Монголын анхны талбайн уран барималч

Хуучирсан мэдээ: 2018.01.23-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

Монголын анхны талбайн уран барималч

Эртний өрнө дахины урлагийн төв болсон Итали улсын ‘Ромын урлагийн их академи’-д магистрт модерн уран баримлын мэргэжлээр амжилттай суралцаж төгссөн, залуу уран барималч Б.Цагаадайг "ШИНЭ НЭР" булан онцолж байна. 

Тэрбээр Сити их сургуульд уран баримал, уран зургийн багшаар ажилладаг. Орчин үеийн парк, талбайн уран барималч мэргэжилтэй бүсгүй маань 2016 онд Монголд ирснээсээ хойш хэд дэдэн үзэсгэлэнд амжилттай оролцсоноос ЛГБТ-өөс зарласан ‘Шилдэг уран бүтээлчдийн уралдаан-2016’-д оролцон ‘Оршихуй’ бүтээлээрээ Гранпри шагнал, “Уран баримал -2017” үзэсгэлэнгээс мөн Гранпри шагнал тус тус хүртэж байжээ. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

Залуу уран барималч Б.Цагаадай /Гэрэл зургийг Э.Энхбат 2018.01.22/

БАДРАЛ ЦАГААДАЙ: 1992.01.30.

Төгссөн сургууль:

Нийслэлийн Баянгол дүүргийн 40 дүгээр бүрэн дунд сургууль /1998-2007/

Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх урлагийн дээд сургуулийг Уран барималч, уран зураач мэргэжлээр /2007-2011/

Хятадын Чинхуандао хотын “Багшийн Их Сургууль”-д Итали хэлний бэлтгэл /2011-2012/

Итали улсын Ром хотын “Accademia di Belle Arti di Roma”-ийг орчин үеийн цэцэрлэг талбайн зориулалттай уран баримaл мэргэжлээр /2012-2015/

Мэргэжил: Уран барималч, зураач

Одоо эрхэлж буй ажил:Сити их сургуулийн Архитектур-Интерьер дизайны тэнхимийн уран баримал, уран зургийн багш

Сошиал хуудас: Tsagaadai tsaagii /фэйсбүүк/

АНХНЫ АМЖИЛТ 

-Анх 2003 онд гуравдугаар ангийн сурагч байхдаа Баянгол дүүргийн “Архи амьдралын дайсан” сэдэвт гар зургийн уралдаанд оролцож, гуравдугаар байр эзэлж байлаа. Тухайн үед би тэр бүтээлдээ “Архин биет дүрс далайд сэлж буй хүмүүст архин өгөөш өгч, хүмүүс өгөөшийг үмхэн өөр рүүгээ оруулан живүүлж байгаа” тухай зурж байсан. Одоо бодоход багаас аливаа юмыг зохиомжлох, сэтгэн бодох сэтгэхүйтэй хүүхэд байсан юм шиг. Анхны уралдаанаас их урам авч, уран бүтээлч болох гараагаа эхлүүлсэн гэж боддог.

Монголд ДУДэС-ийн уран баримлын ангид бакалаврын зэрэгт суралцаж байх үеийн зургаас 2011 он.

АНХ ХЭРХЭН УРАН БАРИМАЛ СОНИРХОЖ ЭХЛЭВ?

-Аав маань уран барималч зураач хүн. Дүрслэх урлагийн сургуульд багшилдаг доктор, профессор С.Бадрал гэж хүн бий. Тиймээс уран барималч болоход аав минь их нөлөөлсөн дөө. Аав маань ОХУ-ын Репины академид оюутан, ээж маань ажилдаа явчихдаг тэгээд эгч бид хоёр гэртээ өдөржингөө будгийн харандаагаар зураг зурж өнгөрүүлдэг байлаа. Хааяа бүр гэрийнхээ ханан дээр хүртэл зурчихдаг байсан шүү. Намайг жаахан байхад аав маань их сургуульд багшилж, би хааяа хичээлтэй үед нь оюутнуудтай нь зэрэгцээд л баримлын шавраар морь, тэмээ хийгээд л суудаг хүүхэд байлаа. Аав маань миний нэг нас зургаан сартайдаа зурсан зураг, гурван нас, дөрвөн нас гээд л багадаа зурсан бүх зургуудийг хадгалчихсан байдаг, хааяа тэр зургуудийг үзэхээр би яалтачгүй зөв мэргэжлээ сонгожээ гэж боддог.

Арван жилийн сургуульд сурч байхдаа эгчтэйгээ хамтарсан анхны үзэсгэлэнгээ Монголын хүүхдийн ордонд гаргаж “Авьяас” мөнгөн медалиар шагнагдаж байлаа. Эгч Б.Бэлгүтэй маань надад “Чи бага байхын сонин сонин юмыг хооронд нь хольж хийдэг сониуч хүүхэд байсан, одоо бодоход чи багаасаа мэргэжлээ сонгочихсон байжээ. Уран баримлыг ч гэсэн хийхэд янз бүрийн материалыг хооронд нь хольж ашигладаг шүү дээ” гэж хэлж байсан. Аав маань уран барималч хүн болохоор би мэргэжлийг нь өвлөж, харин эгч маань хувцас дизайнер, дүү Б.Боданчар маань одоо график дизайнерын мэргэжлээр суралцаж байгаа. Бас ээж минь ч гэсэн хувцастай холбоотой мэргэжилтэй сайхан бүсгүй бий.

ЯАГААД ОРЧИН ҮЕИЙН ЦЭЦЭРЛЭГ, ТАЛБАЙН УРАН БАРИМАЛЧ МЭРГЭЖЛИЙГ СОНГОХ БОЛОВ? 

Хичээлийн явцаас, Итали улс Ром хот. 2013 он

Итали улсын

-Монголд Соёл урлагийн их сургуульд уран баримлын ганцхан анги л байдаг. Харин Италид магистрт суралцахаар очиход орчин үеийн парк, зүлэг талбайн уран баримлын анги, гантиг чулуун уран баримал, сонгодог уран баримлын анги гээд нэг мэргэжил дотроо олон ангитай байсан. Надад сонголт хийхэд нэлээн хэцүү байсан ч тэр дундаас би модерн хотын цэцэрлэг, талбайн уран баримлын ангийг сонгон, дүүргэсэн.

Монголын их, дээд сургуулиудад оюутнуудын араас багш нар нь маш их санаа тавьдаг бол Италид энэ байдал тэс өөр. Их сургуульд суралцаж байх хугацаандаа оюутнууд мэдэхгүй зүйлээ багшаас асууж, өөрсдөө маш их эрэл хайгуул хийж, мэргэжлийнхээ төлөө чин сэтгэлээсээ хичээн суралцдаг. Би Италид магистрт суралцаж байхдаа гурван жил дарааллан Итали улсын тэтгэлгийг, дүнгийн болон кредит цагийн болзлыг ханган авч амжилттай суралцаж төгсөөд Монголдоо 2016 онд ирсэн.

Мөн дипломын ажлаараа 110/110 оноо авч, магистрын дипломоо хамгаалсан маань миний маш их хичээл зүтгэлийн үр шим. Тухайн оюутны авсан хичээлүүдийн голч дүн нь процентон дүнгээр 90-ээс дээш байх болон нэг жилд 46 кредит цуглуулах ёстой гээд заачихдаг. Хэрвээ тэр оноогоо авч чадахгүй бол тэтгэлгээ авч чадахгүй, хоёр дахин нугалж төлдөг байх жишээтэй. Тэгэхээр ийм өндөр хариуцлагатай нөхцөлд оюутнуудад онц сурахаас өөр сонголт байхгүй гэж хэлж болно. Мэдээж бүх хичээл нь Итали хэл дээр ордог хүнд хэцүү зүйлүүд зөндөө байдаг ч гэлээ эцэг эхийнхээ итгэлийг алдалгүй, эх орныхоо нэрийг сайнаар гаргахын тулд бүхнээ дайчлан, мэрийн суралцсан.

ХАМГИЙН СҮҮЛД ЯМАР БҮТЭЭЛ ДЭЭР АЖИЛЛАСАН БЭ? 

-Хамгийн сүүлд гэвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зарласан Хэнтий аймгийн Дадал суманд баригдахаар төлөвлөж буй “Мянганы суут хүн Их Эзэн Чингис хааны цогцолбор”-ын томоохон хэмжээний бүтээн байгуулалтын тендерт нийт 14 баг, компани оролцсоноос Сити их сургуулийн маань зарим багш нар хамтарч нэг баг болон оролцсон.  Миний хийсэн “Чингисийн эзэнт гүрэн” хөшөөний эскиз маань шалгарч энэ цогцолборын нэг хэсэг болон баригдахаар болсон.

УРАН БҮТЭЭЛЭЭРЭЭ ДАМЖУУЛАН ХҮМҮҮСТ ЮУ ӨГҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭДЭГ ВЭ? 

-Би өөрийн дотоод мэдрэхүйгээ бүтээлээрээ дамжуулан гаргадаг. Би уран бүтээлч хүн нэг сэдвээрээ л дагнан уран бүтээл хийдэг гэж боддог байлаа. Гэтэл тийм биш гэдгийг сайн ойлгосон. Учир нь би харь оронд сурч байхдаа эх орноо, ээжийгээ их санана. Тэгэхээр миний дотроос тэр санасан сэтгэлээ илэрхийлсэн бүтээлийн санаанууд төрж эхэлсэний нэг томоохон жишээ бол магистрын дипломын ажил болох “Ээж ээ” 170 см өндөртэй уран баримал маань байгаа юм.

“Ээж ээ” бүтээлээр дамжуулан юутай ч зүйрлэшгүй эхийн хайрыг илэрхийлж, ээжийн хайрыг огт мэдэрч үзээгүй хүмүүст ч тэр агуу хайрыг мэдрүүлэхийг хичээсэн юм. Энэ бүтээл маань маш том хэмжээтэйгээр цэцэрлэгт байршуулах зориулалттай, дотор нь сандал байрлуулснаар баримлын маань доор суух боломжтой юм. Ээжээсээ, эх орноосоо хол байгаа хүмүүс эсвэл ээж нь бурхан болсон хүмүүс миний бүтээлээс яг л ээжийнхээ нөмөр нөөлөг болоод ертөнцөөс тасарч зөвхөн ээжтэйгээ хамт байх тэр нандин мөчийг хэсэг хугцаанд ч болов мэдрээсэй гэж хүссэндээ энэ бүтээлийг хийсэн.

Гэтэл эх орондоо ирсэн чинь бүтээл хийх санаа маань өөрчлөгдөж, Монголд сүүлийн жилүүдэд гэр бүл салалт ихэссэн гэх статистик мэдээг хараад ихэд эмзэглэсэн. Үүнээс болж маш олон хүүхэд хохирч байгаа нь сэтгэлийг минь ихээр эмзэглүүлсэн юм. Хүмүүс бие биеийнхээ мөн чанарыг танилгүйгээр өнгөн хэсэг харагдах байдлыг нь л хараад дурлаж, гэр бүл зохиож байна. Тиймээс Монголд ирснээсээ хойш хүний дотоод ертөнц, мөн чанарын гайхамшгийг илэрхийлсэн бүтээл ихээр хийх болсон. Бүтээлээрээ нийгэмдээ тулгамдаж буй асуудалд урлагаар багахан ч болтугай нөлөө үзүүлэхийг хүсч байдаг нь уран бүтээлч хүний гол зорилго юм болов уу гэж боддог.

ЗАЛУУ УРАН БАРИМАЛЧИЙН ХУВЬД ХОТЫНХОО ГУДАМЖ ТАЛБАЙН БАРИМЛЫГ ЯМАР БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ ВЭ?

-Урлагийн өлгий болсон Итали улсад сурч байхдаа хором бүрт урлагаар амьсгалж байсан. Айлуудын хаалга хана, барилгуудын чимэглэл, гудамж талбайн баримлууд, усан оргилуур, байшин барилга гээд нэг алхаад л дэлхийн алдартай урлагийн бүтээлүүд байдаг байлаа. Жишээлбэл, Колизей, Фонтана Ди Трэви, Витториа Эмануалэ гээд л дэлхийн сор болсон түүхэн дурсгалуудын хажуугаар өдөр бүр алхаж явахдаа өөртөө ч итгэхгүй баярладаг байсан шүү. Хамгийн чухал нь тэнд жинхэнэ модерн урлагийг мэдрээд ирсэн. Орчин цагт хөшөө нь заавал хөдөлгөөнгүй байх бус уран бүтээлчид видео уран баримал болон кинетик уран баримлыг бүтээх болсон. Ингэснээр тухайн баримлын аль нэг хэсэг байнгын хөдөлгөөнтэй байна гэсэн үг. Тиймээс энэ модерн, кинетик уран баримлын чиглэлийг Монголдоо хөгжүүлэхийг хүсэж байна.

Дэлхийн бусад улс орнуудыг харахад талбай, цэцэрлэг, байшин барилга нь урлагийн бүтээлтэй салшгүй холбоотой харагддаг. Италид ханан дээрх рельефэн /хагас товгор/ баримал, ханын зураг, гудамж талбайн хөшөө дурсгал гэх мэт ард иргэд нь эргэн тойрон урлагийн бүтээлээр амьсгалж, тэдгээрийг харан нүд баясган, тайвширч, хүүхэд багачуудыг багаас нь урлагийн хүмүүжилтэй болгож байна. Гэвч Монголд урлагийн салбарыг хөгжүүлэх бодлого байхгүй, санхүүжилтээр бүрэн дэмждэггүй нь хийж бүтээхийн итгэл зоригоор дүүрэн байгаа залуу үеийнхэн бидэнд ихээхэн хаалт болж байгаа хэдий ч уран бүтээлчид бид нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг бүтээлээрээ дамжуулан хүмүүсийн дуу хоолой болохоос гадна өөрсдийн үзэл бодлоо зогсолтгүй илэрхийлсээр байгаа.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Миний хувьд чөлөөт цагаа үр дүнтэй, сонирхолтой өнгөрүүлэх дуртай. Тиймээс ч гэрэл зураг авах, видео арт хийх зэргээр өөрийн сонирхсон зүйлдээ ихээхэн цагийг зарцуулдаг. Итали улсад магистраар суралцаж байх хугацаандаа өөрийн сонирхсон хичээлүүдийг сонгон суралцаж давхар хичээллэх боломжтой байсан нь их давуу талтай санагддаг.

Би бас гэрэл зураг сонирхдог. Эхэндээ янз бүрийн л зураг дардаг байлаа харин сүүлийн үед хүмүүсийн аж байдлын зураг авах дуртай болсон. Хүмүүс санаандгүй байхдаа үнэхээр үзэсгэлэнтэй өөрийнхөөрөө байдаг тэр төрхийг би кадртаа мөнхлөн үлдээхийг хүсдэг. Мөн амьдралд хэний ч  ажиглаагүй энгийн хэрнээ гайхалтай тэр л агшныг аль болох алдахгүй дарахыг хүсдэг. Тэр агшин бүрийг алдалгүй дараад байж чадахгүй ч гэлээ хааяа нүдэндээ буулгаж үлдээд баримлын бүтээлийнхээ санаа болгож авдаг.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Би ирэх намраас өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөж байгаа. Эх орондоо ирснээсээ хойш хэсэг хугацаанд чимээгүй байж олон зүйлийг ажиглан харж, эрэгцүүлэн бодож хэд хэдэн бүтээлээ хийж, нэрийн төдийн үзэсгэлэн гаргах гэж яарсангүй ээ. Харин удаан бодож төлөвлөсний эцэст удаан хугацааны бодол дундаасаа олж авсан тэр нэг сэдвийн дагуу /одоохондоо нууц/ анхны бие даасан үзэсгэлэнгээ цөөхөн чанартай бүтээлүүдээрээ дэлгэн гаргах төлөвлөгөөтэйгөөр эскизүүдээ гаргаад явж байна. Уг үзэсгэлэнгээрээ орчин цагийн уран баримал ямар түвшинд хөгжиж байна вэ гэдгийг харуулахаас гадна өөрийн дотоод ертөнцөө бүтээлээрээ дэлгэн харуулах болно.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?

-Би бүтээлээрээ хүмүүст өөрийн ертөнцөө нээн харуулах, урлагийн үнэ цэнэ, гайхамшгийг мэдрүүлэхийг хүсдэг. Нэг талаасаа урлаг гэдэг бол бидний дотоод гүнд байдаг дуу хоолойны илэрхийлэмж юм тэгээд л бол оо.

Тэрнээс биш алдар нэртэй, олны танил болоход хүргэх багаж хэрэгсэл ердөөсөө ч биш юм. Миний хувьд Монголын орчин үеийн урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулан, Монгол хүн бүр урлагийг сонирхдог, ойлгодог, урлагт хайртай байгаасай гэж хүсдэг.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ?

-Би одоо их сургуульд багшилдаг. Ажиглаад байхад орчин үеийн нийгэмд хүүхэд, залуучуудад маань сатаарах зүйлс маш их болсоноос болоод ч тэр үү, сонгосон мэргэжилдээ өөрийгөө 100 хувь дайчилж чадахгүй байна. Уг нь оюутан байх хэдхэн жилд олж авсан мэргэжлээрээ бид насан туршдаа идэх хоол, өмсөх хувцасаа олох юм шүү дээ. Тиймээс сурч байх богинохон хугацаандаа өөр олон дэмий зүйлд цагаа зарцуулалгүй зөвхөн тухайн мэргэжлээрээ шамдан суралцаж чадварлаг боловсон хүчин болох нь өөрийнх нь ирээдүйд төдийгүй улс нийгэмд маань илүү хэрэгтэй юмуу гэж боддог. Оюутан залуус маань сонгосон мэргэжилдээ үнэхээр “дурласан” оюутан ховор харагддаг. Ихэвчлэн эцэг эхийнх нь сонголт эсвэл эрэлт ихтэй мэргэжил гэсэн хэдхэн шалтгаанаар насан туршийн мэргэжлээ сонгоод байгаа нь харамсалтай. Гэтэл хүн ямар ч мэргэжилтэй бай мэргэжилдээ дуртай, хүсэж мөрөөдөж мэргэжлээ сонгосон залуус л амжилт гаргадаг. Тиймээс залуу хойч үеэ мэргэжлээ сонгохдоо илүү няхуур хариуцлагатай хандаж мөн эцэг эх нь ч хүүхдийнхээ хүсэл сонирхлыг нэгдүгээрт тавьж хүүхдүүдтэйгээ ярилцан ойлгож, сэтгэлээсээ хандаасай гэж хүсдэг.

Мэдээж би залуу хүн учраас сургалтаа аль болох шинэлэг, сонирхолтой байхад анхааран гадны улс орнуудын сургалтын арга барилаас судлан суралцахыг хичээдэг. Мөн оюутнуудаа сонгосон мэргэжилдээ хайртай болоход бага ч гэсэн нөлөөлөхийг эрмэлзэж багшийн мэргэжлээр ажиллаж байна.

ТҮҮНИЙ УРАН БҮТЭЭЛЭЭС

Бороон хүн

ХӨРӨГ ЗУРГУУДААС

Гэрэл зургийг Э.Энхбат

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж