“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 03 дугаарт Малын генетик нөөцийн тухай хуулийг нийтэлжээ.
Энэ хуулийн зорилт нь мал болон ашиг шимийг нь ашигладаг тэжээвэр амьтны генетик нөөцийг бүртгэх, төлөв байдлыг тодорхойлох, хадгалах, хамгаалах, тогтвортой ашиглах, судлан хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж буй юм.
Энэ хууль нь Монгол Улсад үржүүлж байгаа мал, түүний үржүүлгийн бүтээгдэхүүн болон тэдгээртэй холбогдох уламжлалт мэдлэгт хамааралтай харилцаанд үйлчлэх бөгөөд малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийг бүртгэх, түгээн дэлгэрүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэхээс бусад уламжлалт мэдлэгтэй холбогдох харилцааг энэ хуулиар зохицуулахгүй юм байна.
Малын генетик нөөцийг бүртгэх, төлөв байдлыг тодорхойлох, генетик нөөцийг ашиглах, судлан хөгжүүлэх, хадгалах, хамгаалах, нөөцийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар хуульд хэрхэн тусгасан талаарх мэдээллийг эмхэтгэлээс авах боломжтой.
Мөн дээрх хуулийн хамт батлагдсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг нийтэлсэн байна.
Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.
Малын генетик нөөцийн тухай хууль баталсантай холбогдуулан Монгол Улсын малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх бэлтгэл ажлыг хангаж, үнэлгээг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний дотор явуулж, дүнг тухайн онд багтаан Улсын Их Хуралд танилцуулах, хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалт, шилжилтийн үеийн бэлтгэл ажлыг хангах, хуульд заасан захиргааны хэм хэмжээний актыг 2018 оны 06 дугаар сарын 01-ний дотор боловсруулан, хууль таниулах ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт дээрх тогтоолоор даалгасан байна.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай УИХ-ын тогтоолтой эмхэтгэлээс танилцах боломжтой. Зөвлөл нь төсвийн бодлогын чиглэлээр бие даасан, хараат бусаар мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөмж гарган Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх бөгөөд төсөв, санхүүгийн холбогдолтой шийдвэрийн нөлөөллийг олон нийтэд таниулах зорилгоор олон нийтийг төсвийн талаарх мэдээллээр хангаж, төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангаж ажиллах юм байна.
Мөн Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.