Чөлөөт бөхийн шинэ аварга Б.Зоригтбаатар

Хуучирсан мэдээ: 2018.01.23-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн шинэ аварга Б.Зоригтбаатар

Чөлөөт бөхийн шинэ аварга Б.Зоригтбаатар

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр таван жинд шинэ аварга төрсөн. Эдгээр аваргуудыг цувралаар хүргэж байна. Энэ удаа эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд барилдаж, аваргын алтан медаль хүртсэн Батсүхийн Зоригтбаатарыг онцоллоо.

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн харцага Б.Зоригтбаатар анх удаа чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аваргад барилдаж, түрүүлсэн юм. 

“Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 330-р анги, “Мэргэд хангай” клубын тамирчин Б.Зоригтбаатар чөлөөт бөхийн спортоор хичээллээд удаагүй байгаа ч өнгөрсөн жил U23 залуучуудын ДАШТ-ий сонгон шалгаруулалтад оролцож байжээ.  Тэрбээр энэ жил 22 насандаа улсын аварга боллоо. 

ВОЛЕЙБОЛЫН ТАМИРЧИН БОЛОХ СОНИРХОЛТОЙ БАЙЖЭЭ 

Б.Зоригтбаатар дунд сургуулиа Орхон аймагт дүүргэж, “Аварга” дээд сургуулийг 2017 онд чөлөөт бөхийн дасгалжуулагч мэргэжлээр төгссөн байна. Харин түүний бага нас Батцэнгэл суманд өнгөрч, 10-р ангиа сумандаа дүүргэжээ. Бага байхын спортод сонирхолтой байсан ч сагсан бөмбөг, волейболыг илүүтэй шимтэн үзэж, хичээллэжээ. Өөрөө ч волейболын тамирчин болно гэдэгтээ их итгэлтэй байсан аж. Харин 11-р ангид орох жилээ Эрдэнэтэд ирснээр бөхөөр барилдах болж, тэмцээнд бэлтгэж эхэлсэн байна.

Аав Батсүх сумын наадамд гурван удаа түрүүлсэн сумын заан цолтой бөх хүн аж. Түүний гурван ах барилддаг ч тууштай хичээллээгүй байна.

2017 ОНД АЙМГИЙН ХАРЦАГА БОЛЖЭЭ

“Аварга” дээд сургуульд сурч байх үед заалны барилдаанд олон удаа барилдсан нь түүнд томоохон туршлага болсон байна. Тэрбээр Сүхбаатар аймагт болсон үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний 17-18 насанд түрүүлж, улсын аварга цолыг хүртжээ.  Мөн 2016 онд сумын цолтой бөхчүүдийн барилдаанд таван удаа оролцож, гуравт нь түрүүлж, хоёрт нь үзүүрлэсэн байна.

“Бичин” жилийн сар шинийн цуврал барилдааны сумын цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлж, цэргийн наадамд барилдан цэргийн начин болжээ. 

Улсын наадамд өнгөрсөн онд анх удаа барилдаж, дөрвийн даваанд улсын аварга С.Мөнхбатад унасан байна. Гэхдээ Архангай аймгийн 93 жилийн ойн баяр наадамд урамтай сайхан барилдаж, зургаа даван аймгийн харцага цолыг авчээ.

ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГА КАЙЛ СНАЙДЕРТЭЙ БАРИЛДСАН НЬ

Б.Зоригтбаатар чөлөөт бөхөөс илүүтэй үндэсний бөхөд дуртай. 2014 онд чөлөөт бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртэж байжээ. Дараа жил нь дахин барилдсан ч бэртлийн улмаас хоёрдугаар тойргоос тэмцээнийг орхисон удаатай. Харин нэг хэсэг чөлөөтөөс хөндийрсөн ч 2017 оны есдүгээр сараас эхлэн эрчимтэй бэлтгэлд оржээ. Удалгүй U23 залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтад оролцож, хоёрдугаар байрт оржээ. Хэдийгээр тэр том тэмцээнд оролцох эрх аваагүй ч гэсэн түүнийг эрэгтэй багийн дасгалжуулагч Б.Батзориг цаашид бэлтгэл хийж, олон улсын туршлага хуримтуулах хэрэгтэй гэж зөвлөжээ. Үүний дагуу Ираны Тегеранд болсон клубийн Дэлхийн цомын тэмцээнд оролцсон байна. Энэхүү тэмцээн түүнд томоохон туршлага болсноос гадна “Рио 2016” олимпийн аварга, дэлхийн хошой аварга АНУ-ын алдарт бөх Кайл Снайдертэй барилдсан байна. Түүнээс хоёр оноо авч чадсан нь ихээхэн боломж байгааг харуулжээ.

ХҮНД ЖИНГИЙН ӨРСӨЛДӨӨН СЭРГЭЖЭЭ

Чөлөөт бөхийн энэ оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд болсон. Б.Зоригтбаатарт 97 кг-ын жинд барилдаж, шигшээ барилдаанд энэ жингийн босоо аварга П.Өсөхбаатарыг ялж, аваргалсан.

Энэ жинд нийт 15 бөх барилдсан бөгөөд Б.Зоригтбаатар Э.Дарамсэнгэ, О.Ганзориг, Б.Одсүрэн нарыг ялж, шигшээ барилдаанд шалгарсан. Түүний өрсөлдөгч бөх бол Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, улсын олон удаагийн аварга П.Өсөхбаатар байсан юм. Шигшээ барилдааны үеэр тэр өрсөлдөгч бөхөөсөө түрүүлж, оноо авч ордонд цугласан олныг суудлаас нь өндөлзүүлсэн. Барилдаан дуусахаас хэдхэн секундын өмнө хоёр оноогоор илүүрхэж байсан ч сэтгэл хөдлөлөө дэвжээн дээр нууж чадаагүй юм.

Энэ жилийн тэмцээнийг харахад хүнд жин сэргэж байгааг харуулсан. Б.Зоригтбаатарын жинд 15 бөх байсан бол 125 кг-д 28 бөх барилдсан. Ийнхүү чөлөөт бөхөд нэгэн шинэ аварга төрлөө.

“Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 330-р анги, “Мэргэд хангай” клубын тамирчин Б.Зоригтбаатарын чөлөөт бөхийн дасгалжуулагчаар Б.Батзориг, үндэсний бөхийн дасгалжуулагчаар Г.Батбаяр, гарьд Д.Рагчаа ажиллаж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж