АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны зүгээс 2018 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан. Дараа нь АНУ-аас Монгол Улс дахь Элчин сайдын яамнаас хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, ирэх гуравдугаар сараас В2 визийг мэдүүлэх боломжтой гэдгийг онцолсон.
Гэвч сошиалд “Саяхан Монгол Улс АНУ-д хөдөлмөр эрхлэх орнуудын жагсаалтад орсон тул нэг жил хүртэлх хугацаатай өндөр цалинтай ажлуудад урьдчилан бүртгэж байна. АНУ-д хөдөлмөрлөж нэг жилд 30 мянган ам.доллар хуримтлуулах боломжтой ажлуудад эрэгтэй, эмэгтэй 50 хүртэлх насны хүмүүс хамрагдаж болно” гэх мэдээллийг байршуулсан фэйж хуудсууд олноор нээгдээд буй. Энэ асуудлыг бид Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд дарга Л.Мөнхтүшигээс тодрууллаа.
Тэрбээр “АНУ-д гэрээт ажилтан бүртгэж байна” гэх худал мэдээлэл сошиалд нийтэлсэн фэйж хуудсуудыг цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлтийг гаргасан. Бид бас АНУ-ын Элчин сайдын яамнаас тодруулахад “Гэрээт ажилтан бүртгэж эхлээгүй” гэдэг мэдээлэл өгсөн. Одоогоор АНУ-д гэрээгээр ажиллах ажилтныг бүртгэх асуудал тодорхойгүй байгаа. Харин АНУ-ын ажил олгогчийг Монгол иргэдтэй хэрхэн холбох тухай нарийвчлан тохирохоор ажиллаж байна. Гэтэл ашиг олох зорилгоор “АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна”, “Визэнд зуучилна” гэх залилангийн гэмт хэргийн шинжтэй зарлал, мэдээлэл олноор гарч байгаа тул иргэдийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье” гэв.
А.Сүрэн