АНУ импортын бүтээгдэхүүнд татвар ногдуулав

Хуучирсан мэдээ: 2018.01.23-нд нийтлэгдсэн

АНУ импортын бүтээгдэхүүнд татвар ногдуулав

АНУ импортын бүтээгдэхүүнд татвар ногдуулав

АНУ импортын угаалгын машин болон нарны зайн хураагуурт татвар ногдуулж эхэлжээ.

Энэ нь АНУ-ын дотоодын үйлдвэрлэгчдээ гадаадын өрсөлдөгчдөөс хамгаалах гэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын “Нэгдүгээрт АНУ” бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй эхний алхам юм. АНУ-ын энэ алхам нь Хятадын нарны зайн хураагуур үйлдвэрлэгчид болон БНСУ-ын угаалгын машин үйлдвэрлэгч компаниудад хүндээр тусах нь тодорхой байна. Трамп  ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаас импортын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэх тухай яриа гарсныг Хятад, БНСУ шүүмжилж, эсэргүүцсэн.

АНУ Транс-Номхон далайн түншлэлийн гэрээнээс гарч, Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээ байгуулах хэлэлцээг (Nafta) эхлүүлсний дүнд АНУ дээрх арга хэмжээг авчээ.

Нарны зайн хураагуурт дотоодын үйлдвэрлэгчдийн таамаглаж байснаас бага татвар ногдуулсан боловч угаалгын машин болон бусад эд ангид 50 хувь хүртэл өндөр татвар ногдуулсан байна.

БНСУ АНУ-ын импортын барааны татварыг хэт өндөр хэмээн шүүмжилж, Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргана гэж мэдэгдсэн.  БНСУ-ын цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч Samsung, LG зэрэг компаниуд АНУ-ын угаалгын машин үйлдвэрлэгч Whirlpool-ийн хүчтэй өрсөлдөгчид билээ.

Нарны зайн хураагуурын хамгийн том үйлдвэрлэгч Хятад мөн АНУ-ын дээрх шийдвэрийг олон улсын худалдааны харилцаанд олон сөрөг үр дагавар авчирна гэж үзжээ.

АНУ-ын Олон улсын худалдааны комисс гадаадын импортын хямд бараа бүтээгдэхүүн дотоодын үйлдвэрлэгчдэд хохирол учруулж байна гэж үзсэн учраас Ерөнхийлөгч Доналд Трамп импортын дээрх бүтээгдэхүүнд татвар ногдуулахыг зөвшөөрсөн байна.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж