Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан, Хэрэглэгчийн эрхийг тэргүүнд хамгаалах төвийн тэргүүн, Д.Мөнхтөр өнөөдөр /2018.01.23/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр шатахуун түгээх станцууд бензиний үнээ нэмэх болсныг үгсэн хуйвалдаж зохиомлоор хомсдол үүсгэсэн гэж үзэж байгаа юм байна.
2016 онд бензиний үнийг 50-200 төгрөгөөр буулгаж байсан
2016 онд дэлхийн зах зээлд бензиний үнэ хоёр дахин буурсан байсан юм. Үүнийг үндэслээд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Монголд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станц ажиллуулдаг, нефть импортлогч компаниудад шалгалт оруулж байсан. Шалгалтын үр дүнд нефть импортлогч компаниуд өндөр ашигтай ажиллаж байсныг тогтоосон. Яагаад өндөр ашигтай ажиллаж байсан бэ гэхээр тухайн үед дэлхийн зах зээлд бензиний үнэ хоёр дахин буурчихаад байхад нефть импортлогч компаниуд бензиний үнээ бууруулалгүй ард иргэдэд зарж байсан. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж үзээд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас бензиний үнэ буулгах уриалгыг гаргаж байлаа. Уриалгыг анхлан “Тэс Петролиум”, “Жаст ойл” компаниуд хүлээн авч үнээ буулгасан. Харин дараа нь “Магнай Трейд”, ”Шунхлай”, “Петровис”ХХК зэрэг том компаниуд дэмжиж, бензиний үнийг 1 литр тутамд 50-200 төгрөгөөр буулгаж байсан юм хэмээн тэрбээр хэллээ.
Шатахуун түгээх станцууд бензиний үнээ нэмсэн нь цэвэр картель
Бензиний үнэ буулгаснаас хойш, хоёр жилийн дараа эргээд харахад харамсалтай нь бензиний үнэ буурсан үеийнхээ өмнөх үетэйгээ яг ижил түвшинд буцаад хүрчихлээ. Шатахуун түгээх станцууд бензиний үнээ бага багаар нэмсээр байгаад АИ92 1660, АИ951900 төгрөгөөр зарагдаж байна. Энэ нь Монгол улс дахь хуулийн асуудал, шударга өрсөлдөөний асуудлууд хэт хаалттай байгаагийн тод жишээ гэж харж байна. Ялангуяа Монголд хэдхэн бензин импортлогч компани давамгай буюу монополь болчихсон байна. Харин энэ удаагийн бензиний үнэ нэмсэн асуудлыг би монополь биш цэвэр картель гэж харж байна. Картель гэдэг нь тухайн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд хоорондоо үгсэн хуйвалдаж зохиомлоор хомсдол үүсгэх,үнэ нэмэх процессыг хэлж байгаа юм. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх шатахуун түгээх станцууд бүгд нэгэн зэрэг засвар хийдэг, дотоод ажилтай байна гэж байхгүй шүү дээ. Энэ нь картель байх үндэслэлтэй гэдгийг харуулж байгаа том нотлох баримт юм.
Хамгийн бага үнийг дэвшүүлэх компанийг нээлттэй дэмжье
Бензин импортлогч компаниудыг шатахууны үнээ бууруулж, ард түмнээ бодоосой гэж уриалмаар байна. Хэрэв бензиний үнээ буулгахгүй, шатахууны нийлүүлэлтээ хангаж эхлэхгүй бол ард түмэн нийлээд аль компаниас бензин авахгүй байх вэ гэх асуудлыг бас шийдэж чадна гэдгийг хэлмээр байна. Ингэснээр ард түмэн өөрсдөө бензин импортлогч компаниудад хариуцлага тооцож байгаа юм.
Цаашид шатахууны хомсдолыг гаргахгүй байх дараах дөрвөн шийдэл байна.
- Өрсөлдөөнийг нэмэгдүүлэх замаар шатахуун импортлогч компаниудын тоог нэмье. Хэтэрхий цөөхөн компаниуд тухайн зах зээл дээр давамгай болсон байна. Эдгээр хэдэн компаниас Монголын төр, ард иргэд дэндүү хамааралтай болжээ. Шатахуун импортлох тусгай зөвшөөрлийн нөхцөлийг бууруулж энэ чиглэлээр компаниудын тоог нэмж өрсөлдөөнийг чангатгая.
- Төрийн хяналтын оролцоог нэмэгдүүлье.
- Хуулиа дагаж мөрдье
- Монголчууд бүгдээрээ аль шатахуун түгээх станцаас бензин авах, эсэхээ цахим ертөнцөд хэлэлцүүлэг өрнүүлье. Хүмүүсээс хамгийн их санал авч хэрэглэгчийг үл хүндэтгэж байгаа шатахуун түгээх станцаас бензин авахгүй байж хариуцлага тооцъё гэж уриалмаар байна.Хамгийн бага үнийг дэвшүүлээд гараад ирэх компани байвал тэр компанийг нээлттэй дэмжье гэв.
Э.Бурам