Адал явдалтай учруулах оньсыг тайлах уу?

Хуучирсан мэдээ: 2018.01.23-нд нийтлэгдсэн

Адал явдалтай учруулах оньсыг тайлах уу?

Адал явдалтай учруулах оньсыг тайлах уу?

Адал явдалд дурлагч хэн бүхний өмнө шинэ орчин, мэдрэмжийг төрүүлэхүйц энтертайнмент төвийг энэ удаад онцоллоо.

“Оньс өрөө” төв нь залууст цаг хугацаа, орон зайгаар аялсан мэт сэтгэгдэл төрүүлэм ажээ. Нийт 10 өрөөний сонголтой бөгөөд өрөө бүр өөрийн гэсэн онцлогтой. Харин өрөөнүүдийг ихэвчлэн киноноос сэдэвчлэн бүтээж бодит орчин бий болгохыг зорьжээ.

Улаанбаатар их дэлгүүрийн чанх урд байрлалтай ‘Оньс’ төвөөр өчигдөр 19 цагийн орчимд орлоо. Үүдэн хэсэгт нь тус төвийн хоёр ажилтан, 20-25 насны хэсэг залуус сууж байв. Залуусын дунд “мумми” өрөө рүү урьд нь орсон, одоо “хөрөө” өрөө рүү орно. Ямар даалгавар хүлээж байгаа бол гэхчлэн нууцлаг яриа өрнөлөө. Ингээд  хэдэн хором хүлээсний эцэст залуус “мумми” нэртэй өрөөнд нэг цагийн турш оюун ухаан, авхаалж самбаа, багийн ажиллагаа шаардсан сэтгэхүйн даалгаврыг биелүүлэхээр яаравчлан орлоо.

Цааш явбал “хөрөө” буюу АНУ-ын алдарт аймшгийн киноноос сэдэвлэсэн жихүүн, хүйт даасан харанхуй өрөө угтлаа. Хаалга нээгдэхэд харанхуй зоорь угтан авав. Үнэхээр л аймшгийн кинонд дүрслэгддэг хүйтэн, айдас төрөм өрөөнд орчихсон байлаа. Шатаар доош буун “Оньс”-ын нууцыг тайлахаар харанхуйн гүнд төөрөв.

Тус төвийн ажилтнаас этгээд өрөөнүүдийн талаар тодруулахад “Хүн баригдмал орчин, давчуу цагт өөрийнхөө мөн чанар, араншинг гаргаж ирдэг юм билээ. Тийм учраас этгээд өрөөг санаачилсан. Товчхондоо дэлгэцийн нөгөө талд бус киноныхоо нэг хэсэг байгаасай гэж л зорьсон” гэсэн хариултыг өглөө.  

Оньс бол монголын зах зээл дэх цоо шинэ бизнес

“Оньс” өрөөний үүсгэн байгуулагч Б.Солонго

-Хаяг байршлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Одоогийн байдлаар 10 өрөөний сонголттой, хоёр байршилтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Манай эхний салбар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хажуу талд Монгол кибер төвийн хажууд байрладаг. Хоёрдугаар салбар маань Улаанбаатар их дэлгүүрийн чанх хойно байрладаг. Энэ салбарт нийт долоон өрөөний сонголттой юм. Мөн нэг дор 40 хүн хүлээн авах боломжтой.

-“Оньс” өрөөний давуу тал юу вэ?

-Манай төв нь Монголдоо анхдагч бөгөөд залууст цоо шинэ мэдрэмжийг төрүүлэх зорилготой. Эдгээр өрөөнд орсноор 60 минутын дотор 2-5 хүний бүрэлдэхүүнтэйгээр даалгавар биелүүлж гарч ирэх ёстой. Бүтэн цагийн хугацаанд гаднах ертөнцөөс тасраад сонгосон сэдэвтэйгээ ороод гарч ирдэг болохоор их сонирхолтой. Тийм байдлаар хүмүүс стрессээ тайлдаг болов уу гэж боддог. Манайхаар хосууд, найз нөхөд, албан байгууллагын хамт олон  их үйлчлүүлдэг.

-Ямар даалгавар биелүүлэх вэ?

-Ихэнхдээ оюун ухаан, авхаалж самбаа шавхсан даалгавар хүлээж байдаг. Өрөө бүр өөрийн онцлогтой. Жишээлбэл далайн дээрэмчин, шоронгийн өрөө илүү логик сэтгэлгээ шаардсан даалгавар биелүүлдэг байгаа. Харин Шерлок Холмсын өрөө анализ, дүн шинжилгээ шаардсан өрөө бий.

