АНУ-ын Төлөөлөгчдийн болон Сенатын танхим даваа гаригт Холбооны төсвийн санхүүжилтийг гурван долоо хоногоор сунгах хуулийн төслийг баталж, хаагдаад байсан засаг захиргааны үйл ажиллагаа хэвэндээ орлоо. Сенат дахь Бүгд Найрамдах намын дарга Мич Макконнелл, Ардчилсан намын дарга Чак Шумер нар хууль бус цагаачдын нийгмийн халамжийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр тохиролцоонд хүрснээр төсвийн хууль гацаанаас гарчээ. Төлөөлөгчдийн танхимын 266-159 саналаар төсвийн хуулийг дэмжсэн бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гарын үсэг зурсан байна.
Баасан гаригт АНУ-ын засаг захиргаа төсвийн санхүүжилтийг сунгах хуулийн төслийг баталж чадаагүйгээс засаг захиргааны үйл ажиллагаа хэсэгчлэн зогссон юм.
АНУ-ын засаг захиргааны үйл ажиллагаа зогссонд бүгд найрамдахчууд болон ардчилсан намын гишүүд нэг нэгнээ буруутгасан. Харин Сенатын танхим дахь хоёр гол намын лидерүүд АНУ-д хууль бусаар амьдарч буй бичиг баримтгүй цагаач иргэдэд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр тохиролцсон нь холбооны төсвийн санхүүжилтийг сунгах хуулийн төслийг гацаанаас гаргасан байна. Өчигдөр өглөө Сенатын танхимын гишүүд 80 гаруй хувийн саналаар хуулийг баталсан юм.
Барак Обамагийн засаг захиргааны үед хэрэгжүүлж эхэлсэн Deferred action for childhood arrivals (DACA) буюу Бага насандаа АНУ-д ирсэн иргэдэд зориулсан хөтөлбөрийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2017 оны есдүгээр сард цуцлах шийдвэр гаргаж, энэ асуудлыг нэг мөр болгоход Конгресст зургаан сарын хугацаа өгсөн юм. АНУ-д одоогоор (DACA) хөтөлбөрт хамрагдсан 800,000 орчим цагаач байдаг ажээ.
Эх сурвалж: CNN