Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд 2017 онд долоон төрлийн татвар нэмэх шийдвэр гаргасан билээ. Энэ хүрээнд 2018 онд Хүн амын орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль болон архи, тамхины онцгой албан татварууд нэмэгдэж байгаа юм. Тэгвэл зарим ТББ болон Ардчилсан намын зүгээс татвар нэмэх асуудлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байгаа юм. Ингээд татварын нэмэгдэлтэй холбоотой асуудлаар улстөрч, эдийн засагчдын байр суурийг тодруулан хүргэж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
-МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Таны амьдралын үе шат бүрт зориулсан бодлогыг хэрэгжүүлж, татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй, цалин, тэтгэврийг нэмэгдүүлнэ хэмээн” тунхагласан. Гэвч УИХ-ын сонгуульд олонх болмогцоо сонгуулийн мөрийн хөтөлбөрөө умартаж, амлалтынхаа эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа МАН-ын Засгийн газарт татвар, агаарын бохирдол, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар хугацаатай шаардлага хүргүүлж байна. Хэрэв УИХ-ын Намрын чуулган завсарлахаас өмнө буюу хоёрдугаар сарын 1-нээс өмнө шаардлагын хариуг өгч, тодорхой арга хэмжээ авахгүй бол тэмцлийн хэлбэрийг сонгож, улс орныг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна. Цаашлаад амлалтаасаа ухарсан Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараах, хариуцлагагүй улстөрчдөд улс төрийн хариуцлага хүлээлгэх тэмцэл өрнүүлэхээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
-Хувь хүний орлогын албан татвар нэмэгдэж байгаа нь буруу. Нэг жилийн өмнө би татварын нэмэгдэлтэй холбоотой яг энэ талаар ярьж байсан. Нийгмийн, хувь хүний орлогын албан татварыг нэмнэ гэхэд би эрс эсэргүүцэж байсан хүн. Харин архи, тамхины татвар нэмэгдэж байгааг нь буруутгахгүй. 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүсийн татвар нэмэгдэнэ гэдэг хүндэдсэн тоо. Таван саяас дээш ч юм уу тэр хэмжээний орлого олж байгаа хүн өндөр татвар төлөх нь хууль шүү дээ. Би 1.5 саяас дээш гэдгийг нь онцолсонгүй. Ихээхэн хэмжээний ашиг олж байгаа бол бизнесээ эхлүүлж байгаа бусад хүмүүстээ тусалдаг байх хэрэгтэй.
Япон, Казахстан жижиг, дунд үйлдвэрлэлийнхээ корпораци хэлбэрээр ажилладаг. Өндөр хэмжээний ашиг олж байгаа компаниуд буцалтгүй тусламж үзүүлж төрөөс нь 50 хувийн санхүүжилтийг нь оруулж корпораци хэлбэрээр бизнес эрхлэх сонирхлыг нь дээшлүүлдэг. Зээл хайгаад олдохгүй, тайлан баланс байхгүй, барьцаа хөрөнгөгүй бизнес хийх гээд яваа хүмүүст маш бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг өгдөг. Энэ санааг бид оруулж ирэх ёстой. Бид шүүмжлээд байж болохгүй. Бодитой санааг оруулж ирэх шаардлагатай. Миний хувьд манайхан хэт их шүүмжлэгч болчхож гэж харж байгаа. Бодитой байх ёстой.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав
-Өнөөдөр нийгэмд шүүмжлэл дагуулаад байгаа асуудал гэнэт гараад ирчихсэн зүйл биш л дээ. Аль өнгөрсөн оны хавар л долоон төрлийн татвар нэмэгдэх шийдвэр гарч байхад манай танхим эсэргүүцээд хэвлэлийн хурал зарлаж байсан юм. Тэгэхэд төр засаг ч, олон нийт ч хэн ч биднийг үгийг тоож сонсоогүй л дээ. Уг нь бид өнөөдөр асуудал болоод байгаа татварын нэмэгдэл чинь ард түмэнд дарамт болно шүү гэдгийг л сануулсан хэрэг. Харамсалтай нь, манайхан яг татвар авах үед нь гэнэт сэрж, бухимдаад байна.
2015 онд УИХ-аар НӨАТ-ын хуулийг өөрчилсөн. НӨАТ-ын хоёр хувийг эцсийн хэрэглэгчдэд буцаан олгодог болсон. Үүний үр дүнд 2016 онд татварын орлого 500 тэрбумаар давж биелсэн. Өнгөрсөн 2017 онд татварын орлого нэг их наяд 300 тэрбумаар давсан. Татварын орлого давж биелээд байхад яагаад иргэдээс авах татварыг улам нэмээд байгаа юм бэ гэдэг асуудлыг нь танхим тавьсан юм. Манай татварын орлого жил бүр нэмэгдэнэ гэдгийг үнэндээ Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн ч мэдээгүй. ОУВС-гийнхан ч мэдээгүй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
-Хувь хүний орлогын албан татвар шатлалтай нэмэгдсэнийг буцаж нэг шатлалтай болгох, тэтгэврийн насыг буцааж өөрчлөх эрэгтэй 60, эмэгтэй 55 болгох асуудлаар хууль, тогтоолын төсөл өргөн барих гэж байгаа. Гарын үсэг цуглуулж байгаа. Нээлттэй хэлэлцүүлэг хийх саналаа УИХ-д танилцуулна. Хэлэлцүүлэг явуулахыг шийдэхгүй бол жагсаал, цуглаан, өлсгөлөн гээд улс төрийн акц үзүүлнэ’