-Насны хувьд бүх насны хүн үйлчүүлэх боломжтой юу?

Насны хувьд 13-с дээш насны бүх хүмүүс үйлчлүүлэх боломжтой. Харин “хөрөө” буюу аймшгийн киноноос сэдэвлэсэн өрөөнд 16-аас дээш насныхан үйлчлүүлнэ.

-Оньс өрөөний онцлог юу вэ? Оньсоор үйлчлүүлснээр хүмүүс ямар мэдрэмжийг авах вэ?

Оньс бол монголын зах зээл дэх цоо шинэ бизнес юм. Бидний гол зорилго хүмүүс цаг заваа зүй зохистой, хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүлдэг газартай байгаасай гэж хүсэж, нээсэн. Мөн найз нөхөд хамт олонтойгоо ирж стрессээ тайлна, оюун ухаанаа уралдуулна гээд олон талын ач холбогдолтой. Товчхондоо “хайрцаглагдсан” хүмүүсийг “хайрцгаас” нь гаргах давуу талтай юм.

-Ачаалал хэр их байна вэ?

-Ачааллын хувьд нэлээн их ачаалалтай байдаг. Өдөр бүр 11-23 цаг хүртэл ажилладаг. Манайхаар үйлчлүүлэхдээ ихэнхдээ урьдчилж цагаа авна. Товлосон цагаасаа 15 минутаас дээш хугацаанд хоцрох юм бол захиалгаар автоматаар цуцлагддаг дүрэмтэй байгаа. 

‘Оньс’-ын нууцаас задлахуй

Банкны өрөө: Энэ өрөө нь шуудайтай мөнгийг хулгайлах даалгавар биелүүлнэ. Гэхдээ харанхуйд хулгай хийдэг онцлогтой бөгөөд ур чадвар, ухаан шаардсан даалгавар угтдаг аж. Хугацаа 60 минут үргэлжилнэ. 

Далайн дээрэмчний өрөө: Далайн дээрэмчний хувцсыг өмсөж багаараа эрдэнэсийн эрэлд гарна. Далайн дээрэмчин гэхээр адал явдал, эр зориг, тэнгисийн тулаан, алт эрдэнэс, амь сөрсөн аялал санаанд буудаг. Гэхдээ далайн дээрэмчин бүрт өөрийн гэсэн онцлог, хувь тавилан бий. 

Шерлок Холмсын өрөө: Шерлок Холмсын онцгой ажиглах чадвар болон нэгтгэн дүгнэх чадвараа хослуулан хэрхэн онц ноцтой хүнд хэргүүдийг илрүүлж байгаа талаар алдарт зохиолуудад гардаг. Шерлок Холмс бол дедукцийн аргыг төгс эзэмшсэн хүний жишээ. Харин та 60 минутын дотор дедукцийн аргыг ашиглаж гарах уу?

Хөрөө өрөө: Нүгэл үйлдсэн хүмүүсийг тарчлаан цээрлүүлдэг “Jigsaw” алуурчны нэр алдар, домог мэт тоосонд дарагдан үлдсэн гэж хууль хяналтын байгууллага үзэж байсан ч хэрцгий үхлийн тоглоом эргэн амилж цөөн тооны хүмүүс ар ардаасаа дугаарладаг болжээ. Харин 60 минутын хугацаанд зугтан гарах даалгавартай. 

Д.Ариунзаяа "Юнител" компанийн нягтлан

Үзэх дуртай адал явдалт киноныхоо гол дүр нь болчхоод, оньс зангилааг тайлж, муу талынхыг илчилж, бас өөрөө ч бас муу талын хүн болоод банк, музей дээрэмдээд л адал явдалтай, сонирхолтой байдаг шүү. Хамгийн сүүлд Шерлок холмсын өрөөнд орсон. Тэгэхдээ даалгавраа биелүүлж чадаагүй. Маш сонирхолтой санагдсан. Ер нь залуучуудын цагаа зүй зохистой өнгөрүүлэх газар цөөхөн байдаг. Оньс өрөөнд ороход 60 минутын хугацаа өгдөг ч маш хурдан өнгөрдөг. Яг л кино шиг санагдсан.

Э.Ариун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж