АНУ 2019 оны дөрөвдүгээр улиралд Иерусалимд Элчин сайдын яамаа нээнэ хэмээн АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс даваа гаригт Израилийн парламентад хэлсэн үгэндээ цохон дурджээ. Иерусалимд Элчин сайдын яам нээх ажилд гурав, дөрвөн жил шаардлагатай гэж албаны хүн мэдээлсэн боловч Майк Пэнсийн мэдэгдэл АНУ шинэ Элчин сайдын яамаа нээх гэж яаравчилж буйн шинж юм.
Майкл Пэнс Израилийн парламентын гишүүдийн өмнө Иерусалим бол Израилийн нийслэл мөн хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын нэг сарын өмнө “бөмбөг тэсэлсэн” мэдэгдлийг давтжээ. Трамп дээрх мэдэгдлийн хажуугаар Тель-Авив дахь АНУ-ын Элчин сайдын яамыг Иерусалим руу нүүлгэнэ хэмээн мэдэгдэж, тус улсын засгийн газрын сүүлийн 70 гаруй жил баримталж ирсэн дипломат бодлогыг сөрсөн. Трампын гаргасан дээрх мэдэгдэл Арабын ертөнцөд шуугиан дэгдээсний адилаар Майкл Пэнсийн парламентад хэлсэн үгийн хариуд Израиль дахь Араб парламентын бүлэг эсэргүүцэл илэрхийлсэн юм. Израилийн Ерөнхий сайд Биньямин Натаньяху Трамп, Пэнсийн дэмжлэгт талархаж, АНУ-д Израиль шиг сайн нөхөр үгүй, Израильд АНУ шиг сайн холбоотон үгүй хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: CNN