Банк охин компанитай байхыг хориглов

Хуучирсан мэдээ: 2018.01.23-нд нийтлэгдсэн

Банк охин компанитай байхыг хориглов

Банк охин компанитай байхыг хориглов

‘Ньюс агентлаг’ ‘УИХ-аар өнгөрсөн долоо хоногт баталсан Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн онцлох заалтуудыг ‘Хууль төрсний дараа’ буландаа тоймлон хүргэж байна. 

 

Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 150 гаруй зүйл заалтад өөрчлөлт оруулжээ

Банкны тухай хуульд нийт 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ

Төв банкнаас арилжааны банкуудад тавих хяналтыг сайжруулав

Хууль санаачлагчдын зүгээс Банкны тухай хуульд орсон хамгийн том өөрчлөлт бол Төв банкнаас арилжааны байкуудад тавих хяналт, шалгалтын тогтолцоог шинэ түвшинд гаргасан гэж үзэж буй. Өмнө нь Монголбанкнаас хяналт шалгалт хийхдээ банкны гүйцэтгэл дээр хяналт тавьдаг байсан бол одоо урьдчилан сэргийлэх эрсдэлд суурилсан хяналтыг бий болгожээ. Өөрөөр хэлбэл, арилжааны банк дампуурах эрсдэлд орохоос нь өмнө Төв банк арга хэмжээ авч ажиллана гэсэн үг.  Мөн хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор арилжааны банкны Төлөөлөн Удирдах зөвлөл /ТУЗ/-д өөрчлөлт орно. Банкны ТУЗ мэргэжлийн байх шаардлагыг хуулиар зохицуулсан учраас гишүүд нь энэ салбарын мэргэжлийн хүмүүс байх шаардлага тавигдаж эхлэх нь ээ. Хөрөнгө оруулагч хэрэв ТУЗ-д багтахыг хүсвэл  мэргэжлийн байх шалгуурыг хангах хэрэгтэх болох аж.

Дампуурсан банкны хохирлыг татвар төлөгчид барагдуулахгүй

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд нийт 10 гаруй арилжааны банк дампуурчээ. Банк дампуурах бүрийд хадгаламж эзэмшигчдийн хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулж ирсэн аж. Тэр бүрийд банкийг дампууруулсан буруутай этгээд хохирол төлөхөөс чөлөөлөгдөж байжээ. Харин дээрх хуульд зааснаар банк дампуурвал хохирлыг банк дампууруулсан буруутай эздээр төлүүлдэг шударга харилцаа үүсэх юм.

Арилжааны банкууд охин компанитай байж болохгүй

Банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр арилжааны банкууд охин компанитай байхыг хязгаарлалаа. Хараат болон охин компанитай холбоотой зохицуулалтыг 2010 оны Банкны тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр оруулж өгсөн байдаг.  Тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж хөрөнгийн зах зээл дээр арилжааны банкуудын ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор банк охин компанитай байж болохоор хуульчилсан ч хадгаламж эзэмшигчдэд хохирол учруулж болзошгүй эрсдлүүд гарч эхэлсэн тул ийн хязгаарлажээ.  Харин одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа охин компанийг нь шууд татан буулгах боломжгүй учраас 2018 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэлх хугацаа өгчээ.  Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд байгуулсан охин компаниа дээр заасан хугацаанд үйл ажиллагааг нь зогсоох үүрэг хүлээж буй аж. Ингэхдээ даатгалын зуучлал, санхүүгийн зөвлөгөө өгөх зэрэг мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх эрхийг нь нээлттэй хэвээр үлдээжээ.  

Зээлийн хүү бууруулах асуудлыг Банкны хуулиар зохицуулахгүй

Сүүлийн хоёр сар орчим хугацаанд зээлийн хүүг бууруулах нэг гарц нь зээлийн хүүд дээд хязгаар тогтоож өгөх тухай байв.  

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үеэр ч энэ асуудал хөндөгдсөн. Гэвч дээрх хуульд Төв банк зээлийн хүүнд хязгаар тогтоохтой холбоотой нэг ч заалт хуульд тусгагдаагүй аж. Харин Банкны тухай хуулийг дагаж өргөн мэдүүлэгдсэн Банк болон хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны хуульд  ‘Монголбанк зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож болно’ гэх заалт байсан ч хэлэлцүүлгийн шатанд энэ заалтыг хасчээ.

УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн тайлбараар бол "Хуульд төв банк зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоож болно’ гэсэн заалт тусгаж өгч болох ч энэ нь бодит үр дүн гарахад нөлөөлөхгүй. Харин ч хомсдол бий болгох эрсдэлтэй. Зээлийн хүүг төр захиргаадалтын аргаар бус эдийн засгийн зөв арга зам эрэлхийлж буулгах шаардлага бий. Тэр цагт банкны зээлийн хүү бодитой буурна" гэж үзэж байна. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж