэл манайд ирсэн.

-Мөсөн дээгүүр зорчих нь нэг талаасаа цаг хэмнэж байгаа ч гэсэн нөгөө талаасаа олон хүний амь  насыг эрсдэлд оруулж байна. Энэ асуудалд  жолооч нарын хайхрамжгүй байдал нөлөөлж байна уу?

-Тийм ээ, тээврийн хэрэгслийн жолооч нарын хариуцлагагүй байдалтай шууд холбоотой гэж хэлж болно. Энэ оны нэгдүгээр сараас эхлээд Хөвсгөл аймгийн Ханх сум, Хатгал тосгон хоёр хоорондоо хамтран ажиллаж байгаа. Ялангуяа шөнийн цагаар нууран дээгүүр зорчихыг хатуу хориглож, харин өдрийн цагаар мэргэжлийн хүмүүсийн хяналт дор цөөн тооны авто машиныг хөдөлгөөнд оролцуулж байгаа. Ингэснээр осол гарахгүй байх давуу талтай юм.

Хатгал тосгон, Ханх сумын хооронд Сант гэдэг даваа байдаг. Жолооч нар энэхүү даваагаар давахад  асуудалгүй, цасанд хаагдаад хүндрэл үүссэн зүйл байхгүй. Яахав энэ даваагаар давахад арав гаруй цаг зарцуулдаг, харин мөсөн дээгүүр явахаар хоёр цаг гаруй давхиад оччихдог юм билээ. Иймээс жолооч нар бензин тос, цаг хугацаа хэмнэх зорилгоор Хөвсгөл далай дээгүүр хулгайгаар зорчдог. Өөрсдийнх нь амь насанд аюултай шүү гэдгийг анхааруулаад байхад л хайнга ханддаг. Мөн малчид малаа услах гээд мөс цоолж цооног гаргадаг. Эргээд тэр цооногтоо хамгаалалт хийхгүй сул орхичихдог.  Харин тэр цооног руу нь бага насны хүүхэд унаж амиа алдаж байна. Жил бүр  ийм осол гарч байна. Эцэг эх, асран хамгаалагч нар маш сайн анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулах хэрэггүй шүү дээ.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж