Хойд Солонгосын “Моранбонг” хамтлагийн дуучин Хён Сон Волоор ахлуулсан төлөөлөгчид Өмнөд Солонгост айлчилж, Пёнчаны өвлийн олимпыг зохион явуулах газруудтай танилцсаныг эсэргүүцсэн жагсаал Сөүл хотод болж, жагсагчид Ким Жон Уны зургийг шатаажээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны томилсон төлөөлөгчдийн Сөүл, Ганнюнд хийсэн хоёр өдрийн айлчлал хэвлэлийн гол сэдэв болсон юм.
Хойд Солонгосын төлөөлөгчдийг хүлээж авсан Сөүл хотын метроны төв буудалд жагсагчид Ким Жон Уны зургийг шатаах үед цагдаа нар саатуулсан байна.
Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр болон пуужингийн туршилтуудаас болж хурцадмал болсон Солонгосын хойгийн хямрал өвлийн олимпын наадамтай холбоотойгоор түр намдсан. Өнгөрсөн бямба гаригт Олон улсын олимпын хороо Хойд Солонгосоос 22 тамирчин өвлийн олимпын гурван төрөлд өрсөлдөхөөр болсон гэж мэдэгдсэн юм.
Сөүл хотод жагсагчид “Бид Пхеньяны тамирчдыг олимпт оролцуулахыг эсэргүүцэж байна” гэсэн уриа лоозон барьсан байжээ. Жагсаалыг удирдсан Өмнөд Солонгосын хэт хуучинсаг үзэл баримтлалтай намын гишүүн Чо-жин хэлэхдээ ”Хойд Солонгосын тамирчдыг олимпын наадамд оролцуулах нь Пёнчаны олимпын нэр хүндийг унагаж, Ким Жон Уны дэглэм, цөмийн хөтөлбөрийн суртал ухуулга болж хувирна” гэжээ.
Сөүл хотын цагдаа нар жагсагчдыг саатуулан шалгаж эхэлсэн байна.
Өмнөд Солонгосын иргэдийн дийлэнх нь Хойд Солонгосын тамирчдыг олимпын наадамд оролцуулахыг дэмжин хүлээж авч, хоёр орны нэгдэхэд чухал алхам болно гэж найдаж байгаа юм. Харин цөөн хүмүүс хагарсан аяга хэзээ ч хэвэндээ ордоггүйн адил Хойд, Өмнөд Солонгос хэзээ ч нэгдэхгүй гэж үздэг байна.
Эх сурвалж: Reuters