Нефть импортлогчдод хариуцлага тооцохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2018.01.23-нд нийтлэгдсэн

Нефть импортлогчдод хариуцлага тооцохыг шаардав

Нефть импортлогчдод хариуцлага тооцохыг шаардав

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос /МҮЭХ/ өнөөдөр /2018.01.23/ шатахууны үнийг нэмэх асуудлаар өөрсдийн байр суурийг илэрхийлж, Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлсэн талаар мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хуралд МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзориг, Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Т.Батцогт нар оролцлоо.

Энэ үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Шатахууны үнэ тогтворжуулах тодорхой хяналт тавих үүрэг бүхий хамтарсан зөвлөлийг 2013 оноос хойш ажилласан.

“Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл” нь 2018 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хуралдаж тухайн асуудлаар ажлын хэсэг байгуулан, ажиллуулж тодорхой зөвлөмжийг Засгийн газарт, холбогдох компаниудад хандан хүргүүлсэн. Зөвлөмжийн дагуу шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд өргөн хэрэглээний бензиний А-80, АИ-92 үнийн тогтвортой байдлыг ханган ажиллахыг тохиролцсон. Гэвч сүүлийн өдрүүдэд шатахуун түгээх станцууд зохиомол хомсдол үүсгэх, олон цагаар урт дараалал үүсгэж иргэдийн бухимдлыг төрүүлж байна.

МҮЭХ-с шатахуун түгээх цэгүүдэд ажиглалт хийсэн. Зарим газар зөвхөн картаар гэрээний үндсэн дээр үйлчилдэг хэрэглэгч нарт шатахуун борлуулж байна. Энэ чиглэлээр МҮЭХ-д гомдол санал маш их ирсэн. Бодит байдалд борлуулалтын зохиомол хомсдолыг бий болгож байна. Зарим газар бензиний оронд АИ-92 нано технологийн бензинийг өндөр үнээр худалдаалж байгаа. Бидний судалснаар шатахууны нөөцийн хувьд хомсдол үүсэх хэмжээний нөхцөл байдал үүсээгүй гэдгийг албан ёсоор холбогдох байгууллагууд хэлсэн.

Тэгэхээр МҮЭХ-ны зүгээс шатахуун импортлон борлуулдаг хэдэн компани зах зээлд шатахууны зохиомол хомсдол үүсгэж байгаа гэж үзэж байна. Ийм учраас хэрэглэгчийг хохироон хууль, хууль зөрчиж зах зээлд шатахууны зохиомол хомсдол үүсгэж буй компаниудад хариуцлага тооцож, хэрэглэгчийн эрхийг хамгаалахыг шаардаж байна” гэж мэдээллээ.


 

Д.Мөнхтөр: Үгсэн хуйвалдаж шатахууны үнийг нэмсэн

 

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан, Хэрэглэгчийн эрхийг тэргүүнд хамгаалах төвийн тэргүүн, Д.Мөнхтөр өнөөдөр /2018.01.23/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр шатахуун түгээх станцууд бензиний үнээ нэмэх болсныг  үгсэн хуйвалдаж зохиомлоор хомсдол үүсгэсэн гэж үзэж байгаа юм байна.

                   2016 онд бензиний үнийг  50-200 төгрөгөөр буулгаж байсан

2016 онд дэлхийн зах зээлд бензиний үнэ хоёр дахин буурсан байсан юм. Үүнийг үндэслээд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Монголд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станц ажиллуулдаг, нефть импортлогч компаниудад шалгалт оруулж байсан. Шалгалтын үр дүнд  нефть импортлогч компаниуд өндөр ашигтай ажиллаж байсныг тогтоосон. Яагаад өндөр ашигтай ажиллаж байсан бэ? гэхээр тухайн үед дэлхийн зах зээлд бензиний үнэ хоёр  дахин буурчихаад байхад нефть импортлогч компаниуд  бензиний үнээ бууруулалгүй ард иргэдэд зарж байсан. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж үзээд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас бензиний үнэ буулгах уриалгыг гаргаж байлаа. Уриалгыг анхлан “Тэс Петролиум”, “Жаст ойл” компаниуд хүлээн авч үнээ буулгасан. Харин  дараа  нь “Магнай Трейд”, ”Шунхлай”, “Петровис”ХХК зэрэг том компаниуд дэмжиж, бензиний үнийг 1 литр тутамд 50-200 төгрөгөөр буулгаж байсан юм хэмээн тэрбээр хэллээ. 

   Шатахуун түгээх станцууд бензиний  үнээ нэмсэн нь цэвэр картель

Бензиний үнэ буулгаснаас хойш, хоёр  жилийн дараа эргээд харахад харамсалтай нь бензиний үнэ буурсан үеийнхээ өмнөх үетэйгээ яг ижил түвшинд буцаад хүрчихлээ. Шатахуун түгээх станцууд бензиний үнээ бага багаар нэмсээр байгаад Ай 92 1660, Ай 95,1900 төгрөгөөр зарагдаж байна. Энэ нь  Монгол улс  дахь хуулийн асуудал, шударга өрсөлдөөний асуудлууд хэт хаалттай байгаагийн тод жишээ гэж харж байна. Ялангуяа монголд хэдхэн бензин импортлогч компаниуд давамгай буюу монополь болчихсон байна. Харин энэ удаагийн бензиний үнэ нэмсэн асуудлыг би  монополь биш цэвэр картель гэж харж байна. Картелв гэдэг нь тухайн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд хоорондоо үгсэн хуйвалдаж зохиомлоор хомсдол үүсгэх,үнэ нэмэх процессыг хэлж байгаа юм. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх  шатахуун түгээх станцууд бүгд нэгэн зэрэг засвар хийдэг, дотоод ажилтай байна гэж байхгүй шүү дээ. Энэ нь картель байх үндэслэлтэй гэдгийг харуулж байгаа том нотлох баримт юм.

Хамгийн бага үнийг дэвшүүлэх компанийг нээлттэй дэмжье            

 Бензин импортлогч компаниудыг шатахууны үнээ бууруулж, ард түмнээ бодоосой  гэж уриалмаар байна. Хэрэв бензиний үнээ буулгахгүй, шатахууны нийлүүлэлтээ хангаж эхлэхгүй бол ард түмэн нийлээд аль компаниас бензин авахгүй байх вэ? гэх асуудлыг бас шийдэж чадна гэдгийг хэлмээр байна. Ингэснээр ард түмэн өөрсдөө бензин импортлогч компаниудад хариуцлага тооцож байгаа юм.

 Цаашид шатахууны хомсдолыг гаргахгүй байх  дараах  дөрвөн  шийдэл байна.

 

Э.Ариун, Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж