Инфляцийн өсөлт хоёр оронтой тоонд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Инфляцийн өсөлт хоёр оронтой тоонд хүрлээ

Инфляци 10 хувьд хүрлээ. УИХ-аас үнийн өсөлтийг нэг оронтой тоонд барих үүрэг өгсний дараа Монголбанкныхан түүнийг нь биелүүлж, монголчуудад цаасан дээрх ганц оронтой тоог харуулж байсан нь бий. Тухайн үед улсын хэмжээнд 13 хувьтай байсан инфляцийн түвшин ганцхан сарын дотор найм болтлоо буурсан юм. Гэтэл өчигдөрхөн 600 төгрөгийн үнэтэй байсан талх маргааш нь 700 болон нэмэгддэг хэвээр байсан. Тэгэхээр инфляци гэдэг иргэдийн хэрэглээ, бүтээгдэхүүний үнээс хамаарч хэлбэлздэг зүйл биш бололтой. Гэвч өнөөдөр “Даравч далдайна, булавч бултайна” гэгчээр тэд инфляцийг  хүчээр ч хамаагүй нэг оронтой тоонд хүргэж чадахгүй болжээ.

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхөд хэрээс хэтэрсэн нийгмийн халамжийн үйлчилгээ хамгийн их нөлөөлсөн. Сонгуулийн амлалт тойрсон улстөржилтөөс болж эрх баригчид уул уурхайн салбараас ирээдүйд олох ашгаа иргэддээ зүгээр тараасаар байгаа. Уг нь нийгмийн эмзэг, ядуу хэсгийнхэнд зориулагдах ёстой энэ мөнгийг бүх иргэндээ тараасан. Үүний “ачаар” ядуусын тоо ч буурсангүй. Баячууд ч нэмэгдсэнгүй. Харин зөвхөн цаасан дээр бичсэн хоосон тоо хоёр оронтой болж орхив. Төрөөс халамжийн хэлбэрээр тарааж буй мөнгө нь иргэдийн гар дээр орлого болон очиж, тэр хэрээрээ хэрэглээг нь нэмэгдүүлсэн. Гэхдээ энэ нь бодит, тогтвортой орлого биш юм. Ямартай ч өнгөрсөн сарын эцэс гэхэд зах зээлд гарч буй мөнгөний нийлүүлэлт зургаан их наяд төгрөг гарчээ. Үүнийг өнгөрсөн зургаадугаар сарынхтай харьцуулахад 149.99 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Харин 2010 оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.3 их наяд төгрөгөөр их гарсан байна. Харин гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ 673.9 тэрбум төгрөг болж зургаадугаар сарынхаас 35.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад энэ тоо даруй 50 хувиар өссөн байна. Ийнхүү мөнгөний бодлогоос үл хамаарч зах зээл дэх төгрөгийн нийлүүлэлт ихэсч байгаа үед үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлж төв банк бодлогын хүүгээ нэмэх учиртай.

Гэвч Монголбанк бодлогын хүүг 11 хувьд барьсаар байгаа. Үүний шалтгаан нь дотоодын компаниудаа дэмжиж, тэдний авах зээлийн хэмжээг бууруулахгүй байх гэх зорилтоос үүдэлтэй. Өнөөдрийн байдлаар Монголын арилжааны банкууд дунд хэрэглээний зээл давамгайлах хандлагатай байгаа юм. Өөрөөр хэлбэл, ахмадууд тэт­гэ­вэ­рээ, ажилгүй иргэд Хү­ний хөгжил сан”-гийн мөнгөө барьцаа­лан зээл авах болсон. Зарим мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар зээлийн өсөлтийн 40 орчим хувийг иргэдийн авч буй зээл эзэлж байгаа аж. Ийм тохиолдолд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж, тэдний үйл ажиллагаанд түлхэц болсонгүй. Монголбанк бодлогын хүүгээ нэмэхгүй байгаа нь ч үр дүнгээ өгсөнгүй. Эцэст нь инфляци дарж, далдлахын аргагүйгээр хоёр оронтой тоонд хүрэв. 

Иргэдийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн сагс дахь тээврийн бүлгийн дүн 2.5 хувь, хүнсний бүтээгдэхүүний үнэ 0.8 хувиар өсчээ. Харин өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 10.1 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн Улаанбаатар хотод орон сууцны үнэ энэ оны нэгдүгээр сараас хойш 9.2 хувиар өссөн бол өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 12.5 хувиар нэмэгджээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэлд энэ зун инфляци өсөхөд нөлөөлсөн хүчин зүйл нь хүнсний бүтээгдэхүүнээс бусад бараа, үйлчилгээний үнийн өсөлт юм. Гэхдээ махны үнэ инфляцид ихээхэн нөлөөлдөг. Инфляци хоёрдугаар сарын 24-нд 14.8 хувьд хүрч өссөн ч, нөөцийн мах хангалттай нийлүүлэгдэж, үр дүнд нь гуравдугаар сард инфляци нэг оронтой тоо руу шилжсэн бол тавдугаар сард махны үнэ 10.2-13.7 хувиар өссөн нь тус сарын инфляцийн өсөлтөд нөлөөлсөн юм.  Max, сүү, хүнсний ногоо зэрэг хүнсний бүлгийн гол бараануудыг хасч тооцож гаргадаг үзүүлэлт болох суурь инфляци ч нэмэгдсээр байгаа. Суурь инфляци сүүлийн дөрвөн сарын турш өсч буй. Энэ нь инфяцийн дарамт өндөр байгааг илэрхийлж байна. Мөн эдийн засагт бий болж байгаа үйлдвэрлэлийн хүчин чадлаас илүү гарсан эрэлт бий болж байгааг тодорхой хэмжээгээр илтгэдэг энэ үзүүлэлт өсөөд байгаа нь, эргээд л нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлттэй холбоотой тайлбарлагдана.  ОХУ-аас нийлүүлж буй түлшний хэмжээ буурсны улмаас дизель болон АИ-92 бензиний түр зуурын хомсдол үүсч дизель түлш өнгөрсөн оны мөн үеийнхээс 34.6 хувь, АИ-92 шатахууны үнэ 9.5 хувиар тус тус өссөн нь зургаадугаар сарын инфляцид нөлөөлсөн ажээ. Шатахууны үнийг дагаад цахилгаан, дулааны төлбөр ч нэмэгдэх нь. Тэгэхээр иргэдийн нуруун дахь ачаа улам бүр ихэснэ гэсэн үг. Инфляци нэмэгдэнэ гэдэг нь нөгөө талаараа, төгрөгийн худалдан авах чадвар буурахын дохио юм. Үнэхээр ч энэ он гарснаас хойшхи хугацаанд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 0.5 хувиар суларсан байна. Үүнд АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд буурч байгаа нь тодорхой хэмжээнд нөлөөлсөн юм.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж