"Дотоодын цэргийг татан буулгаад хачин болгосон"

Хуучирсан мэдээ: 2018.01.23-нд нийтлэгдсэн

"Дотоодын цэргийг татан буулгаад хачин болгосон"

"Дотоодын цэргийг татан буулгаад хачин болгосон"

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2018.01.23/ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн, 100 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн дэмжлээ.

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хуулийн төслийг танилцуулахдаа “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Нэг иргэн, нэг бүртгэл” гэсэн зорилтыг тусгасан. Энэ утгаараа уг хуулийн төслийн гол агуулга нь иргэний бүртгэлийг бүрэн цахимжуулахад оршиж байна” гэлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН О.БАТНАСАН:

-Оюуны өмч улсын бүртгэлийн газрын ажил жигдэрч байна уу. Очихоор л баахан иргэн дараалалд зогсож байдаг. Болохгүй бол УИХ-аас ажлын хэсэг гаргаад бүртгэлийн ажилтай танилцаж болно.

ОЮУНЫ ӨМЧ, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Р.СОДХҮҮ:

-Бүртгэл мэдээллийн нэгдсэн сан, техник, цахим сүлжээгээ сайжруулах байдлаар жил, дөрвөн сарын бэлтгэл хийсэн. Манай ажилчид иргэдэд боломжийн хэрээр үйлчилж байгаа. Гишүүд очиж үзнэ гэвэл татгалзах зүйл алга. Нарийндаа бол 2016 оны наймдугаар сард паспортын бэлдэц байхгүй гэдэг шалтгаанаар 45 хоног паспорт саатаж байсан. Одоо бол бид долоо хоногийн дотор паспортыг гаргаж байгаа. Дөнгөж саяхан бид АНУ-д ажиллаад ирсэн. Тэнд шинэ паспортыг зургаан долоо хоногийн хугацаанд гаргадаг юм байна лээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛ:

-Бид Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлтэй нийлүүлсэн нь нэлээд бүдүүлэг алдаа болсон. Агентлагийн тоог цөөлөх гэж байгаад энэ хоёр газрыг нийлүүлчихсэн. Гэтэл оюуны өмч, улсын бүртгэл тусдаа үйл ажиллагаатай. Одоо эртхэн салгаж аваад ном журмаар нь явуулах нь зүйтэй.

Хоёрдугаарт, иргэний бүртгэлийг цахим болгох нь сайн зүйл. Гэвч аюулгүй байдлыг хангах баталгаа хаана байна вэ. Сүүлийн үед Герман, Англи, Америк улсууд буцаад цаасан бүртгэл рүү шилжиж байна. Учир нь цахим халдлага гарвал тэр бүртгэл тэр чигээрээ байхгүй болох аюултай. Цаасан бүртгэлтэй байж баталгаа нь хангагдаж байгаа юм гэдгийг сануулмаар байна.

ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ:

-Энэ Монголын төрд зайлшгүй байх ёстой. Ном журмаараа байсан юмыг байхгүй болгодог буцаагаад сэргээдэг асуудлыг би ойлгохгүй байна. Дотоодын цэргийг татан буулгаад одоо сэргээх гэсэн чинь байр савыг нь хачин юм болгоод хаячихсан. Үүнтэй адил оюуны өмч тусдаа байсан нь дээр. Хавар би санал оруулж ирнэ. Тиймээс ямар ч тохиолдолд оюуны өмчийн бие даасан байдлыг сэргээх ёстой. 

УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАР:

-2008-2012 онд бүртгэлийг төгөлдөржүүлж боловсронгуй болгох олон ажил хийгдсэн.Тухайлбал, 2009 оны зургадугаар сарын 29-нд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг шинэчлэн баталснаар эд хөрөнгийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл, иргэний бүртгэлийн нэгдсэн тогтолцоо бий болсон юм.

Тухайн үед иргэний бүртгэлтэй холбоотой олон зөрчил үүссэн байсан. Иргэний мэдээллүүд нь зөрүүтэй, нийгмийн халамжийг давхардуулж авдаг гэх мэт олон түвэгтэй байдал үүссэнийг  шинэчилсэн бүртгэлээр засаж авч, үнэн зөв мэдээлэлтэй болгосон.  Нийтдээ 2.7 сая иргэний 15 сая баримтыг цахим болгосон. Иргэн бүр нэг хувийн хэрэгтэй болсон. Төрсний, гэрлэлтийн салалтын гээд тус, тусдаа хувийн хэрэгтэй байсныг нэг болгосон.

Иргэний мэдээллийг нягталж,  үнэн зөв болонгуут дижитал зураг болон арван хурууны хээгээр нь баталгаажуулсан. Нийтдээ 682 мянган зөрчлийг арилгаж, зөрчилгүй бүргэлтэй болгосон юм. Энэ бол бүртгэлийн том шинэчлэл байсан. Эд хөрөнгийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл дээр мөн шинэчлэл хийсэн. Хуулийн этгээдийн 1 сая, эд хөрөнгийн 30 сая бүртгэл хийгдээд дуусаж байна. Хуучин бүртгэл их хэцүү байсныг хялбаршуулсан. Бүх баримтаа цаасан архиваас хайж олдог байсан бол одоо нэг кноп дарахад л тухайн хүний бүх баримт гарч ирнэ. Ингэж үйлчилгээг хялбаршуулсан байхад одоо иргэдийг чирэгдүүлж болохгүй.

Гадаад паспортыг чиптэй болгох асуудал 2011 онд яригдсан. Тухайн үед техник, технологийн бүх шийдлийг гаргаад Сангийн яам дараа жил нь санхүүжүүлэхээр шийдсэн байсан. Гэтэл юунаас болоод өнөөдрийг хүртэл энэ ажил удаашраад байна вэ. Гадаад паспортыг цахим болгоогүйгээс иргэд гадаад оронд зорчиход бэрх болж байна. Энэ хугацаанд гадаад паспортод сунгалт хийчихсэн, түүнийг нь уншдаг аппарат дэлхийд алга. Долоон жилийн өмнө эхлүүлсэн ажил өнөөг хүртэл бүрэн утгаараа ажил хэрэг болоогүй нь харамсалтай байна.

Гадаад паспорт хийхээр Унгарын компани шалгарсан талаар мэдээлэл сонссон. Дэлхийд энэ чиглэлээр тэргүүлэх хэд, хэдэн компани бий. Чип, бэлдэц, машинаа ч үйлдвэрлэдэг. Гэтэл манайхан зөвхөн цаас үйлдвэрлэдэг компанийг сонгосон байгаа. Үүнээс болж, өнөөдрийн бэрхшээлтэй байдал бий болж байна гэж харж байна.  Сонгон шалгаруулалтыг Ц.Нямдорж сайд эргэж харах байх. Богино хугацаанд  иргэдийнхээ паспортыг чиптэй болгохгүй бол гадаадад зорчих эрх хязгаарлагдаж болзошгүй байна гэлээ. 

Үүний дараа Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Мөн л асуух асуулттай гишүүн цөөн байлаа. Ингээд хуулийн төслийг 100 хувь дэмжив.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж