Хятадын Консулд 2 га газар олгоно

Хуучирсан мэдээ: 2018.01.23-нд нийтлэгдсэн

Хятадын Консулд 2 га газар олгоно

Хятадын Консулд 2 га газар олгоно

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2018.01.23/ хуралдаж, Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг нэгдүгээр сарын 4-нд УИХ-д өргөн мэдүүлжээ.

БНХАУ-ын талаас Ерөнхий консулын газрын барилга байгууламжийг барихад зориулан 3-4 га газар олгох хүсэлт тавьсныг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хоёр га газар олгохоор шийдвэрлэж, орон нутгийн түвшинд гаргасан байна. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.4 “гадаад улсын дипломат болон консулын газарт олгох газар нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаардаг, тус хуулийн 17 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалтад заасны дагуу УИХ гадаад улсын дипломат болон консулын газарт олгох газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоодог зохицуулалттай.

Энэ дагуу Байнгын хороо хуралдаж, дээрх тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Тогтоолын төслийг дэмжиж байна. Гэхдээ Монголд байгаа дипломат төлөөлөгчийн газар болон гадаадад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамдын байрны газрын маргааныг нэг талд нь шийдвэрлэж байх хэрэгтэй. Бид олон улсын өмнө хүлээсэн үүрэг, хоёр улсын харилцаанд энэ асуудлыг тусгасан учраас маргаантай асуудлуудыг яаралтай шийдэж явах нь зүйтэй байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Казахстан улсын Монгол дахь Элчин сайдын яамны газрын маргаан маш удаан үргэлжилж байна. Засгийн газар, УИХ, Хотын дарга нь шийдвэрээ гаргасан байхад хувийн аж ахуй нэгж нь газраа чөлөөлж өгөхгүй, маргааныг хүндрүүлж байна. Гадаад харилцааны яам энэ асуудалд онцгой анхаарч ажиллах ёстой. Ер нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Гадаад харилцааны яаманд ажиллаж, Монгол Улсын гадаад бодлого хаашаа чиглэж байгаа, цаашид ямар бодлого хэрэгжүүлэх талаар нэгдсэн мэдээлэлтэй болох нь зүйтэй. Бид ирэх жилүүдэд ямар бодлого хэрэгжүүлэх, ямар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх вэ гэдэгт өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэр, хууль эрх зүйн зохицуулалт ямар байсанд үнэлэлт өгөх асуудлыг байнгын хороо хийх ёстой гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа тогтоолын төслийн заалт бүрээр санал хурааж, анхны хэлэлцүүлгийг хийснээр тус байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж