Зүүнбаян ба говийн усан бассейн

Хуучирсан мэдээ: 2018.01.23-нд нийтлэгдсэн

Зүүнбаян ба говийн усан бассейн

Зүүнбаян ба говийн усан бассейн

Зүүнбаянгийн бассейн

Энэ зургийг хүмүүс хараад яав ч говь гэж бодохгүй биз ээ. Уртаашаа 50 м, өргөнөөрөө 25 м, гүн нь 4 м, хүүхдийн зориулалттай хэсэг нь 0.50-1,5 м, дээрээс үсрэх тавцантай, “жижигхэн” ч тохилог сайхан бүтээн байгуулалт юм. Бассейныг тойруулан мод суулган зүлэгжүүлсэн бөгөөд эргэн тойрон сандалтай, хажууд нь хүнсний жижиг мухлаг, цайны газар ч байдаг. Бассейны урд хэсэгт цементэлсэн бүжгийн талбайтай, зуны дэлгэр цагт орой бүр бүжиг явуулдаг байлаа. Хүүхдийн бассейн дотор зааны баримал бий.

Дорноговь аймгийн Зүүнбаянг хүмүүс ер нь мэднэ дээ. Тэнд 1952-1969  онд нефтийн үйлдвэр ажиллаж, анхны хүнд үйлдвэрийг дагаад баригдсан тухайн үедээ хотын статустай, дараа нь 70-аад оноос цэргийн томоохон хотхон байсан гэдгээр нь андахгүй юм билээ. Зүүнбаян дахь цэргийн ангид олон мянган залуус эр цэргийн алба хаасан. Харин усан бассейнтай гэдгийг тэнд очиж үзээгүй хүмүүс бол төдийлөн мэдэхгүй л дээ.

Энэ бассейныг нефтийн үйлдвэрт ажиллаж байсан оросууд манайхантай хамтран барьжээ. Хожим нь Сайншандад байрлаж байсан орос цэргийн ангийн офицерууд амралтын өдрөөр ирж, ёстой бахаа ханатал сэлдэг байв даа. Сайншандаас баруун урагшаа 45-65 км-т байдаг говийн гурван бүрдийг Зүүнбаян, Дундбаян, Баруунбаян гэдэг. Монголчууд эртнээс газрын нэрийг тун онож өгдөг байжээ. Эрдэнэт, Оюутолгой, Асгатын мөнгө гэдэг шиг энэ газар доор байгалийн их баялаг нефть байгааг мэдрээд л Зүүнбаян гэж нэрлэсэн бололтой. 1990 оноос эндэхийн нефтийг дахин ашиглаж эхэлснийг манайхан мэдэх биз ээ. Зүүнбаянгаас зүүн тийш 20-иод км-т  Говийн их догшин ноён хутагт Данзанравжаагийн “Хамрын хийд” байдаг.

Говийн хаана ч зундаа +40 хэмийн нар төөнөж, дөнгөж ирсэн хүмүүс хөл нүцгэн гүйхэд дороос халуун элс түлэх мэт цочирдуулах нь  эхлээд хэцүү ч аяндаа дасаж, элсэн дунд алхсаар бараг л  “бөгтөр” болцгооно. Говийн хүмүүс ер нь л хүрэн бор царайтай байдаг нь нутгийн онцлог л доо. Зүүнбаянгийн хаврын шуурга (түүнийг программ гээд нэрчихсэн) бас л чанга шүү. “Программ” гуравдугаар сараас эхэлнэ дээ. Хөтлөлцөөд явж байгаа хоёр хүн бие биеэ харах сөхөөгүй, турьхан хүмүүсийг бол бараг л хийсгэнэ шүү. “Программ” өдөр өдрөөр “хуримтлагдан” нэмэгдсээр цэргийн ангийн хашаатай хэдхэн хоногийн дотор  эн тэнцүү өндөрсөнө. Ёстой цэргийн хүчээр л “буулгана”, дахиад л далан үүсгэнэ.

Ямартаа л Зүүнбаянгийн магтуу шүлэгт:

. . . Зүүнбаян зүгээр нутаг

      Зүлэг ногоо ургадаггүй элсэн говь

. . . Дөрвөн талдаа хаалгатай Дүнзэн дэлгүүр нэгтэй

. . . Хүний аминд халтай Хүйтэн бассейн нэгтэй . . .  хэмээхэв.

Нефтийн үйлдвэр байх үеэс л тэнд ажиллаж байсан оросууд, манайхантай хамтран энэ бассейныг хийсэн бололтой. Үнэхээр манай нутгийн хаана ч байхгүй задгай бассейн л даа. Зүүнбаянгийн хүүхдүүд өдрийг зугаацаатай өнгөрүүлэх ганц сайхан боломж нь тэр, тэгээд ч  том багагүй усанд сэлдэггүй хүн гэж бараг үгүй, ёстой “загас”, “жараахай”-нууд  байв, одоо ч тийм биз ээ.

Монголд усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах анхны тэмцээн 1967 онд Зүүнбаян дахь энэ бассейнд болж, эмэгтэйчүүдээс Зояо буюу Алтантуяа, эрэгтэйчүүдээс Андрей нар улсын аваргаар шалгарч, эхний гурван байрыг Зүүнбаянгийн залуучууд эзэлж, алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан нь түүх болон тэмдэглэгджээ.

Говьд зүлэг тарьж, мод ургуулж бас усан бассейн хийж болдог жишээг эндээс харж байна. Замын-Үүд сум, түүний цаана хэдхэн км-ийн зайд сүндэрлэх ногоон хот Эрээнийг үзээгүй монголчууд цөөн. Манай улс Хятадтай 4700 гаруй км урт хилтэй, хилийн дагуу олон застав (суурин)-ууд байрладаг. Нуулгүй хэлэхэд манай талынх нь элсэнд “дарагдсан” цөөхөн байр байхад, хилийн цаадах сууринд ногоон ой харагддаг. Хоорондоо хоромхон зайтай сууринуудын ялгааг арилгаж, улмаар говийг өөрчлөх боломжийг хайцгаая хэмээн энэхүү бэсрэг тэмдэглэлээ өндөрлөв.

Сэтгүүлч Г.СУМЪЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж