Усан спортынхон 12 жилийн дараа хуралджээ

Хуучирсан мэдээ: 2018.01.23-нд нийтлэгдсэн

Усан спортынхон 12 жилийн дараа хуралджээ

Усан спортынхон 12 жилийн дараа хуралджээ

Монголын усан спорт сонирхогчдын холбооны III их хурал өнгөрөгч долоо хоногт Олимпийн хорооны байранд болж, шинэ ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдийг сонголоо. 

Токиогийн олимпийн циклд усан спортын холбоог “Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан удирдахаар болжээ. Мөн дэд ерөнхийлөгчөөр Ш.Даваахүү, Д.Баясгалан, н.Ганбаатар, н.Од нар сонгогдсон байна.

Монголын усан спорт сонирхогчдын холбооны шинэ ерөнхийлөгч П.Батсайхан “2020 оны Токиогийн олимп ойртож байгааг сануулж, удирдлага болон гишүүдийн уялдаа холбоог сайжруулж, багш дасгалжуулагч нарын ур чадварт тэргүүнд анхаарч ажиллах хэрэгтэй” гэдгийг онцлон дурджээ.

Мөн Монголын усан спорт сонирхогчдын холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Баясгалан “11 жилийн дараа хуралдсан тус хурлын үр дүнд 2020 оны Токиогийн олимпийн бэлтгэл ажил эрчимжих сайн талтай. Нийт гишүүд санал нэгтэй байж, тамирчдын бэлтгэл сургуулилт сайжирч, хуваарьт заасан уралдаанууд олноор зохион байгуулагдана гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Монголын усан спорт сонирхогчдын холбоо 1991 онд байгуулагдаж, 1995 онд Олон улсын усан сонирхогчдын холбоонд элсжээ. Тус холбооны ээлжит их хурал 2006 оноос хойш хуралдаагүй байсан бөгөөд ийнхүү шинэ оны эхэнд холбооны шинэ ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон баталсан байна.

Монголын усан спортын тамирчид хамгийн сүүлд өнгөрөгч онд ДАШТ-д оролцсон. Тодруулбал, 2017 оны долдугаар сард Унгарын Будапешт хотод болсон FINA 2017 XVII дэлхийн усан спортын аварга шалгаруулах тэмцээнд 200 гаруй орны 2400 гаруй тамирчин оролцсон. ДАШТ-ий усанд сэлэлтийн төрөлд М.Дэлгэрхүү, Б.Буянтогтох, Б.Энххүслэн, Б.Есүй нарын тамирчид оролцож, улсынхаа рекордыг шинэчлэн тогтоосон. Мөн тус тэмцээнд монгол ээжтэй Унгарын тамирчин Шөмэнэк Онон Каталин 25 км-ын алсын зайн сэлэлтийн тэмцээнд оролцож, 12-р байранд орж байсан.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж